Индэр    
0 минутын өмнө
Зураг
Судлаач, шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор, Хүндэт дипломат, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэн түүхэн үйл явц: Сорилт, амжилт - I

Редакцын бус нийтлэл
Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс 1921 онд тусгаар тогтнолоо байлдан олж, арваннэгдүгээр сарын 5-нд Зөвлөлт Оростой найрамдлын гэрээ бичиг байгуулж, дипломат харилцаа тогтоон, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа Тунхагласнаас хойш 25 жил болсон байв.

Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн (АЗ) Байнгын хоёр гишүүн бөгөөд умард хөрш ЗХУ-тай найрамдал, хамтын ажиллагааны шинэ гэрээ байгуулж, Дундад улс хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоов. Энэ тухай 1946 оны гуравдугаар сарын 6-нд маршал Х.Чойбалсан Францын «Ссория» (“Ce soir”-Сё свуар гэх франц үгийг тухайн үед Ссория гэж хөрвүүлсэн байна Д.У) сонины Москва дахь сурвалжлагч Джоржи Суриядаугийн (Georges Suriya) тавьсан дөрвөн асуултад бичгээр хариулахдаа дэлгэрэнгүй дурджээ. Мөн өдөр ЗСБНХУ-д суугаа Хятадын «Централь» сонины сурвалжлагч Зо Чиняй (Жу Цинюй-Zhu Xingui)-гийн асуултад бичгээр хариулт өгөхдөө ч нэгэн адил тэмдэглэсэн байна.

Тийнхүү БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд, маршал Х.Чойбалсангаас 1946 оны зургаадугаар сарын 21-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Трюгве Ли-д (Trygve H.Lie) илгээсэн өргөдөлдөө: «БНМАУ-ын ард түмэн нь өөрийн их хөрш ЗХУ-д эд материалын тус нэмрийг үзүүлэн, Нэгдсэн Үндэстний талд орж, фашист улсуудын эсрэг тэмцэлд оролцсоныг Аюулгүйн Зөвлөл ба түүнчлэн Ерөнхий Их хурлын анхааралд толилуулах нь зүйтэй хэмээн тус улсын Засгийн газраас үзнэ. БНМАУ нь 1945 оны наймдугаар сарын 10-ны өдөр Японд дайн зарлаад, энэхүү улсыг эсэргүүцсэн дайны явдалд оролцсон юм. Нэгдсэн Үндэстний нийтийн хэрэгт Монголын ард түмнээс үзүүлсэн энэхүү тус нэмрийн тухай Аюулгүйн Зөвлөл ба түүнчлэн Ерөнхий Их хурал мартахгүй бөгөөд БНМАУ-ыг Нэгдсэн Үндэстний (Байгууллагын Д.У) гишүүнд элсүүлэн авах тухай хүсэлтийг зөвшөөрөн авч үзэх болов уу хэмээн БНМАУ-ын Засгийн газар үнэхээр итгэж байна» гэсэн байв. Энэхүү өргөдөлд БНМАУ НҮБ-ын Дүрмийн дагуу өөрт ногдох үүрэг, хариуцлагыг хүлээн авч, түүний бүх үндэслэлийг биелүүлэхэд бэлэн байна гэдгийг илэрхийлжээ.

Тодруулга: ЗХУ-ын БХЯ-ны Цэргийн тагнуулын газрын ажилтан асан, 1978 онд Өрнөдөд гарсан цэргийн түүх судлаач Виктор Суворов 1995 онд хэвлүүлсэн “Последняя Республика” бүтээлдээ тэмдэглэхдээ: «АНУ, Их Британий зэрэгцээ Сталины бас нэг холбоотон нь Монгол Улс байсан гэдгийг заримдаа мартдаг. Энэ холбоотон ач холбогдлоороо Америкаас дутахгүй байсан гэвэл шоолж инээх гэж яарсны хэрэггүй. Учир нь Монгол Улс олон хоньтой, хонины нэхий бол дулаан хувцас хийдэг стратегийн бүтээгдэхүүн, энэхүү стратегийн бүтээгдэхүүн байлдааны зарим үед танк, их буунаас ч илүү үнэлэгддэг байлаа. Нэхий байх, эс байх эсэх нь ялах, ялагдахыг ч тодорхойлох үе байв. Монголтой холбоотон болсноор Сталин энэхүү бүтээгдэхүүнээр хангагдаж байсан юм» гэж үнэн түүхийг бичсэн байдаг.

