10-р сард ихэнх нутгаар дулаан байх ч температурын хэлбэлзэл өндөр, салхи шуурга ихтэй байна

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

10-р сарын дунджаар ихэнх нутгаар дулаан байгаа хэдий ч гэнэтийн хүйтрэл ажиглагдах зэрэг температурын хэлбэлзэл өндөр, салхи шуурга ихтэй байх магадлалтайг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Иймд малчид дулаан өдрүүдийг ашиглан хадлан тэжээл бэлтгэж, малын хашаа хороо болон өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах, тариаланчид ургац хураалтын ажлыг шуурхай хийж дуусгах, хураасан үр тариа, төмс хүнсний ногоог хайрагдахаас хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.

Түүнчлэн нойтон цас орох үед зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх зэрэг эрсдэлийг тооцоолж, хол замд гарахын өмнө цаг агаарын богино хугацааны урьдчилсан мэдээг авч ашиглахыг анхааруулж байна. 

10-р сарын ОЖД ямар байдаг вэ? 

Аравдугаар сарын агаарын температурын ОЖД нь: 

  • Баян–Өлгий, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Увс, Ховдын зарим газар, Завхан, Төв, Сэлэнгийн зүүн, Говь–Алтайн зүүн хойд, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн хойд хэсгээр 0…-8°C,
  • Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр +6...+10°C,
  • бусад нутгаар 0...+6°C байдаг байна. 

Сарын нийлбэр хур тунадас:

  • Хэнтийн уулархаг нутгаар 12–18 мм,
  • Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн бүс нутгаар 0–6 мм,
  • бусад нутгаар 6–12 мм ордог байна.
зураг
 

2026 оны 10-р сарын урьдчилсан төлөв 

Агаарын температур: 

  • Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан байна.  Сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ОЖД–аас сэрүүн байх төлөвтэй байна.
  • Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар дунджийн орчим байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ОЖД–аас дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ОЖД–аас сэрүүн байх төлөвтэй байна. 
  • Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх, Дорнодын хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна.   Сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байна. Харин нэг болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас сэрүүн байх төлөвтэй. 
  • Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунжийн орчим байна.  Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сарын сүүлчээр ОЖД–аас сэрүүн байх төлөвтэй байна. 

2026 оны 10–р сарын агаарын дундаж температурын урьдчилсан төлөв, С0 [Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ийн орчим]

зураг
 

Хур тунадас: 

  • Баруун аймгуудын нутгаар. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэн байх төлөвтэй байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, салхи ширүүсэж болзошгүй байна.
  • Төвийн аймгуудын нутгаар. Хур тунадас Булган, Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн зүүн, Төв аймгийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Мөн нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд хур тунадас, уулаараа нойтон цас орж, салхи ширүүсэж болзошгүй байна.
  • Зүүн аймгуудын нутгаар. Хур тунадас Хэнтий, Дорнодын хойд, Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Мөн нэгдүгээр арав сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн, дунд үеүдэд хур тунадас орж, салхи ширүүсэж болзошгүй байна.
  • Говийн аймгуудын нутгаар. Хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас бага, Дорноговийн зүүн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи ширүүсэж, зарим газраар шороон шуурга шуурч болзошгүй байна.

2026 оны 10–р сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан төлөв, мм [Б–хур тунадас ОЖД–аас бага, Н–хур тунадас ОЖД–ийн орчим, И–хур тунадас ОЖД–аас ахиу]

 

зураг