Stray Kids хамтлаг Грэммийн шагналыг бойкотлох BTS-ийн хөдөлгөөнд нэгдлээ
Дэлхийн хамгийн алдартай K-pop хамтлагуудын нэг болох Stray Kids нь BTS хамтлагийн нэгэн адил 2027 оны Грэммийн шагнал гардуулах ёслолд оролцохоос татгалзаж буйгаа мэдэгдлээ.
Энэхүү шийдвэр нь энэ оны эхээр Азийн поп хөгжимд зориулсан шинэ шагналын төрөл нэмж оруулсантай холбоотой бөгөөд шүүмжлэгчид үүнийг K-pop, J-pop зэрэг урсгалуудыг тусгаарлаж, хязгаарлагдмал хүрээнд өрсөлдүүлэх зорилготой гэж үзэж байгаа.
BTS хамтлаг өнгөрсөн долдугаар сард Грэммийн шагналын ямар ч төрөлд дуугаа нэр дэвшүүлэхгүй гэдгээ зарлаж, хөгжмийг "бүс нутаг, хэлээрээ ангилагдах бус, харин өөрийн мөн чанараараа сонсогдож, хайрлагдаасай" гэж хүсэж буйгаа илэрхийлж байв.
Тэгвэл АНУ-ын зах зээлд ес дэх удаагаа шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлээд буй Stray Kids хамтлаг мөн адил шийдвэр гаргалаа. Тэдний харьяалагддаг JYP агентлаг товч мэдэгдэлдээ "Грэммийн шагналд Stray Kids бүтээлээ нэр дэвшүүлэхгүй" гэжээ.
Тус хамтлаг өмнө нь уг шагналын талаарх асуултуудад тодорхой хариу өгөхөөс зайлсхийж байсан юм.
Наймдугаар сард болсон "This and That" цомгийнхоо хэвлэлийн хурлын үеэр дуучин Хван Хёнжин: "Бид шагнал авах эсвэл амжилт гаргахыг хэзээ ч зорилгоо болгож байгаагүй" гэж хэлж байв.
Тэрээр цааш нь "Бидний хувьд хамгийн чухал зүйл бол шүтэн бишрэгчид маань аз жаргалтай, сэтгэл хангалуун байх явдал юм" гэж мэдэгдэж байжээ.
Энэхүү мэдээ нь Грэммийн шагналыг зохион байгуулдаг "Recording Academy"-ийн хувьд томоохон цохилт болж байна.
Stray Kids нь АНУ-д асар их нэр хүндтэй бөгөөд саяхан Нью-Йорк хотод болсон "Governor's Ball" хөгжмийн наадамд Lorde, A$AP Rocky нартай хамт гол уран бүтээлчээр оролцсон билээ.
Цомгийн жагсаалтын хувьд тэднээс илүү олон удаа нэгдүгээрт бичигдсэн цомогтой цорын ганц хамтлаг бол Битлз юм.
Энэ оны эхээр тус хамтлагийн найман гишүүн бүгд уг шагналын санал өгөх эрхтэй хүмүүс болсон нь тэдний оролцохоос татгалзсан шийдвэрийг улам бүр чухал ач холбогдолтой болгож байна. BTS хамтлагийнхан ч мөн тус академийн санал өгөх эрхтэй гишүүд юм.
Энэ оны Грэммийн шагналд нэр дэвшигчдийг арванхоёрдугаар сарын 10-ны өдөр зарлана.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
