"С.Зориг агсны хэргийг сонгуулийн шоу болгож, хүмүүсийн тархийг яаж угааж болох вэ гэдгийг Л.Оюун-Эрдэнэ маш муухайгаар харуулсан"
Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн С.Зориг агсны хөшөөнд өнөөдөр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр одоогоос 28 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдаж байв.
Өнөөдрийн цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагаанд АН-ын дарга О.Цогтгэрэл, генсек С.Баярцогт, Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир, Иргэний зориг ногоон намын үүсгэн байгуулагчдын төлөөлөл оролцов. Энэ үеэр хөшөөнд цэцэг өргөхөөр цугларсан хүмүүсийн заримаас уг хэргийг улс төрийн зорилгоор ашиглах болсонд ямар байр суурьтай байгааг нь сонирхлоо.
"Гэмт хэрэгт яллагдсан хүнийг гаргаж ирээд хайрлаж халамжлаад байгаа нь ямар зорилготой вэ"
АН-ын гишүүн З.Нарантуяа: Манай намынхан үеийн үед хуулийн байгууллагад итгэж, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцохгүйн тулд шаардаж ирсэн. С.Зориг агсны амь насыг хохироосон гэмт хэрэгтэн тогтоогдчихоод байхад хуулийн байгууллагын үйл ажиллагааг үгүйсгэсэн үйлдэл хийж байгаа бол улс төрийн түвшинд шаардах цаг болсон байна.
Хуульч хүний нүдээр харахад гурван шатны шүүхээр яллагдсан хүнийг ялгүй гээд сулласанд эргэлздэг. Яагаад гэвэл мөрдөн шалгах, прокурорын хяналт тавих, шүүн таслах ажиллагааны шатыг тус тусдаа институц хийдэг. Гурван шатны байгууллага хүнийг хэлмэгдүүлж ялласан гэж бодохгүй байна.
Гэмт хэрэгт яллагдсан хүнийг гаргаж ирээд хайрлаж халамжлаад байгаа нь ямар зорилготой вэ. Хуулийн байгууллагынхан нэр хүндээ хадгалахын тулд дахин шалгаж үзэх хэрэгтэй. Гурван институц ийм хэмжээнд хүртлээ үйл ажиллагаа чинь доройтойгүй юм бол энэ хэрэг дээр мэргэжлийн зүгээс хандах ёстой.
Хамгийн харамсалтай нь С.Зориг агсны үхэл сонгуулийн сэдэв болчхоод байгаа. Энэ цаг мөчөөс дахин улс төрийн зорилго болгохгүйн тулд мухарлах хэрэгтэй.
"26 жилийн дараа С.Зориг агсны хэргийн захиалагчид болон гүйцэтгэгчид илрэх юм байна гэж ард түмэн итгэж сонгуульд саналаа өгсөн"
Иргэний Зориг Ногоон Намын (ИЗНН)-ын гишүүн Ч.Базар: Сонгууль бүрийн өмнөхөн МАН, АН-ын эрх баригчид С.Зориг агсны хэргийг заавал илрүүлнэ гэсэн амлалт өгдөг. 2024 оны сонгуулийн өмнө тухайн үеийн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ С.Зориг агсны амь насыг хөнөөсөн амьд гэрчүүдийг оруулж шоу нэвтрүүлэг хийсэн. Үүнд ард түмэн итгэсэн. 26 жилийн дараа С.Зориг агсны хэргийн захиалагчид болон гүйцэтгэгчид илрэх юм байна гэж ард түмэн итгэж сонгуульд саналаа өгсөн.
Үүнээс хойш хоёр жил өнгөрөхөд энэ хэргийг талаар огт ярихгүй, ор тас мартсан байна. Харин ард түмэн мартаагүй. С.Зориг бол ардчилсан хувьсгалын удирдагч байсан учраас түүний үйл хэргийг мартаагүй.
Өнөөдөр ИЗНН-ыг үүсгэн байгуулагчид эрх баригч МАН-аас С.Зоригийн хэргийг илрүүлэх, нэвтрүүлгээ дахин гарга, ард түмний итгэл найдварыг биелүүл гэсэн шаардлага тавьж байна.
"Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ичих нүүргүйгээр С.Зориг агсны хэргийг сонгуулийн шоу болгож ашигласан"
Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир: Цаг хугацаа бүгдийг шүүж гаргах байх, хэрэг хуучирдаггүй. С.Зориг агсны гэмт хэргийг ашиг хонжоо хайх гэж нуун далдалсан хүмүүс цагийн аясад илэрнэ.
Би Л.Оюун-Эрдэнэд маш их дургүйцдэг. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ичих нүүргүйгээр С.Зориг агсны хэргийг сонгуулийн шоу болгож ашигласан.
Өрөөндөө ярилцлага өгөх үеэр хэлсэн тэр хүний үг одоог хүртэл миний чихэнд хадаастай байна. "С.Зориг агсныг би энгийн хүн байсан гэж боддоггүй, хувийн зохион байгуулалтгүй хүн байсан гэж хүмүүс ярьдаг. Гэтэл үйл хэрэг нь тийм биш байсан" гэж ярьсан. Л.Оюун-Эрдэнэ одоо хаана байна, түүнээс хойш юу хийв.
С.Зориг агсны хэргийг нэг удаагийн сонгуулийн шоу болгож ашиглахдаа хүмүүсийн уураг тархийг яаж угааж болох вэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маш муухайгаар харуулсан. Мөн ардчиллын зүтгэлтнүүд, үйл хэргийн гэрч байсан хүмүүс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гар хөл болоод явж байсанд харамсдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
