Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх Казахстаны үндсэн хуулийн шинэчлэл дэмжигдлээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Казахстан улсад үндсэн хуулийн шинэчлэлтийг дэмжих эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт явагджээ.

Урьдчилсан дүнгээр шинэчлэлтийг сонгогчдын 87 хувь нь дэмжсэн байна. Санал хураалтын ирц 73 хувьд хүрснийг сонгуулийн ерөнхий хороо мэдээлжээ.

Шинэ үндсэн хуулиар Казахстаны хоёр танхимтай парламент нэг танхимтай болж, 1996 онд татан буулгасан дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг буцаан сэргээж байна.

Мөн ерөнхийлөгчид зарим гол албан тушаалуудыг томилох эрх мэдэл өгчээ. Зарим шинжээчид энэ шинэчлэлийг ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаевыг эрх мэдлээ улам бататгаж, 2029 оноос цааш үргэлжлүүлэн ажиллах хуулийн цоорхой бий болгож байж болзошгүй гэж таамаглаж байна.

Хуучин болон шинэ үндсэн хуулийн аль алинд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг нэг удаа долоон жилээр хязгаарласан байдаг. Токаев өөрөө энэ хязгаарыг 2022 онд нэвтрүүлж байжээ.

Нийслэл Астана хотын тойрогт саналаа өгсөн Токаеваас сэтгүүлчид уг шинэчлэл эрх мэдлээ шилжүүлэх, эсвэл үргэлжлүүлэх замыг нь засаж байгаа эсэхийг асуухад өөрийнх нь бүрэн эрхийн хугацаа 2029 онд дуусаж, дараагийн ерөнхийлөгч сонгогдохыг амласан байна.

“Зарим хүмүүс Казахстанд эрх мэдлийн төлөө тэмцэл эрчимжсэн тухай ярих болсон нь ийм санаа зовнилыг бий болгож байна. Гэсэн хэдий ч энэ шинэчлэл нийгэмд сөргөөр нөлөөлнө гэж санаа зовох үндэслэл огт байхгүй” гэж тэр хэлжээ.

1991-2019 онуудад Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев олон нийтэд хандах нь ховор болсон ч үндсэн хуулийн шинэчлэлтийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Одоо 85 настай тэрбээр “Хэдэн жилийн өмнө би Кассым-Жомарт Токаевт ерөнхийлөгчийн албан тушаалыг даатгах сонголтоо хийсэн бөгөөд энэ сонголтоосоо буцахгүй. Шинэ үндсэн хууль нь манай Казахстаны, манай ард түмний сайн сайхан байдалд үйлчилнэ гэдэгт найдаж байна” гэж өөрийн вэб хуудсаар мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters