Криста Пайкийн цаазын ажиллагаа бүтэлгүйтсэний дараа Теннеси мужийн шоронгийн дарга огцрохоор болов
Теннесси мужийн шоронгийн тогтолцооны тэргүүн албан тушаалаасаа огцрох гэж буйг тус мужийн захирагч Билл Ли өчигдөр буюу Бямба гарагт зарлажээ.
Энэ нь ялтан Криста Пайкийг цаазаар авах ажиллагаа бүтэлгүйтсэний дараа болж буй боловсон хүчний томоохон өөрчлөлт юм.
Засан хүмүүжүүлэх газруудын хэрэг эрлэх газрын дарга Фрэнк Страда энэ сард албан тушаалаасаа буухаар болсныг Ли мэдэгдсэн байна. Захирагчийн намын нөхөд болох Бүгд Найрамдахчууд болон мужийн бусад сонгуульт албан тушаалтнууд түүнийг солихыг уриалж байсан юм.
Энэ нь тавдугаар сараас хойш Теннесси мужид цаазаар авах ял гүйцэтгэж чадаагүй хоёр дахь тохиолдол болсон байна.
Лхагва гарагт шоронгийн захиргаа үхлийн тунтай тарилгыг Пайкт хоёр удаа хийсэн ч тэр амьд үлдсэн юм. Одоо хараат бус хяналтын байгууллага болсон үйл явдлын мөрөөр шалгаж байгаа. Шалгалтын дүгнэлтээс үл хамааран албан тушаалаасаа огцрох нь ”Теннесси мужийн иргэдийн эрх ашигт нийцнэ" гэж үзэж байгаагаа Страда мэдэгджээ.
Одоо 50 настай Пайк 1995 онд буюу 18 настай байхдаа найз залуутайгаа хамт ангийнхаа сурагч Коллин Слеммерийг хардалт, атаархлын улмаас тамлан зовоож, амийг нь хөнөөж байсан юм. Тэрээр тухайн үедээ цаазаар авах ял сонссон хамгийн залуу эмэгтэйчүүдийн нэг болж байв.
Лхагва гарагийн орой Пайкийг шоронгоос эмнэлэгт хүргэсэн бөгөөд цаазаар авах оролдлогоос хойш хэдэн цагийн турш ухаангүй, амьсгалын аппаратад холбоотой байсныг түүний өмгөөлөгчид Баасан гарагт мэдээлсэн юм.
Эмнэлгийн ажилтнууд одоо Пайкийн амийг аврахаар ажиллаж байгаа юм байна. Пүрэв гарагийн оройн байдлаар тус мужид цаазаар авах ялд ашигладаг пентобарбитал хэмээх эмийн хоёр тунг Пайкийн биеэс гадагшлуулахаар эмч нар ажиллаж байгааг өмгөөлөгчдийн мэдэгдэлд дурдсан байв.
Энэхүү цочирдмоор үйл явдлын дараа захирагч Ли шалгалт оруулах даалгавар өгч, цаазаар авах бүх үйл ажиллагааг түр зогсоосон байна. Харин Страда болон шоронгийн бусад удирдлагууд мужаас "тогтоосон журмын дагуу үүргээ гүйцэтгэсэн" гэж мэдэгдээд байгаа.
Пайкийн өмгөөлөгчдийн баг Страдагийн огцрох шийдвэрийг талархан хүлээж авч байгаагаа илэрхийлээд “мужийн захирагчийн санаачилсан хараат бус шалгалт нь Теннесси мужийн цаазаар авах ялын тогтолцоонд буй ноцтой асуудлуудыг илрүүлнэ гэж бид найдаж байна” гэж мэдэгджээ.
Тавдугаар сард Теннесси муж Тони Каррутерс хэмээх ялтныг цаазлах гээд бас бүтэлгүйтсэн тул ажиллагааг хойшлуулсан юм.
Шоронгийн ажилтнууд түүний баруун гарын судсанд тарилга шахах хоолойг байрлуулж чадаагүй нь ийм саатал гарахад нөлөөлсөн гэдэг. Үүний дараа мужийн захирагч энэхүү цааз гүйцэтгэлийг нэг жилээр хойшлуулахыг албаныханд үүрэг болгожээ.
Аризона мужийн шоронгийн газрын дэд даргаар ажиллаж байсан Страда 2023 оны нэгдүгээр сард Теннесси мужийн шоронгийн газрын удирдлагыг хүлээн авсан юм байна. 2024 оны сүүлчээр тэр Теннесси муж үхлийн тарилга хийх журмаа өөрчилж, зөвхөн пентобарбитал ашиглахаар болсныг зарлаж байжээ.
Шоронгийн газрын мэдээлснээр 2025 оноос хойш Теннесси мужид дөрвөн хүнийг цаазаар авсан байна.
Страдаг ажиллаж байх үед Аризона муж 2014 онд хоёр цаг орчим үргэлжилсэн цаазаар авах ажиллагаатай холбоотой шүүмжлэл болон зарим төрлийн эмийг олж авахад тулгарсан бэрхшээлээс үүдэн бараг найман жил завсарласны эцэст 2022 онд цаазаар авах ажиллагааг дахин сэргээж байжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
