Дипломатын түүх өгүүлбэл Дэлхийн II дайны эхэн үеийн хүндхэн жил 1941 оны наймдугаар сарын хууч дээр Канадын Ньюфаундлендийн зүүн өмнөд эрэгт орших АНУ-ын Аргентья тэнгисийн цэргийн боомтод болсон Атлантын бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д. Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нар анх удаа нүүр тулан уулзаж, Хамтарсан Тунхаглалыг гаргасан юм. Энэ нь АНУ дэлхийн II дайнд албан ёсоор орохоос хэдэн сарын өмнө болсон үйл явдал байв.
Британийн Хөдөлмөрийн намын Daily Herald сонин дурдсан баримт бичгийг “Атлантын Харти” хэмээн нэрлэж Уинстон Черчилль 1941 оны наймдугаар сарын 24-нд Их Британийн парламентад үг хэлэхдээ энэ нэр томьёог ашигласан бөгөөд тэр цагаас хойш ийнхүү нэрлэгдэж, дайны дараах дэлхий дахинд АНУ ба Их Британийн баримтлах дараах зорилтуудыг тодорхойлсон байна.
Тийнхүү энэхүү Хартийн зарчмуудыг дэмжигч 47 улс 1942 оны нэгдүгээр сарын 1-нд Вашингтон хотноо “Нэгдсэн Үндэстний Тунхаглал”-д гарын үсэг зурсан бөгөөд энэ нь орчин үеийн Нэгдсэн Үндэстний Байгууллагын үндэс суурь болжээ. Вашингтоны Анхдугаар бага хурал хэмээн нэрлэгдэх болсон тус хурлыг нууц кодоор нь “Аркадын бага хурал” гэж нэрлэсэн юм.
1943 оны аравдугаар сард Москва хотноо болсон ЗХУ (Вячеслав Молотов), АНУ (Корделл Халл), Их Британийн (Энтони Иден) Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар “Хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх дөрвөн улсын Тунхаглал” гаргаж, дэлхийн II дайн дууссаны дараа олон улсын энх тайван аюулгүй байдлыг сахин хангах дэлхий нийтийн түгээмэл байгууллагыг шинээр эмхлэн байгуулах зайлшгүй шаардлагатай боллоо гэж үзсэн юм. Москвагийн Тунхаглалд Дунд улсаас ЗХУ-д суугаа элчин сайд Фу Пин-шун (Foo Ping-sheung) гарын үсэг зуржээ.
Гитлерийн фашизм, японы милиртизм ялагдах нь тодорхой болсон цаг дор 1944 оны найм-ес-аравдугаар сард АНУ, Их Британий дипломат албаны дэд тэргүүн, ЗХУ, Хятадын БНУ-ын АНУ-д суугаа элчин сайд нар АНУ-ын нийслэл Вашингтон хотын ойролцоох Думбартон Окс шилтгээнд болсон бага хурлаар дэлхийн шинэ дайн дахин гаргахгүйн тулд ирээдүйн олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хангах үр дүнтэй шинэ “олон улсын хамтын нийгэмлэг” байгуулах саналыг боловсруулж, хэлэлцжээ.
Улмаар 1945 оны дөрөвдүгээр сарын 25-нд Сан-Франциско хотноо 50 улс хуралдаж, НҮБ-ын дүрмийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлж, 1945 оны зургаадугаар сарын 25-нд эцэслэн гарын үсэг зурж, батлах ёслолд Польш улс нэгджээ. НҮБ-ын Дүрэм 1945 оны аравдугаар сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсноор үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн байна.
Тийнхүү аравдугаар сарын 24-ний өдрийг жил бүр НҮБ байгуулагдсан өдөр хэмээн тэмдэглэдэг билээ. НҮБ-ын Дүрэмд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, хүний эрхийг дээдлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, хүмүүнлэгийн тусламж хүргэх, олон улсын хууль тогтоомжийг сахин биелүүлэх зэрэг үндсэн зорилтууд тусгагдсан юм.
