Монголд ан хийхдээ Трампын хүү хуримыг нь санхүүжүүлсэн Оросын бизнесмэнтэй уулзсан тухай Британийн сонин мэдээлжээ
Их Британийн "Financial Times" сонин Мягмар гарагт мэдээлснээр АНУ-ын ерөнхийлөгчийн ууган хүү Дональд Трамп Жуниор энэ зун Монголын алслагдсан ангийн баазад Кремльтэй нягт холбоотой Оросын бизнесмэн Умар Кремлевтэй хоёр өдрийг хамт өнгөрүүлжээ.
Кремлев өмнө нь тавдугаар сард Карибын тэнгисийн хувийн арал дээр болсон Трамп Жуниорын хуримын зардлын тодорхой хэсгийг санхүүжүүлсэн нь ил болж байв. Өнгөрсөн сард "ProPublica" хэвлэл энэ талаар мэдээлсний дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хүүгээ Кремлевт уг зардлыг буцаан төлснийг мэдэгдэж байсан юм.
FT-ийн олж авсан нислэгийн бүртгэл болон орон нутгийн хөтчүүдийн өгсөн мэдээллээр тэдний хамгийн сүүлд уулзсан газар Монголын баруун хязгаар болжээ. Тэнд Трамп Жуниор АНУ-ын нууц албаны хамгаалалтын багийн хамт ан хийж явсан байна.
Казахстанд болсон боксын хэвлэлийн хурлаас Кремлев хувийн онгоцоор Монголын нийслэл Улаанбаатар хотод ирж, улмаар шууд Трамп Жуниорын байгаа ангийн баазад очсоныг эх сурвалжууд мэдээлжээ.
Тухайн аяллын үеэр тэнд байсан нутгийн нэгэн оршин суугч FT сонинд ярихдаа Трамп Жуниор болон Кремлев нар хамтдаа зураг авхуулахаас болгоомжилж байсныг гэрчилсэн байна.
Трамп Жуниорын аяллын зардлын тодорхой хэсгийг хандивын дуудлага худалдаагаар санхүүжүүлсэн бөгөөд уг арга хэмжээнд ялалт байгуулсан оролцогчид ерөнхийлөгчийн хүүтэй уулзах боломжийг олж авахын тулд $140,000 хүртэл хандив төлжээ.
АНУ-ын сөрөх тагнуулын албаны хуучин ажилтнууд болон бусад шинжээчид FT сонинд өгсөн ярилцлагадаа АНУ-ын ерөнхийлөгч нарын гэр бүлийн гишүүд болон Кремльтэй холбоотой хүмүүсийн хоорондох хувийн харилцаа нь аюулгүй байдлын ноцтой эрсдэл дагуулж болзошгүйг анхааруулсан байна.
Кремлев нь ОХУ-ын ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албаны дарга Алексей Рубежныйгээр дамжуулан Путинтэй холбоотой байдаг тул Украинтай холбоотой хориг арга хэмжээгээр шийтгүүлсэн хүн юм.
Трамп Жуниорын хэвлэлийн төлөөлөгч FT сонинд ярихдаа түүний Кремлевтэй нөхөрлөх болсон шалтгааныг "голчлон ан агнуур, загасчлал болон байгальд цаг өнгөрүүлэх ижил сонирхолтой холбоотой" хэмээн тайлбарлажээ.
Тэрбээр цааш хэлэхдээ "Дон (Трамп Жуниор) Умар Кремлевтэй бизнесийн бус, харин хувийн найз нөхрийн харилцаатай гэдгээ тодорхой илэрхийлсэн. Тэдний энэ зун хамт анд явсан нь хэний хувьд ч гайхах зүйл биш байх ёстой" гэсэн байна.
Олон Улсын Боксын Холбоог (IBA) тэргүүлдэг Кремлев FT сонины тайлбар авах хүсэлтэд хариу өгөөгүй гэнэ.
Эх сурвалж: Financial Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
