"МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын ажлаа өгөх хүртэл АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй"
УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, нэг асуудлыг хэлэлцсэн байна.
Бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар тус намын бүлгийн гишүүд хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн, Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл: Бүлгийн хуралд 41 гишүүн оролцож 100 хувийн саналаар шийдвэр гаргасан. Аль нэг намын дарга 126 гишүүнтэй парламентын даргаар ажиллаж болохгүй.
МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын ажлаа өгөх хүртэл Ардчилсан Намын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй. Гэхдээ энэ нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдэл биш. УИХ-ын дэд дарга нар хурлаа удирдан зохион байгуулах ёстой.
Энэ асуудалд шийдэл гаргахад олон үндэслэл байна. Бодлогын хувьд 10 дахь жилдээ нэг улс төрийн хүчин дангаараа засаглаж байна. Энэ бол авлигажуулсан 10 жил байлаа. Үүний үрээр улс орныг, төрийг хямралын байдалд энэ улс төрийн хүчин аваачсан. МАН-ын дарга эрүүл саруул бодлогын мэтгэлцээн өрнөх ёстой УИХ-ын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах нь буруу.
Хэвлэлийн салбарын сэтгүүлчийг хорих асуудлыг намынхан тойрч суугаад шийддэг, тэрийг биелүүлдэг шүүхийн тогтолцоо Монгол Улсад байна. Бид үүнийг хэвийн юм шиг хүлээн авч байгаа. Үүний баримтыг МАН-ын дарга, Ерөнхий сайд байсан хүн яриад сууж байдаг түвшинд оччихсон.
УИХ-ын дарга чуулганы завсарлагын үеэр томилолтоор ажиллахдаа УИХ дээр ийм шийдвэр гаргана гэж ярьж байна. УИХ-ын дарга гэдэг хүн хуралдаан зохион байгуулагч болохоос УИХ-ын удирдагч биш. Чуулганы нээлтийн үеэр намын мөрийн хөтөлбөр шиг юм ярилаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Сүүлийн 6-7 жил УИХ-ын төсөв 30 тэрбум төгрөгөөс 140 тэрбум төгрөг болтол өссөн. УИХ гэдэг нэг намын хуулийн хэлтэс биш. Энэ бол Монголын ард түмний төлөөллийн байгууллага.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