Дэлхийн II дайн дууссаны дараа хүнд үед 1945 онд НҮБ байгуулагдахад өөрийн гэсэн байргүй, Манхэттен дүүргийн Хантер коллеж болон Лонг Айланд дахь давчуу байранд ажлаа эхэлж байжээ. Зохицуулалт хангалтгүй байсан нь шинэ байгууллагыг өөр хот, эсвэл гадаадад байнгын байр хайхад хүргэж, Швейцар улс сонгогдох хамгийн боломжит хувилбаруудын нэг байжээ. Эцсийн шийдвэр гарахаас хэдхэн цагийн өмнө тэрбумтан бага Жон Рокфеллер Манхэттен дүүргийн East River-ийн дагуух “X City” хэмээх талбайн 18 акр (7.3 га) газрыг 8.5 сая ам.доллароор худалдан авч хүн төрөлхтний энх тайвны тусын тулд НҮБ-д 1 ам. доллараар хандивлах эсэргүүцэхийн аргагүй саналыг тавьжээ. НҮБ олон сая ам.долларын бэлгийг тэр даруйд нь хүлээж авчээ.
Бага Жон Рокфеллер дэлхийн энхтайван, аюулгүй байдлыг сахин хангах үүрэгтэй олон улсын шинэ байгууллага НҮБ ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг дээдэлдэг АНУ-д байрлах ёстой гэдэг дээр хатуу зогсож байжээ. Тэрбээр бодит үр өгөөжийг ч олж харжээ. Үүнийг дагаад Нью-Йорк хот эдийн засгийн бодит үр өгөөжийг хүртэх болно, Америкийн дипломатууд ая тухтай байршилд хамтрагчидтайгаа уулзах боломжтой болно, мөн АНУ-ын тагнуулын алба гадаадын албан тушаалтнуудад хяналт тавих боломжтой болно гэж үзэж байгаагаа ч нуугаагүй юм. Тийнхүү НҮБ Төв байр Нью-Йоркийн Манхэттэн дүүргийн Мидтаун хотхоны Тертл-Бей хороолол дахь 7.3 га талбайд баруун талаараа Нэгдүгээр өргөн чөлөө, урд талаараа 42-р гудамж, хойд талаараа 48-р гудамж, зүүн талаараа East River-тэй зах нийлэх болжээ. 1952 онд ашиглалтад орсон сайхь цогцолбор НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар, конференци билдинг буюу Ерөнхий Ассамблей, Аюулгүй Зөвлөлийн хуралдааны танхим, Даг Хаммаршельдын номын сан зэрэг хэд хэдэн байгууламжаас бүрддэг. Энэхүү цогцолборыг Уоллес Харрисон тэргүүтэй архитекторуудын Зөвлөл урлаж, алдартай Харрисоны архитектурын фирм цогцолборыг барьсан бөгөөд эцсийн төслүүдийг Оскар Наймейер, Ле Корбюзьер нар боловсруулжээ.
Бага Жон Рокфеллер боловсрол, соёл урлаг, анагаах ухаан, католик сүм хийд, иргэний төслүүдэд 537 сая гаруй доллар хандивласан олонд танил, энэрэнгүй үйлстэн, Америкийг бүтээсэн эрхэмүүдийн нэг Standard Oil компанийг үүсгэн байгуулагч Жон Д.Рокфеллерын ууган хүү байсан юм.
1944 оны зун-намар АНУ, Их Британий дипломат албаны дэд тэргүүн, ЗХУ, Хятадын БНУ-ын АНУ-д суугаа элчин сайд нар АНУ-ын нийслэл Вашингтон хотын ойролцоох Думбартон Окс шилтгээнд болсон бага хурлаар дэлхийн шинэ дайн дахин гаргахүйн тулд ирээдүйн олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хангах үр дүнтэй шинэ “олон улсын түгээмэл байгууллага” байгуулах саналыг боловсруулж, хэлэлцжээ. Улмаар 1945 оны дөрөвдүгээр сарын 25-нд Сан-Франциско хотноо 50 улс хуралдаж, НҮБ-ын дүрмийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлж, 1945 оны зургаадугаар сарын 25-нд эцэслэн гарын үсэг зурж, батлах ёслолд Польш улс нэгджээ. НҮБ-ын Дүрэм 1945 оны аравдугаар сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсноор үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн байна. НҮБ-ын Дүрэмд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, хүний эрхийг дээдлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, хүмүүнлэгийн тусламж хүргэх, олон улсын хууль тогтоомжийг сахин биелүүлэх зэрэг үндсэн зорилтууд тусгагдсан юм.
Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэг НҮБ-ын хариуцлагатай гишүүний хувьд тус байгууллагын хүрээнд идэвхтэй олон талт дипломат үйл ажиллагаа явуулж энх тайвны үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулсаар ирсэн юм. Хүйтэн дайны хүнд үед Монгол Улсын санаачилж, батлагдсан тогтоолуудаас онцлон дурдвал, 1978 оны арванхоёрдугаар сард баталсан “Зэвсэг хураах долоо хоног”, 1980 оны арванхоёрдугаар сард баталсан “Хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжилд үндэсний мэргэжилтэй боловсон хүчний гүйцэтгэх үүргийн тухай”, 1983 оны арванхоёрдугаар сард “Сансар огторгуйд зэвсэглэлээр хөөцөлдөхөөс урьдчилан сэргийлэх тухай”, 1985 оны арваннэгдүгээр сард “Улс түмэн энхтайван орших эрхийн тухай”, “Нийгмийн дэвшилд хүрэх зорилгоор нийгэм, эдийн засгийн өргөн цар хүрээтэй өөрчлөлтийг хэрэгжүүлж буй үндэсний туршлага”, 1986 оны арванхоёрдугаар сард “Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад дөхөм үзүүлэх арга хэмжээ, хүч чармайлтын тухай” тогтоолын төслүүдийг батлуулж байсан юм.
Хүйтэн дайн дууссаны дараа 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47-р чуулганы индэр дээрээс “Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс” болгон зарласныг 1998 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 53 дугаар чуулган “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй бүсийн статус” хэмээх тогтоолын төслийг баталж, дурдсан статуст хоёр жил тутамд үнэлгээ хийдэг болсон билээ.
1997 онд “Шинэ болон сэргэж буй ардчиллыг бэхжүүлэх, дэмжихэд НҮБ-ын системийн зүгээс үзүүлэх дэмжлэг”, 1999 оны арванхоёрдугаар сард “Бичигтэн болох НҮБ-ын 10 жил: Бүх нийтийн боловсрол”, 2005 оны арванхоёрдугаар сард “Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”, “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай”, 2006 оны арванхоёрдугаар сард “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлын тухай” 2012 онд “Ардчиллын боловсролын тухай”, 2025 онд жил болгоны долдугаар сарын 11-ний өдрийг Дэлхийн адууны өдөр” болгон тунхаглах тогтоолын төслийг тус тус батлуулж байсныг дурдахад хангалттай.
Монгол Улсын Төрийн тэргүүний санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаас 2022 оны гуравдугаар сард 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон дуу нэгтэйгээр зарласан билээ.
Монгол Улс 2022 оны тавдугаар сард Кот-д’Ивуар улсад зохион байгуулагдсан Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын Талуудын 15 дугаар бага хурлын (COP15) үеэр COP17-ыг эх орондоо зохион байгуулах хүсэлт, албан ёсны саналаа анх танилцуулж, 2022 оны сүүлээр Конвенцын гишүүн орнуудын дунд санал хураалт явагдаж, Монгол Улсыг 2026 оны COP17 хурлыг зохион байгуулах орноор албан ёсоор сонгож, олон улсын дэмжлэгийг авсан. Энэ нь Зүүн хойд Азийн бүс нутагт уг хурал анх удаа зохион байгуулагдах түүхэн шийдвэр болсон юм. Сонгогдсон эрхийнхээ дагуу 2025 оны хоёрдугаар сард ХБНГУ-ын Бонн хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай “Хүлээн авагч орны гэрээ” (Host Country Agreement)-д албан ёсоор гарын үсэг зурж, эрхээ хууль ёсоор баталгаажуулсан.
