Трампын шахалтын улмаас Их Долоогийн гишүүн орнууд стратегийн нөөцөөсөө 100 сая баррель дизель түлш гаргахаар болов
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шахалтаар Их Долоогийн бүлгийн гишүүн орнууд стратегийн нөөцөөсөө 100 сая баррель дизель түлш болон түүхий газрын тос зах зээлд гаргахаар тохиролцсоноо Баасан гарагт зарлажээ.
АНУ өмнө нь Европын Холбооноос ингэхийг шаардаж байсан бөгөөд хэрэв арга хэмжээ авахгүй бол АНУ дизель түлшний экспортоо зогсоож болзошгүйг анхааруулж байв.
Хэрвээ Трампын засаг захиргаа ийм хориг тогтоосон бол АНУ-ын дизель түлшнээс улам бүр хамааралтай болсон Европын нийлүүлэлт эрс буурч, эдийн засагт нь хүндрэл учруулж болзошгүй байсан юм.
Трамп арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулийн өмнө огцом өсөж буй түлш шатахууны үнийг бууруулахыг зорьж байгаа.
Трамп өчигдөр Алабама муж руу явахаасаа өмнө Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө АНУ өөрийн дизель түлшний экспортыг хориглохгүйг мэдэгджээ. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд ийм хориг тавих асуудлыг хэлэлцэж, уг санааг дэмжиж буйгаа хэд хэдэн удаа илэрхийлж байсан ч бодитой хэрэгжүүлэх түвшинд хараахан хүрээгүйг тэр баталсан байна.
"Европт дизель түлшний их нөөц байгаа бөгөөд тэд дэлхийн хэмжээнд томоохон хувь нэмэр оруулах болно, бид ч мөн адил. Бид экспортын хориг тавихгүй. Бид хийх ёстой зүйлээ л хийнэ" гэж Трамп хэлжээ.
Ираны дайнаас үүдэлтэй хямралын улмаас гуравдугаар сард Олон улсын Эрчим Хүчний Агентлаг (IEA)-ийн зохицуулалттайгаар түүхэнд хамгийн их хэмжээний буюу 400 сая баррель нөөцийг зах зээлд гаргаж байсан билээ.
"Өмнө нь хүлээсэн үүргээ биелүүлснийг харгалзан үзээд бид IEA-гаар дамжуулан 100 сая баррель нөөцийг зохицуулалттайгаар зах зээлд гаргах замаар шинэ үүргээ биелүүлэх болно" гэж Их Долоогийн хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ.
Нөөц гаргах ажиллагаа нэн даруй эхэлж, дөрвөн сарын турш үргэлжлэх бөгөөд Их Долоогийн гишүүн орнууд болон түүний түншүүд 20 хоногийн дотор их хэмжээний дизель түлшийг зах зээлд нийлүүлэх юм байна.
"Европчууд их хэмжээгээр нөөцөлсөн дизель түлшээ зах зээлд гаргахаар саяхан тохиролцлоо. Энэ үйл явц нэн даруй эхэлнэ" гэж Трамп сошиал хуудсандаа бичжээ.
Reuters/Ipsos-ын санал асуулгаар Трампын олон нийтийн дэмжлэгийн түвшин 32 хувь буюу түүхэн доод түвшиндээ хүрээд байгаа нь түлш шатахууны үнэ өсөж, амьжиргааны өртөг нэмэгдсэнээс болсон.
Есдүгээр сарын 17-20-ны хооронд явуулсан уг санал асуулгаар америкчуудын дөнгөж 17 хувь нь Трампын амьжиргааны өртгийн асуудлыг шийдвэрлэж буй байдлыг дэмжиж байгаа нь харагдсан байна.
АНУ-д дизель түлшний үнэ түүхэн дээд түвшинд хүрээд байгаа асуудлыг шийдвэрлэх зорилготой ерөнхийлөгчийн захирамжийг Цагаан ордон боловсруулж байгаа, үүнийг ирэх долоо хоногт танилцуулж магадгүйг уг асуудалд ойр ажилладаг хүмүүс мэдээлжээ.
Ираны дайн Персийн булангийн олборлогчдын нийлүүлэлтийг тасалдуулсны улмаас Европын орнууд энэ жил АНУ-аас авах дизель түлшний хэмжээгээ эрс нэмэгдүүлээд байсан юм.
Стратегийн нөөцөөс түлш гаргах тухай яриа өрнөж буй тухай мэдээлэл тарсны дараа АНУ-ын дизель түлшний фьючерс хэлцлийн үнэ 3.25 хувиар буурч, нэг галлон нь $4.49 болжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
