Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

А.Төгөлдөр, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр/2026.10.28/ хуралдав. 

Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон холбогдох байгууллагын мэдээллийг сонссон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн үнэлгээний газрын референт Г.Нямгэрэл, ХЭҮК-ын гишүүн Д.Энхболд, Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, УЕПГ-ын Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, ахлах прокурор Ч.Мөнх-Эрдэнэ, ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Цолмон, ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Д.Одсэр, ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр нар хуралдаанд оролцов.

ХЭҮК-ын гишүүн Д.Энхболд, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүхийн шийдвэргүй баривчлахтай холбоотойгоор ХЭҮК-т 2024 онд 360, 2025 онд 407, 2026 онд 303 гомдол ирсэн. Эдгээр нь нийт гомдол мэдээллийн 27.6 хувийг эзэлж байна. Цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцдоггүй гэсэн гомдол их ирдэг. Өмгөөлөгчдийн зүгээс, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа талууд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхгүй байна гэж үздэг. Мөн хойшлуулшгүй арга хэмжээгээр баривчлагдсан хүмүүсийн өмгөөлөгч авах эрх хангалтгүй байгааг дурдав. Цаашид шүүгчийн захирамжид цагдан хорих таслан сэргийлэх болон хорих хугацааг сунгах арга хэмжээ авсан үндэслэл, шийдвэрийн талаар тодорхой бичих шаардлагатайг ХЭҮК-ын төлөөлөл онцолсон. Комиссоос, төлөвлөгөөт, гомдлын дагуу, гэнэтийн гэсэн гурван төрлийн шалгалт хийдэг байна. Он гарснаас хойш төлөвлөгөөт 3, орон нутагт 13 гэнэтийн шалгалт хийжээ.

УИХ-ын Тамгын газрын Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн үнэлгээний газрын референт Г.Нямгэрэлийн мэдээллээр, цагдан хорих, баривчлах хойшлуулшгүй ажиллагаатай холбоотой Улсын Их Хурлын 5 тогтоолын 12 заалтад дүн шинжилгээ хийхэд хэрэгжилт 75 хувьтай байна.

Улсын Их Хурлаас 2024, 2025 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш хуулийн хэрэгжилтийн үнэлгээ хийгдээгүй гэсэн ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Цолмонгийн танилцуулгад Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг шүүмжлэлтэй хандаж, хоёр жил юу ч хийгээгүй байна гэж байж болохгүй, хуулийн хэрэгжилтийг улирал тутам мэдээлж, хагас жил тутам хэлэлцэх ёстой хэмээн сануулсан юм.

зураг
 

ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Д.Одсэр, өнөөдрийн байдлаар 3,350 гаруй хүн цагдан хоригдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас хохирсон гэх 5 хэрэг хяналтад байгаа гэсэн бол, УЕПГ-ын Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, ахлах прокурор Ч.Мөнх-Эрдэнэ, 2019-2025 онд сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчлах тохиолдол цөөрсөн. Энэ оны эхний 3 улиралд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой 246 гомдол ирсэн гэв.

зураг
 

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагаа, эрх нь зөрчигдсөн бол хохирлыг яаж барагдуулж, эрхийг нь хэрхэн сэргээж байна, баасан гарагт баривчилдаг байдлыг зогсоосон эсэх талаар тодруулсан. Хууль зүйн туслалцааны төв жилд 2,700-3,000 орчим эрүүгийн хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна. Хохирол барагдуулах тухайд ХЭҮК төлөөлөн нэхэмжлэл гаргадаг бөгөөд 2022 оноос хойш 42 нэхэмжлэл гаргаж, үүний 31-ийг шүүх хангаж шийдвэрлэжээ.

Хуралдааны төгсгөлд Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт явуулах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шаардлагатай УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг олонхын саналаар батлав гэж Улсын Их Хурлын нээлттэй парламентын газраас мэдээллээ.