НҮБ-ын ЕНБД нараас Монгол Улсад хийсэн дээд түвшний айлчлалаас дурдвал 1977 оны есдүгээр сард Курт Вальдхайм НҮБ-ын ЕНБД-ын хувиар анх удаа Монгол Улсад айлчлал хийв. Энэ үеэр тэрбээр АНУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоох хэрэгт энхийн зууч хийсэн явдал онцлог нь байв. 1987 оны наймдугаар сард Хавьер Перес де Куэльяр Монголд айлчилсан нь олон улсын харилцаанд улс төрийн шинэ сэтгэлгээ нэвтэрч, Өрнө Дорнын харилцаанд нааштай өөрчлөлтүүд гарч эхэлсэн үеийн тусгал болсон юм. 2002 оны аравдугаар сард Кофи Аннан Монгол Улсад айлчилж, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оролцоог бүрэн дэмжиж байгаагаа мэдэгдэв. 2009 оны долдугаар сард Бан Ги-Мүн Монгол Улсад айлчлах үеэр НҮБ-ын статустай “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны тинк-танк Төв”-ийн шав тавих ёслолд оролцож байв.
НҮБ, түүний системийн байгууллагууд Хөгжлийн тусламжийн хүрээнд 1963-2002 онд Монгол Улсад нийт 260 сая, 2003-2006 онд 78.2 сая 2007-2011 онд 40 сая, 2012-2016 онд 65 сая, 2017-2020 онд 163 сая ам.долларын тусламжийг тус тус үзүүлж иржээ. 2022 оны тавдугаар сард Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх нийт 224.6 сая ам. долларын төсөвт “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичигт гарын үсэг зурав.
1990-ээд оны шилжилтийн хүнд үед НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд ялангуяа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Бреттон Вүүдсийн институциуд Монголыг дэмжигч хандивлагчдын бүлгийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш 2022 оны наймдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь НҮБ Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, нээлттэй, бие даасан, тэнцвэртэй гадаад бодлого, дипломат ажиллагааг бүрэн дэмжиж буй илрэл болсон юм.
Антониу Гутерреш тэрбээр дэлхий дахинд энхтайван, амар амгалан байдал улам бүр хомстож буй энэ үед энх тайвны бэлэг тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн нь дэлхий дахины анхаарлыг татав.
Тэрбээр олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөөх хүч чармайлт, түүний дотор цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын оруулж буй нэмрийг өндрөөр үнэлэв. Монгол Улс цөлжилттэй тэмцэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Тэрбум мод” санаачилга гарган, үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгааг сайшааж, НҮБ-ын зүгээс нийгэм, эдийн засаг болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн юм.
Монгол Улсын төрийн тэргүүн 2022 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ: 800 жилийн өмнө Евразийн өргөн уудам орон зайд тогтоосон “Монголын Их амар амгалан”-гийн утга чанарыг ухуулан тайлбарлаж, 2022 оны наймдугаар сард болсон НҮБ-ын Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх 10 дугаар бага хурлын нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешийн “Дэлхий ертөнц цөмийн аюулаас ердөө ганцхан алхмын зайд байна” хэмээснийг дахин сануулж, цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг бий болгоход цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, бүрэн устгах, цөмийн зэвсэггүй бүс нутгийг бий болгох явдал хамгийн зөв, үр дүнтэй арга зам мөн хэмээн Монгол Улс үздэгийг дахин нотолж, Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн нь дэлхий нийтээрээ цөмийн зэвсгээс ангид байх хүчин чармайлтад оруулж буй бодит хувь нэмэр гэдгийг онцлов.
