Хормой доороос зураг авахыг зогсоохын тулд Октоберфест наадамд оролцогч эмэгтэйчүүдэд богино өмд тараадаг болжээ
Германы Мюнхен хотод үргэлжилж буй Октоберфест наадмын нэгэн алдартай тоглоомыг хариуцан ажиллуулдаг хүмүүс эмэгтэйчүүдэд дугуйчны богино өмд үнэгүй тараадаг болжээ.
Үүний шалтгаан нь тус тоглоом дээр тоглож буй эмэгтэйчүүдийн дэрвэсэн хормой доороос нууцаар зураг авах явдал эрс нэмэгдсэнтэй холбоотой гэнэ.
“Teufelsrad” буюу “Чөтгөрийн Хүрд” нэртэй энэ тоглоом дээр тоглож буй эмэгтэйчүүдийн зураг, дүрс бичлэг цахим орчинд тарсныг сая сая хүн үзжээ.
Ингэж нийтэлсэн бичлэгээсээ зарим хүн хэдэн мянган еврогийн ашиг олсон мэдээ ч ирж байна.
16 хоног үргэлжилж, энэ амралтын өдрүүдэд өндөрлөж буй Октоберфест наадмын хамгийн хуучны тоглоомуудын нэг “Чөтгөрийн хүрд” юм. Энэ тоглоом нь хурдтай эргэлддэг дугуй тавцан бөгөөд дээр нь суусан хүмүүсийг унах хүртэл эргэдэг бөгөөд энэ үеэр эмэгтэйчүүдийн хормой сөхөгдөх үзэгдэл түгээмэл гардаг.
Герман улсад эмэгтэйчүүдийн хормой доороос зураг авах үйлдэл хуулиар хориотой, зөрчвөл хоёр жил хүртэл хугацаагаар хорих шийтгэлтэй байдаг юм.
Энэ жилийн Октоберфест наадмын үеэр “Чөтгөрийн хүрд” тоглоом дээр тоглож байгаа охид, бүсгүйчүүдийн хормой доороос авсан 32,00 гаруй зураг, бичлэг сошиал орчинд тарсныг Мюнхен хотын Süddeutsche Zeitung сонин мэдээлжээ.
“Чөтгөрийн хүрд” тоглоомыг ажиллуулдаг Элизабет Полачи хэмээх эмэгтэй сүүлийн гурван жилийн наадам дээр охид, бүсгүйчүүдийг нууц камерын халдлагаас хамгаалахын тулд дугуйчны богино өмд үнэгүй тарааж байгаагаа хэвлэлд ярьсан байна.
Энэ жил 100 гаруй богино өмд тараасан тэрбээр “Хүмүүсийг аюулгүй, тайван зугаацуулахын тулд чадах бүхнээ хийхийг хүсэж байна” гэж ярьжээ.
Октоберфест наадмын шар айраг зөөгчид бас энэ жилээс эхлэн уламжлалт банзал дотуураа богино өмд өмсдөг болсныг эдүгээ 80 настай Полачи хэлсэн байна.
Бавари мужийн цагдаагийн газар 2025 оны наадмаас хойш хормой доороос зураг авахыг хориглосныг анхааруулах зурагт хуудсыг Октоберфест наадмын үеэр тараадаг болжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
