Н.Номтойбаяр: Н.Учрал УИХ-ын дарга юм уу эсвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй юм уу

Н.Эрхбаяр, iKon.mn
1 цаг 31 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар Төрийн ордонд хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Тэрбээр "Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах хуулийг УИХ-д өргөн барьсан. УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга бат, хариуцлагын асуудлыг сайжруулахад хоёр гараа өргөөд дэмжинэ. Гагцхүү хэрэгжүүлэх арга зам дээрээ зөрчил байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. 

Энэ хуультай холбогдуулан ёс зүйн асуудлаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахыг эсэргүүцэж Үндэсний эвслийн зүгээс мэдэгдэл гаргасан. Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллахад бэлэн байгаа. 

Өнөөдөр төр иргэдийнхээ итгэлийг алдаж байгаа нь үнэн. УИХ-ын гишүүдийн гаргаж буй зарим ёс зүйгүй үйлдлүүд уур бухимдал хүргэдэг. Гэхдээ төр гэдэг УИХ-ын гишүүд биш. Тэр тусмаа төрийн өндөр албан тушаалтнууд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хамгаалалт, хязгаарлалт, хяналт, хариуцлагын тухай хуулийг өргөн барихад бэлтгэсэн. 

Энэ хууль хэрэгжсэнээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга гишүүд, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор гэх мэт 54 төрийн өндөр албан тушаалтны эрхийг хамгаалах, үйл ажиллагаанд хяналт тавих, хууль зөрчсөн буруутай асуудалд хариуцлага тооцоход хуулийн гол агуулга бий. 19 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хоёр хуулийг шинээр өргөн барина.

Энэ хуулийн үзэл баримтлалыг Баасан гарагийн даргын дэргэдэх зөвлөлийн хурал дээр Н.Учралд танилцуулна. 

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн үзэл санааг дэмжиж байгаа. Хэрэгжүүлэх арга замыг хэрхэвч дэмжихгүй. Хууль зүйн хувьд энэ өөрөө боломжгүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ хуулиа татаад авчих. Яагаад гэвэл энэ хуулийнх нь хүргэх гээд байгаа хүсэл миний өргөн барихаар санаачилсан хуулийн агуулгад багтсан.

2016 оны зургаадугаар сарын 17-нд УИХ түр завсарлаад гишүүд сонгууль хийж байх явцад Үндсэн хуулийн цэц өөрсдийг нь эгүүлэн татах зохицуулалтыг хүчингүй болгосон. Үндсэн хуулийн цэц есөн хүний бүрэлдэхүүнтэй, эргүүлэн татах санаачилга анх томилсон субъектээс гардгийг Цэц дүгнэлт гаргаад хаачихсан байх жишээтэй. Энэ асуудлыг өөрчилнө.

Нэг сарын өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тайлан надад ирсэн. Намайг яриа өгөөч гэсэн. Ерөнхийлөгч ажлаа УИХ-д тайлагнадаг зохицуулалттай. Энэ тайланг бид таван жил хараагүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга өөрийнхөө хуулиар олгогдсон эрх мэдлийг хэтрүүлж хоёр удаа мэдэгдэл хийсэн. Төрийн тусгай албан хаагч улс төрийн мэдэгдэл хийгээд УИХ-ын гишүүдийг загнаад байж болохгүй, хязгаарлалтад энэ орно.

Төрийн өндөр албан тушаалтан албан тушаалаасаа бууснаас хойш тодорхой хэмжээнд эрх эдлэхгүй хязгаарлалтууд байдаг. Жишээлбэл ерөнхий шүүгчээр ажиллаж байсан хүн ажлаасаа буугаад өмгөөлөгч хийгээд явж болохгүй.

УИХ-ын дарга манлайлал үзүүлэх хэрэгтэй. Н.Учрал УИХ-ын дарга юм уу, улс төрийн намын дарга юм уу эсвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй юм уу. Үүнийг ялгаж, зааглаж нотлох маш том сорилттой тулгарч байна. З.Энхболд хүртэл УИХ-ын бүрэн эрх, ардчилсан парламентын тогтолцоог хамгаалахын төлөө байдаг байсан. Хэзээ ч ингэж УИХ-ын дархлааг алдагдуулах ийм зүйлийг ямар ч үеийн УИХ-ын дарга хийж байгаагүй" гэв.