Хиймэл оюуны салбарын хөрөнгө оруулалтынхаа ачаар ByteDance компанийн үүсгэн байгуулагч Хятадын тэргүүн баян болжээ
ТикТок платформыг бүтээсэн ByteDance компанийн үүсгэн байгуулагч Жан Имин хиймэл оюун ухааны салбарт явуулж буй идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд Хятадын хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг дахин тэргүүлжээ.
Мягмар гарагт "Hurun Research Institute"-ээс танилцуулсан уг жагсаалтаас харахад Хятадын өндөр технологийн салбарууд өсөлттэй, харин хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгө зэрэг бусад салбарууд хүнд нөхцөлд байна.
1999 оноос хойш жил бүр уг жагсаалтыг гаргаж ирсэн тус хүрээлэнгийн мэдээлснээр 5 тэрбум юань (ойролцоогоор $750 сая)-аас дээш хөрөнгөтэй хүний тоо өмнөх оноос 6.6 хувиар өсөж, 1,529-д хүрсэн нь дээд үзүүлэлт болжээ.
Цэвэр хөрөнгийн хэмжээгээрээ (ам.доллароор тооцсон) тэрбумтанд тооцогдох хүмүүсийн тоо 1,176 болж, 155-аар өссөн байна. Энэ нь АНУ-тай харьцуулахад 176-гаар илүү үзүүлэлт юм. Гэхдээ энэ тоо нь 2021 онд бүртгэгдсэн 1,185 гэсэн үзүүлэлтээс бага зэрэг доогуур байна.
Жан Имин $100 тэрбумын хөрөнгөөр (өмнөхөөсөө 43%-иар өссөн) жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд "Hurun Report"-ын тэргүүн Руперт Хугеверфийн тайлбарласнаар түүний хөрөнгийн өсөлт "бараг бүхэлдээ хиймэл оюун ухааны салбараас эх үүсвэртэй" гэнэ. Түүний онцолсноор ByteDance компанийн бүтээсэн Doubao нь Хятадын зах зээлд хамгийн өргөн хэрэглэгддэг хиймэл оюун ухааны туслах болжээ.
ByteDance нь мөн богино хэмжээний видео бичлэгийн алдартай платформууд болох Douyin болон ТикТокийн толгой компани билээ.
Хугеверф хэлэхдээ "Хиймэл оюун ухаан бол энэ жагсаалтад багтсан хүмүүсийн хөрөнгөө өсгөх хамгийн том хүчин зүйл болж байна. Жагсаалтад багтсан хүмүүсийн 160 нь буюу 10 хүн тутмын нэг нь хиймэл оюун ухааны салбараас ашиг хүртсэн байна" гэжээ.
Савласан усны үйлдвэрлэлийн магнат Жун Шаньшань $61 тэрбумын хөрөнгөтэйгөөр (23 хувиар буурсан) хоёрдугаар байрт орсон бол цахилгаан тээврийн хэрэгслийн батарей үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч CATL компанийн тэргүүн Робин Зэн гуравдугаар байрыг эзэлсэн байна.
Хятадын хиймэл оюуны стартап DeepSeek-ийн үүсгэн байгуулагч Лян Вэньфэн анх удаа уг жагсаалтад багтахдаа долдугаар байр эзэлжээ. Хиймэл оюуны чип үйлдвэрлэгч Cambricon компанийн ерөнхийлөгч Чэнь Тяньши аравдугаарт жагссан байна.
Хятад улс өнгөрсөн долоо хоногт эдийн засаг нь долоогоос есдүгээр саруудад өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар өссөн бөгөөд экспортын өсөлтийн ачаар жилийн албан ёсны өсөлтийн зорилтоо биелүүлэхэд ойрхон болсныг мэдэгдсэн юм. Хятадын удирдагчид энэ оны эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн оны 5 хувиас бууруулж, 4.5-5 хувийн хооронд байхаар төлөвлөөд байгаа.
Хятадын ухаалаг электроник үйлдвэрлэгч Xiaomi компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Лэй Жун энэ жил хамгийн их алдагдал хүлээж, хөрөнгө нь хоёр дахин бууран $25.1 тэрбумд хүрсэн байна. Энэ нь тус улсын хэрэглээний зах зээл уналтад орсонтой холбоотойг Хугеверф тайлбарлажээ. Үүнээс гадна үл хөдлөх хөрөнгийн салбарын бизнесмэнүүд хамгийн их алдагдалтай байсан байна.
“Энэ жагсаалтад анх удаа эх газрын нэг ч үл хөдлөх хөрөнгийн компани шилдэг 100-д үлдээгүй бөгөөд дээгүүр байранд эрэмбэлэгдсэн энэ салбарынхан нь зөвхөн Хонконгийн үл хөдлөх хөрөнгө эзэмшигч гэр бүлүүд байна" гэж Хугеверф хэлжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
