Г.Жаргалсайхан: Тогтвор суурьшилтай ажиллах гэрээ байгуулж, БЗД-ийн 21 албан хаагчид ₮30 саяын тусламж олгосон
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт хэсэг хүн Яармаг дахь Хангарди ордны гадна жагссан.
Тэгвэл уг жагсаалд ажилтан, албан хаагчдадаа Баянзүрх дүүргээс 30 сая төгрөгийн тэтгэмж олгож оролцуулсан гэж хотын дарга шууд дамжуулалтынхаа үеэр ярьсан юм байна. Энэ нь ташаа мэдээлэл гэж тус дүүргийн Засаг дарга мэдэгдээд, хотын даргын хэлсэн зүйлсэд тайлбар өгөхөөр Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан "Тухайн жагсаалд оролцсон иргэд, ИТХ-ын төлөөлөгч нарт 30 сая төгрөгийн тэтгэмж, урамшуулал одлгосон асуудал огт байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдье.
Хоёрдугаарт орон сууцны урьдчилгаа 30 сая төгрөг, нийгмийн баталгааны асуудал Баянзүрх дүүрэгт хэрэгждэг бөгөөд тодорхой албан хаагчдадаа өгдөг. Гэхдээ хороодын Засаг дарга нарт огт олгоогүй.
Мэргэжлийн боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 30 сая төгрөгийн урамшууллыг хэрэгжүүлсэн. Үүнтэй холбоотой 750 сая төгрөгийн асуудал яригдсан. Нийтдээ 21 албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр байрны урьдчилгаа болон урамшуулал олгосон.
Нийгмийн баталгаа, урамшууллын хөтөлбөр нь зөвхөн Баянзүрх дүүрэгт хэрэгждэг юм биш. Төрийн байгууллагууд, яам, агентлаг, бусад дүүрэг, нийслэл дээр ч хэрэгждэг. Миний олж мэдсэнээр сүүлийн хоёр жилд нийслэл дээр долоо орчим тэрбум төгрөгийн энэ төрлийн зардал гарсан байна" гэлээ.
Түүнчлэн 20 сая төгрөгийн тэтгэмж олгосон гурван иргэн бий аж. Энэ талаар дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан
- Ахуйн газ дэлбэрсний улмаас нэг гэр бүлийн хоёр хүн амиа алдаж, тухайн гэр бүлийн бас нэг гишүүн болох иргэн М.Ч-ийн бие 40 хувь түлэгдсэн тул эмчилгээний зардал олгосон
- Дүүргийн 23 дугаар хорооны Засаг дарга М.П-ийн төрсөн дүү М.Г нь бэртлийн улмаас бүсэлхийнээс доош бүрэн мэдээгүй болж, гуурс суулгасны улмаас үрэвссэн тул эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлсэн
- Дүүргийн Усан спорт сургалтын төвд ажилладаг байсан иргэн О-гийн том хүү дауны хам шинжтэй, амьдралын нөхцөл байдал хүндрэлтэй, эмчилгээ шаардлагатай тул тусламж олгосон гэж тайлбарлалаа.
Мөн дээрх олгосон тэтгэмжийг ирсэн өргөдөл гомдол, нотлох баримтууд, эмнэлгийн онош, дүгнэлтэд тулгуурлан олгосон тул бичиг баримтууд нь бүгд бий гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

