ФОТО: "Гурван шатны шүүхээс С.Зориг агсны хэрэгт гэм буруутай гэж үзсэн этгээдэд төрөөс орон сууц өгч байгаа нь харамсалтай"
Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн С.Зориг одоогоос 28 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдаж байв.
Түүний дурсгалд зориулж Төв шуудангийн урд талд босгосон хөшөөнд өнөөдөр АН-ын гишүүд, Иргэний зориг ногоон намын үүсгэн байгуулагчид болон иргэдийн төлөөлөл цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Өнөөдрийн цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагаанд АН-ын дарга О.Цогтгэрэл, генсек С.Баярцогт, Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир, Иргэний зориг ногоон намын үүсгэн байгуулагчдын төлөөлөл оролцов.
Цэцэг өргөснийхөө дараа АН-ын дарга О.Цогтгэрэл "С.Зориг агсны хэрэг гарснаас хойш 28 жил өнгөрсөн гэдэг бага хугацаа биш. Энэ хүний асуудал зөвхөн улс төрийн ашиг хонжоо хайдаг, улс төрчид биесээ буруутгадаг арга хэрэгсэл төдий болж хувирсан нь харамсалтай.
АН-ын зүгээс энэ хэргийг нээлттэй болгох, шаардлагатай бол УИХ-ын сонсгол зохион байгуулах асуудлыг судлахаар ажлын хэсэг гарсан. Мөрдөн байцаалтын нууц гэх мэт хууль зүйн асуудал бий. Гэхдээ 28 жил өнгөрсөн учраас энэ хэргийг нээлттэй ярих ёстой" гэв.
Мөн сэтгүүлч түүнээс "Уг хэрэгт холбогдсон Т.Чимэгээд хоёр ч удаа төрөөс орон сууц өгсөн асуудал яригдаж байна. Гэтэл энэ хүнийг гурван шатны шүүхээс гэмт буруутай гэж дүгнэсэн" хэмээн асуув.
Асуултын хариуд АН-ын дарга О.Цогтгэрэл "Гурван шатны шүүхээс буруутай гэж үзсэн этгээдэд төрөөс орон сууц өгч байгаа нь харамсалтай санагдсан. Гэхдээ хуулийн процессыг шууд буруутгах нь зохистой эсэхийг мэдэхгүй байна. Гурван шатны шүүх буруутай гэж үзсэн нь ор үндэстэй зүйл" гэв.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