2024 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дугаар чуулган цар тахлын үр дагавар, дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, геополитик, хиймэл оюуны хөгжлийн шинэ нөхцөл байдлыг тухайлан хэлэлцсэн “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д үг хэлэхдээ, “Ирээдүйн төлөөх Пакт” үндсэн баримт бичиг, “Дэлхий нийтийн дижитал Компакт” “Ирээдүй хойч үеийн асуудлаарх Тунхаглал” хэмээх хавсралт баримт бичгийг зөвшилцлийн үндсэн дээр хэлэлцэн баталсан нь ээдрээ төвөгтэй энэ цаг үед хамтын зорилго, улс төрийн хүсэл эрмэлзлийг бататгасан чухал алхам болж байгааг чухалчлан тэмдэглэв.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы албан цахим хуудаст “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улс НҮБ-тай хамтран 2024 оны наймдугаар сард Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг “Ногоон ирээдүйн төлөө” уриан дор эх орондоо амжилттай зохион байгуулж, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын Тунхаглал” төгсгөлийн баримт бичиг баталсан тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг онцолсон юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дугаар чуулганы үеэр Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай баримталдаг орны хувьд дэлхийн улс орнуудын түүх, соёл иргэншил, шашин шүтлэг, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг. Тиймээс Монгол Улс аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын эсрэг хүч хэрэглэхгүй байх тухай НҮБ-ын Дүрмийн зарчмыг хэлбэрэлтгүй сахиж, санал зөрөлдөөн, зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэхдээ сөргөлдөөн бус дипломат яриа хэлэлцээ, дайсагнал бус эв нэгдэл, талцал хуваагдал бус хамтын үзэл санааг чанд баримтлан, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөө тууштай хамтран ажиллахыг дэлхийн улс, үндэстнүүдэд уриалсан
Монголчуудын олон улсын эрхзүй, дипломатын түүхэнд оруулсан хувь нэмрийн бодит илэрхийлэл болсон “Гэрэгэ”-ний мөн чанарыг тайлбарлаж, энэхүү түүхэн “Гэрэгэ” өнөөдөр ч НҮБ-ын төв байранд түүхэн үнэт дурсгал болон хадгалагдаж буйг дурдсан бөгөөд 2000 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан хэлэхдээ “Гэрэгэ бол монголчуудаас дэлхийн хамтын нийгэмлэгт өгсөн үнэт өв юм. Монголчуудын өвөг дээдсийн мэргэн ухаанаас өнөөгийн бидэнд суралцах зүйл их байна” хэмээн үнэлсэн байдаг.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал улам доройтож, туйлшрах хандлага гүнзгийрч, уламжлалт болон уламжлалт бус аюул сүлэлдэн, хамрах хүрээ нь нэмэгдэж буйд дэлхийн улс орнууд онцгой анхаарч, хамтын хүчин чармайлтаа улам илүү бэхжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Уламжлалт аюул занал юуны өмнө цөмийн зэвсгийн аюул занал сэргэж, сэдэрч болзошгүй байгаа нь хүн төрөлхтнийг ихээхэн түгшээж байгааг анхааруулж, тиймээс ч Монгол Улс энх тайван, тогтвортой байдлыг хангах, ялангуяа цөмийн аюулаас ангид ертөнцийг бий болгохын төлөө бүх улс орон хамтран ажиллахыг уриалж, уг асуудлаар НҮБ-ын хүрээнд тусгай чуулга уулзалт зохион байгуулах шинэ санаачилга дэвшүүлсэн юм.
