Алок Жаин: Хүмүүсийн сэтгэл ханамж автобус, метрондоо бус Нийтийн тээврийн удирдлагын төв зохицуулж чаддаг байх нь чухал

Д.Янжиндулам, ikon.mn
51 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын Нийтийн Тээврийн Бодлогын Газраас Дэлхийн банкны тогтвортой авто зам тээвэр төсөлтэй хамтран Удирдлагын төвийг шинэчлэх ажлыг эхлүүлжээ. Уг төсөлд Хонконгийн “Trans Consult” компани зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа аж.

Энэ тухай "Транс консалт " ХХК-ийн Гүйцэтгэх захирал Алок Жаин "Нийтийн тээврийн удирдлагын төв нь олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрэх үед зохицуулалтыг хийх юм. Метро, дүүжин тээвэр, автобусны үйлчилгээг интеграцчилж зохицуулах төсөл нь Монголд хэрэгжих боломжтой. Заавал автобус, метро явах ёстойг иргэд шаардаад байхгүй, ажил гэрийн хооронд саадгүй явж хүрэх ёстой. Хүмүүсийн сэтгэл ханамж метро, автобусандаа бус Нийтийн тээврийн удирдлагын төв үүнийг зохицуулж чаддаг байх ёстой. Автобус нь байхгүй бол метро явуулна гэх жишээний. Иргэдийн урсгалыг чирэгдэлгүйгээр зохицуулах нь чухал юм" хэмээн ярилаа.

Нийтийн Тээврийн Бодлогын Газрын зорчигч тээврийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Дөлгөөн "Нийтийн Тээврийн удирдлагын төвийг шинэчлэх, ТЭЗҮ, нарийвчилсан зургийг боловсруулж байна.

Одоогоор удирдлагын төвд тээвэр зохицуулагч, шуурхай зохицуулалт хариуцсан ахлах ажилтан, дүн бүртгэлийн албан хаагч нар 24 цагаар ажиллаж өдөр тутмын нийтийн тээврийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, холбогдох байгууллагуудтай мэдээлэл солилцох, авто замын түгжрэл, ослын үед нийтийн тээврийг шуурхай удирдан зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй. Өдөр тутмын 1,173 автобусны 11,000 гаруй рейсийн хөдөлгөөнийг зохицуулж, цагийн хуваарьт хяналт тавьдаг юм.

Нийтийн тээврийн салбарын одоогийн төлөвлөгөө, олон төрөлт нийтийн тээвэр нэвтрэхтэй холбоотой, такси үйлчилгээ, ачаа, тээвэр логистикийн үйл ажиллагааг хянах зайлшгүй шаардлагатай байгаа. Ийм учраас олон улсын баг ажиллуулж эдгээрийг цогцоор нь нэгдсэн байдлаар хянах тоног төхөөрөмж, техник, удирдлага зохион байгуулалтыг үр ашигтайгаар сайжруулах юм. Үүний үр дүнд иргэдэд хүрэх нийтийн тээврийн үйлчилгээ шуурхай, зөв менежментийн дагуу явах нөхцөл бүрдэх давуу талтай" гэв.

Нийтийн тээврийн автобусаар долоо хоногт 3 сая гаруй зорчилт бүртгэгддэг байна.