Flydubai компанийн онгоцны хоёрдугаар нисгэгч ахмад руугаа сүх барин дайрсныг тогтоосноо АНЭУ-ын прокурор мэдээллээ

Т.Давааням, ikon.mn
42 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Онгоцыг сүйрлээс аврахад гол үүрэгтэй оролцсон зорчигч Янив Хаюн

Өнгөрсөн Лхагва гарагт Дубай хотоос Тель-Авив хотын чиглэлд нисэж байсан 170 гаруй зорчигчтой Flydubai компанийн онгоцонд террорист халдлага гарах шахсан билээ.

Хоёрдугаар нисгэгч ахмад руугаа дайрч, онгоцыг сүйрүүлэхийг оролдсон ч нислэгийн багийнхан болон зорчигчдын хамтын ажиллагааны үр дүнд уг халдлагыг таслан зогсоож чадсан юм.

Эхэндээ хоёрдугаар нисгэгч хөлгийн ахмад руу хутгаар зэвсэглэн дайрсан гэж мэдээлж байсан бол хэргийг шалгаж байгаа Арабын Нэгдсэн Эмират Улсын (АНЭУ) прокурорууд түүнийг сүхээр зэвсэглэсэн байсныг Бямба гарагт мэдээлжээ.

Уг сүх нь чухал шаардлагатай үед ашиглах зориулалтаар нисгэгчдийн бүхээгт хадгалагддаг юм байна.

Хөлгийн ахмад Смит Маччхар гэмтэл авч, шалан дээр хэвтэж байхдаа эцсийн хүчээ шавхан нисгэгчийн бүхээгийн хаалгыг дотроос нь нээж чаджээ.

Ингэснээр нислэгийн багийн бусад гишүүд болон зорчигчид бүхээгт нэвтрэн сүйрлээс сэргийлж чадсан байна. Халдлагын үеэр өндрөө огцом алдсан онгоцны удирдлагыг тэд хяналтдаа авснаар Саудын Арабын нэг хотын нисэх буудалд аюулгүй газардсан юм.

Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху халдлага үйлдсэн хоёрдугаар нисгэгч Оман улсын иргэн байсныг мэдээлжээ.

Тэрбээр өмнө нь Oman Air компанид ажиллаж байхдаа исламын хэт үзэлтнүүдийн нөлөөнд автсан тул ажлаасаа халагдаж байсныг АНУ-ын хэвлэлүүд олж мэдээлсэн байна.

“Тэрбээр амиа хорлох сэдэл өвөрлөж байсан нь тодорхой байна. Онгоцыг унагахыг завдсан байх магадлал маш өндөр” гэж Нетаньяху халдлага үйлдэгчийн талаар ярьжээ.

Хэргийн нөхцөл байдал, сэдэл болон бусад сэжүүрийг илрүүлэх ажил үргэлжилж байгааг АНЭУ-ын ерөнхий прокурор Хамад Саиф аль Шамси хэлсэн байна.

Халдлагад өртсөн хөлгийн ахмад Маччхар одоо Абу Даби хотын эмнэлэгт эмчлүүлж, биеийн байдал нь тогтворжиж байгааг АНЭУ дахь Энэтхэгийн элчин сайдын яам мэдээлжээ.

Энэтхэг гаралтай ахмад олон хүний амийг аварсан баатар хэмээн өргөмжлөгдөж байгаа.

зураг
 
Хөлгийн ахмад Смит Маччхар

Нисгэгчдийн бүхээг дотор чимээ шуугиан гарч байгааг зорчигчдын нэг болох Израилийн иргэн эмэгтэй Тали Манес анх мэдэж, онгоцон дотор түгшүүр зарлажээ.

Үүний дараа түүний нөхөр Звика болон бусад гурван эрэгтэй зорчигчид болох Янив Хаюн, Шота Мусаев, Асаф Ражуан нар ахмадын нээж өгсөн хаалгаар бүхээгт нэвтэрснийг Израилийн ерөнхийлөгч Исаак Херцог мэдээлсэн байна.

Энэ үеэр хоёрдугаар нисгэгч онгоцыг ажиллагаагүй болгохын тулд удирдлагын хэрэгслүүдийг эвдэхийг оролдож байжээ.

Бүхээгт нэвтэрсэн Хаюн халдлага үйлдэгчийн хоолойг боож, бусад зорчигчид дарж тогтооход тусалсан байна.

Халдлага үйлдэгчийг бүхээгээс гаргасны дараа Хаюн болон ахмад нар онгоцны удирдлагыг авч, нислэгийн өндрийг тогтворжуулж чаджээ.

Лхагва гарагт CNN сувагт өгсөн ярилцлагадаа Израилийн ерөнхий сайд Нетаньяху хөлгийн ахмад, зорчигчид, нислэгийн багийн гишүүдийг “есдүгээр сарын 11-ний халдлага шиг үйл явдлаас сэргийлж чадсан” хэмээн магтсан юм.

 

Эх сурвалж: BBC