2025 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган “Хамтдаа хүчтэй: Энх тайван, хөгжил, хүний эрхийн төлөөх 80 жил” уриан дор зохион байгуулагдав. Энэ нь НҮБ үүсэн байгуулагдсан цагаас хойших 80 жилийн түүхэн хугацааны үйл явдлыг тэмдэглэж, энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө хүний эрхийг хамгаалах үйлсийг хамтдаа урагшлуулах уриа болов. НҮБ-80 жилийн ойд зориулсан нэг цагийн дээд түвшний уулзалтаар Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэж, НҮБ-ын болон төр, засгийн тэргүүнүүд өнгөрсөн найман арван жилд гаргасан ололт амжилтуудаа дүгнэн, илүү хүртээмжтэй, хариу үйлдэл сайтай олон талт тогтолцооны ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэв.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн (ЕА) 81 дүгээр чуулган 2026 оны есдүгээр сарын 8-наас 28-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо “Итгэлцлийг сэргээж, өөрчлөлтийг удирдах нь: Бүгдэд хүртээмжтэй НҮБ” уриан дор зохион байгуулагдав.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганыг Бангладеш улсын дипломатч Гадаад хэргийн сайд Халилур Рахман даргалсан бөгөөд Монгол Улс энэ удаагийн чуулганы Дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан нь онцлог үйл явдал байв.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш өөрийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнөх хамгийн сүүлчийн илтгэлээ дэлхий нийтэд олон улсын эрхзүйн зарчим, хэм хэмжээ бүдгэрч, итгэлцэл үгүй болж, “ангал” үүссэнийг сануулж, хүн төрөлхтний ирээдүйг Дайн ба энх, Тэгш бус байдал, Уур амьсгалын өөрчлөлт, болон Цахим оюун (AI) гэсэн эрх мэдлийн 4 том сорилт тодорхойлно гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын индэр дээрээс үг хэлэхдээ өөрийн засаг захиргааны дотоод болон гадаад бодлогын ололтуудыг дурдаад, “Америкийн хүч чадал, шийдэмгий байдал эргэн ирсэн” гэдгийг мэдэгдэж, коммунизм болон дэлхий нийтийг нэгдмэл удирдлагаар хянах (global control) үзлийг эсэргүүцэж, улс орнуудын бүрэн эрхт байдлыг дээдлэхээ илэрхийлж, АНУ-ын зүгээс НҮБ-ын төсвийг анх удаа 15 хувиар танаж, 4,000 гаруй хүнд суртлын ажлын байрыг цомхотгосноо онцолсон юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын төрийн тэргүүн биечлэн оролцож, дэлхий дахины тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, өнөөдөр дэлхий дахинд 90 гаруй зэвсэгт мөргөлдөөн идэвхтэй өрнөж, дэлхийн цэргийн зардал түүхэндээ анх удаа 2.9 их наяд ам.долларт хүрснийг тэрбээр онцлон анхааруулав. НҮБ-ын үр нөлөө нь гишүүн орнуудын эв нэгдлээс шууд хамаарна гэдгийг тэмдэглэв.
Монгол Улс олон улсын энх тайванд оруулж буй хувь нэмрээ бататгаж, 2047-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа албан ёсоор мэдэгдэв. Монгол Улс 2002 оноос хойш дэлхийн халуун цэгүүдэд 23,000 гаруй энхийг сахиулагчдыг илгээгээд байгааг .
Уур амьсгалын хямралын эсрэг Монгол Улсын уламжлалт нүүдлийн соёл, эх байгальтайгаа зохицон амьдрах мэдлэгт суурилсан “Бэлчээрийн асуудлаарх тэргүүлэх санаачилга”-ыг олон улсад танилцуулж, 2026 онд Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (UNCCD COP17) амжилттай зохион байгуулсныг дурдав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илтгэлийн төгсгөлд “Монголын их амар амгалангийн мөн чанарыг онцолж, НҮБ-аар төвлөрсөн дэлхий нийтийн их амар амгалан руу” шилжих үзэл санааг дэвшүүлж байснаа дахин нотолж, олон улсын тогтвортой байдлыг бэхжүүлэхийг уриалсан юм.
Энэ талаар НҮБ-ын мэдээллийн албан ёсны цахим хуудсанд тэмдэглэхдээ, “Pax Globalica” буюу “Дэлхийн их амар амгалан” нь дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагааг илэрхийлсэн үзэл баримтлал юм.
Өмнөх “Pax” буюу “энхийн эрин”-үүд нэг гүрний давамгайлал дор хэрэгжиж байсан бол “Pax Globalica” нь НҮБ зэрэг олон талт байгууллагуудаар дамжуулан бүх улс орны хамтын хүчин чармайлтаар буй болох дэлхийн энх тайвны шинэ загвар юм. “Pax Globalica” нь одоогоор өргөн хэрэглэгддэг геополитикийн ойлголт биш боловч дэлхийн шинэ дэг журам тогтоох үзэл санаа юм. Энэ ойлголтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын түүхтэй холбон тайлбарлаж, НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойн үеэр “Pax Mongolica”-гийн өв, сургамжийг дурдан, НҮБ-ын гишүүн бүх улс орнууд XXI зууны “Pax Globalica”-г хамтдаа бүтээхийг уриалсан гэж тэмдэглэсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!