Уншиж байна ...

Унтаж байсан "арслан сэрлээ"

Редакцын бус нийтлэл
2 цаг 29 минутын өмнө
Редакцын бус нийтлэл
Зураг зураг

“Дэлхийн II дайн” ба түүний дараах түүхийг хөндье. Бүх дэлхийн түүх юм даа. Оросын верси Путиний өнгөн дээр үзэл сурталжаад алга болсон. Энэ түүхийг Горбачев, Ельцин нар зөвшөөрдөг байсан юм билээ. Баруунд бол яг л байгаагаар нь бичдэг. Барууны эх сурвалжаас авч би тайлбарласан ухаантай.

Энэ дайнд ялалт байгуулж Зүүн Европыг нь эзлээд авчихсандаа эрдсэн Сталин дайны утаа гүйцэд сарниагүй байхад дараагийн дайнд бэлтгэж эхэлжээ. Түүний дараагийн бай нь мэдээж дайнд туйлдсан Баруун Европ. Зөөлөн хоол. Бас амттай. Сталин дараагийн дайнд бэлтгэж буйг Британийн болон Америкийн тагнуулын тусгай албадын мэдээлэл нотолж байлаа. Аюул бодитой болж буйг ухаарсан Их Британийн Ерөнхий сайд асан Чөрчэлл 1946 онд европчууд, америкчууд болон дэлхий нийтэд хандан анхааруулжээ. Америкийн Фултон хотод цуурайтуулжээ. Ийнхүү Баруун Европ болон барууны соёлт ертөнц Зөвлөлт Холбоот Улсын (өнөөгийн Орос залгамжлагч нь) аюул заналаас батлан хамгаалах зорилготой “Төмөр хөшиг” татахаас аргагүй болжээ.

Та нар учрах энэ аюул бодитой шүү гэдгийг нотлон 1949 онд Зөвлөлт Холбоот Улс цөмийн зэвсэгтэй болсноо зарлалаа. Сталин улам зориг зүрхтэй болов. Өөрийнхөө өргөн уудам газар нутаг дээр нэмээд Зүүн Европыг эзлээд авсан түүнд Баруун Европыг дайлах нь сэтгэлд багтаж байсан байх. Жуковын командалсан Зүүн Герман дахь Зөвлөлтийн ялгуусан баатарлаг Улаан Арми ганц ухасхийхэд л Атлантын далайн эрэг хүрнэ. Баруун Европ руу цүлхийж орсон Эрфуртээс Английн хоолой (English Channel) 500 км ч хүрэхгүй (манайхаар бол УБ-аас Сайншанд), их холдоо Францын Нант (Nantes) хүртэл ердөө 1,000 км. (Энэ нь манайхаар бол УБ-аас Алтай орохын дайтай газрууд юм).

1949 онд Зөвлөлт атомын зэвсэгтэй болсонд бодит аюулыг мэдэрсэн АНУ, Канад, Их Британи, Франц, Итали, Бельги, Нидерланд, Люксембург, Норвеги, Дани, Исланд, Португал зэрэг 12 улс санаа нэгдэн НАТО хэмээх батлан хамгаалах зорилготой цэргийн эвслийг мөн ондоо байгуулжээ.

зураг
 

Дэлхийн II дайны дараа Зөвлөлт Холбоот Улсад “Дотоодын дайн” болсныг манайхан эрхбиш мэдэх байлгүй дээ. Дайнаас эргэж ирсэн, цэргийн албанаас халагдсан сая сая эрчүүд орох оронгүй, оочих аягагүй гудамжинд хаягдав. Эх орныхоо төлөө амь хайргүй тулалдсан тэднийг хөсөр хаясанд гомдож хорссон тэд хаа сайгүй дээрэм тонуулж хийж эхэлжээ. Дайныг туулаад хатуужсан тэд мөс шиг хүйтэн сэтгэлтэй. Аймаар зэрлэг. Шууд буудаад, хутгалаад, дэлбэлээд л явчихна. Угаасаа ч төрөлхийн харгис “шулуухан” орос характер ч буй. Энэ тухай оросын кино мастерууд “Ленинград-46”, “Художник”, “Ликвидация” зэрэг олон кино хийснийг манайхан үзсэн, үзэж ч байгаа байх. Эх орны цэрэг байгаад дээрэмчин, алуурчин болсон тэднийг алахыг нь алж, үлдсэнийг нь дайны дараах сэргээн босголтын үнэгүй ажиллах хүч болгон ашиглажээ. Ийнхүү 1950-иад оны дунд үе хүртэл үргэлжилсэн “Дотоодын дайн” нь өндөрлөж Зөвлөлтийн удирдагчид гадагшаа хийх дайнаа анхаарах сөхөөтэй болжээ.

