Норвеги, Финландын удирдагчид Украины дайныг дуусгах асуудлаар Путинтэй “илэн далангүй” ярилцсанаа мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Зүүн гар талаас Норвегийн ерөнхий сайд, Финландын ерөнхийлөгч нар

Финландын ерөнхийлөгч болон Норвегийн ерөнхий сайд нар Мягмар гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Украины дайныг зогсоох хүчин чармайлтын талаар "илэн далангүй бөгөөд ажил хэрэгч" яриа өрнүүлснээ мэдэгджээ.

Финландын ерөнхийлөгч Александр Стубб, Норвегийн ерөнхий сайд Йонас Гар Стёретэй хамтран гаргасан мэдэгдэлдээ "Энэхүү дайны үр дагавар нь бидний болон Европын аюулгүй байдалд шууд нөлөөтэй. Дайныг зогсоохын тулд шууд яриа хэлэлцээ хийх шаардлагатай" гэсэн байна.

Тэд Путинтэй “Украины талтай зөвлөлдсөний үндсэн дээр" ярилцсанаа баталжээ. Аравдугаар сарын 20-ны өдөр Осло хотод Стёре, Стубб нар Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болон АНУ-ын төлөөлөгч Стив Виткофф нартай уулзсан юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер мөн уг уулзалтад цахимаар оролцож байжээ.

Осло хотод болсон уулзалтын дараа Виткофф шууд Санкт-Петербург хотод очиж, Путинтэй уулзаж байв.

Стубб, Стёре нар "дайныг зогсоох, Европт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх хүчин чармайлт"-ын талаар хэлэлцэх зорилгоор өөрсдөө санаачлан утсаар ярьсныг дээрх мэдэгдэлд өгүүлжээ.

Стёре "Дайн хүний ​​амь нас, эд материалын асар их хохирол дагуулж байна. Зовлон зүдгүүр, сүйрэл нь хойч үеийнхэнд ч нөлөөлөх болно. Бид ярианыхаа үеэр хурцадмал байдлыг намжаахын чухлыг онцолсон" гэж хэлсэн байна.

Стубб гурван талын яриа хэлэлцээг "илэн далангүй бөгөөд ажил хэрэгч" болсон гэж тодорхойлжээ.

Кремлийн мэдээлснээр Путин энэ үеэр Европын Холбоо болон НАТО-гийн орнуудыг шүүмжилж, тэдний "сөргөлдөөний" бодлого нь Украины дайныг уртасгах шалтгаан болж буйг мэдэгдсэн гэнэ.

Ярианы үеэр бас гурван удирдагч “харилцаа холбоогоо үргэлжлүүлэн хадгалахаар" тохиролцсон тухай Кремль мэдээлжээ.

Киев хотоос мэдээлснээр ерөнхийлөгч Зеленский бас Финланд, Норвегийн удирдагчидтай Путинтэй хийсэн ярианых нь талаар хэлэлцсэн гэнэ.

Стубб сошиал сүлжээнд Зеленскийтэй ярилцсанаа баталгаажуулахдаа "Финланд, Норвеги улсууд Украин болон шударга, тогтвортой энх тайвныг тогтоох хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжих болно" гэж бичжээ.

Удирдагчид өөр өөрийн улс орныг төлөөлсөн бөгөөд Европын нэрийн өмнөөс яриагүйгээ тайлбарласан ч Данийн ерөнхий сайд Метте Фредериксен тэднийг "ганцаарчилсан тоглолт" хийсэнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.

Финланд улсад болсон Нордикийн орнуудын удирдагчдын уулзалтын үеэр тэр сэтгүүлчидтэй уулзахдаа "Би Норвеги, Финландын энэхүү санаачилгад маш их эргэлзээтэй хандаж байна. Үүнийг бидэнтэй, өөрөөр хэлбэл бусад улсуудтай огт зөвшилцөөгүй " гэж хэлжээ.

"Энэ хоёр улс үүгээрээ юунд хүрэхийг зорьж байгааг би үнэндээ ойлгохгүй байна" гэж тэр нэмж хэлсэн юм.

Трамп энэ сард Ираны эсрэг өдөөсөн дайны улмаас огцом өссөн газрын тосны үнийг бууруулах оролдлогынхоо хүрээнд Орос улстай дизель түлш нийлүүлэх хэлэлцээр байгуулснаа гэнэт зарласнаар Украин болон АНУ-ын харилцаа дахин хурцадсан билээ.

Трамп мөн Орос улсын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг цуцалж, Путинтэй ойртох шинж тэмдэг харуулсанд Украин улс гүнээ харамсаж, сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байв.

Орос улстай хил залгадаг, НАТО-гийн гишүүн Норвеги, Финланд улсууд  ямартай ч мэдэгдэлдээ "Украиныг тууштай дэмжихээ" дахин нотолсон байна.

 

Эх сурвалж: AFP