Энэ хооронд Сталин үхэж Маленков, Хрущев нар засгийн эрхэд гарчээ. Гэвч Баруун Европыг эзлэх бодлого нь хэвээрээ. Тэд дотоодын асуудлаа цэгцлэхийн зэрэгцээ Зүүн Европын орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон нэлээн будилаан хутгаж байж Польшид Ю.Циранкевич, Унгарт М.Ракош, Чехословакт К.Готвальд, Зүүн Германд В.Ульбрихт, Болгарт Т.Живков, Румынд Георгиу Деж, Албанид Э.Хожа зэрэг өөрийн талын үнэнч коммунистуудыг Засгийн эрхэд гаргаж “баттай араа”-нд нь хийв. Ингээд 1955 онд “Варшавын Гэрээ” нэртэй коммунист блокийн Албани, Болгар, Зүүн Герман, Чехословак, Зөвлөлт Холбоот Улс, Польш, Румын, Унгар зэрэг 8 улсуудаас бүрдсэн цэрэг-улс төрийн эвсэл байгуулав.

Тэр үед НАТО аль ч талаараа Варшавын Гэрээнээс дутуу, хүч муутай байсан ба жишээ нь Люксембург, Исланд гээд цэрэг арми байтугай бараг цагдаа ч байхгүй жижиг улсыг империализмын аюул гэж үзэхэд инээдтэй байв.

Энэ үеэс Америкийн тал Баруун Европыг “Улаан тахал”-ын аюулаас хамгаалах нь өөрийн ариун үүрэг гэж үзээд үүнд маш их хүч, мөнгө хаяжээ. Гэтэл яасан? Байгалийн хуулийн дагуу “эрхэлж гүйцсэн” Баруун Европ тэдэнд найдаад “унтаад” өгчээ. Цэрэг зэвсэг, батлах хамгаалах салбартаа шүү дээ. Тэдний олонх нь арми, зэвсэгт хүчиндээ ДНБ-ийхээ ердөө 1% орчмыг л зарцуулж байж. Харин иргэний салбартаа бол Америкийн хөрөнгө оруулалт–“Маршалл план”-аар Европ босож ирээд зад хөгжсөн. Аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга-хот байгуулалт, шинжлэх ухаан, техник технологи, боловсрол, урлаг соёл хөгжлийн өндөр төвшинд хүрсэн. Эрүүл мэнд нийгмийн хамгаалал сайтай, ард олны амьдрал хангалуун, ёстой Зөвлөлтийн блокийг хол хаясан даа.

Зөвлөлт Холбоот Улс 1948 оноос цэргийн зардлаа тогтмол өсгөж, 1953-1991 оны хооронд цэрэг армидаа ДНБ-ийхээ 10-22% буюу хамгийн их хөрөнгө мөнгө зарцуулж дэлхийд ямагт “манлайлж” байсныг бид бахархалтайяа мэддэг, догдолдог, магтдаг байв. Мэдээж ард түмнийх нь амьдрал барууны орнуудтай харьцуулахад тун тааруухан, олон дахин дор үзүүлэлттэй.

зураг
 

1987 оны байдлаар ч Варшавын Гэрээ хуурай замын цэргийн хүчээр НАТО-гоос илүүрхсээр л байсныг (NATO vs Wasaw Pact comparison 1987) сайтууд дахь мэдээллээс харж болно. НАТО далай тэнгист бага зэрэг давуутай. Гэхдээ тулалдаан голчлон хуурай газар өрнөх учиртайг бодвол энэ нь бодитой аюул байсан хэрэг. Ийм байдалтайгаар “Хүйтэн дайн” дуусаж СССР өөрийн энерцээрээ нурж унажээ.

Орчин цаг. ОХУ Крымыг булаан авсан 2014 оны байдлаар НАТО-гийн 30 гишүүний 25 нь ДНБ-ийхээ дөнгөж 1% орчимд эргэлдэж байж. 1950-иад оныхоо л төвшинд гэсэн үг. Гэтэл Америк НАТО-гийн зардлын ихэнхийг дааж байдаг. Үүнд Трамп гуай гомджээ. Тэгээд тэднийг батлан хамгаалах зардлаа ДНБ-нийхээ дор хаяж 2%-д хүргэ гэж 2018 онд хүссэн. Одоо бол Трамп шууд тулгалаа. 2022 онд ОХУ Украинд халдан довтолсон нь ч бас нэгийг бодуулсан байх. Трамп гуайн шаардлагаар 2024 оны байдлаар НАТО-гийн 32 гишүүний 7-гоос бусад нь ДНБ-ийхээ 2% буюу түүнээс дээш хувьд хүргэжээ.

Цаашдаа Европчууд батлан хамгаалах хүчээ улам зузаатгаж 2035 он гэхэд гишүүн орнууд бүгд ДНБ-ийхээ 5% хүргэнэ гэж тооцоолж байна. Нэг үгээр Европ өөрийгөө хамгаалах чадвартай болно. Трамп, Путин хоёр ийнхүү унтаж байсан Европ гэдэг арсланг сэрээчихлээ. Европ дахин сэргэлээ. Украин НАТО хоёр ёстой нэг ходий байна. Орос Европоос хөөгдлөө. Цэргийн холбоотон нь Беларусиас өөр Европт хэн ч байхгүй. Цаашаанаа?

Тодын Отгонбаяр (Лондон зураач) 2025.12.15

зураг