зураг
 
Маршал Х.Чойбалсангийн гарын үсэгтэй НҮБ-д гишүүнээр элсэх анхны өргөдөл 1946 оны 6-р сар

НҮБ-ын АЗ-өөс томилогдсон шинээр гишүүн элсүүлэх хороо Монголын өргөдлийг 1946 оны наймдугаар сарын 6-нд хэлэлцжээ. Нью-Йорк хотноо болсон комиссын хурал дээр Гоминданы Хятадын (Чан Кайшийн) Байнгын төлөөлөгч Го Тайчи (Guo Taiqi 1888-1952) БНМАУ-ын өргөдлийг нэг жилээр хойшлуулъя, учир нь зөвхөн СССР-тэй дипломат харилцаатай, манай оронтой элчин солилцохоор тохирсон, бусад орнуудтай дипломат ба консулын харилцаагүй байгаа явдал нь дэлхий дахины байгууллагад гишүүн болох явдалд БНМАУ бэлэн болоогүй байгаагийн гэрч мөн, НҮБ-ын гишүүний үүргийг энэ улс биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байхын тулд сайн танилцах хэрэгтэй, бусад орнуудтай харилцаа холбоогүй байгааг зөвхөн газарзүйн алслагдсанаар тайлбарлагдахгүй, БНМАУ-д тусгаар тогтнол олгосон орны хувьд Хятад улс тохиромжтой цаг ирэхэд тус орны өргөдлийг баяртай дэмжих болно гэж аягласан байна. БНМАУ-ын өргөдлийг хүлээн авахыг дэмжиж ЗХУ-ын Байнгын төлөөлөгч А.А.Громыко хэлэхдээ: БНМАУ бие даасан ардчилсан залуу улс, 25 жил оршин тогтнож байгаа, тэнхлэгийн гүрнүүдийн эсрэг Нэгдсэн Үндэстнүүдийн тэмцэлд их хувь нэмэр оруулсан, Пирл-Харборын явдлаас өмнө Японы түрэмгийлэлд өртөж байсан, фашист германы эсрэг дайнд улаан армид эд материалын тусламж нэн даруй үзүүлсэн, өөрийн хөрөнгөөр танкийн бригад, нисэх онгоцны эскадриль байгуулан дайн дуустал хөрөнгөөрөө ажиллуулсан, 1945 оны наймдугаар сард Японд дайн зарлаж, Алс Дорнодод дайны голомтыг дарахад шууд оролцсон, 195 сая төгрөг буюу 50 сая долларын хохирол хүлээсэн, Хятадын саналд гайхаж байна гэжээ. Польшийн Байнгын төлөөлөгч Ланже (Oscar Lange) Хятадын төлөөлөгчийн тавьсан саналыг гайхаж байна, аливаа улсыг бусад улсын зүгээс албан ёсоор зөвшөөрөх гэсэн явдал бол тус улсыг НҮБ-д элсүүлэхэд холбогдолгүй гэж хэлсэн байна. АНУ, Их Британи, Дундад улс болон бусад зургаан улсын төлөөлөгчид БНМАУ-ын тухай шинэ мэдээ авахаас нааш тодорхой санал гаргахаас татгалзаж, ийнхүү Нью-Йоркт Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид хүрэлцэн ирэхээс нааш БНМАУ-ын өргөдлийг цаашид хэлэлцэхийг тус комиссоос хойшлуулжээ. Чингэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газраас Монголын төлөөлөгчдийг урьсан цахилгаан утас ирсэн учиртай ажээ. Урилгын хамт НҮБ-ын АЗ-өөс БНМАУ-ын Засгийн газарт тус улсын гадаад харилцаатай холбоотой үндсэн дөрвөн асуулт тавьсан байв.

Тийнхүү Улаанбаатарт томоохон бэлтгэл ажил өрнөжээ. Үүнд: нэгд, Олон улсын хоорондын асуудлын талаар холбогдох материалуудыг НТХ-ны Дүгэрсүрэн, Содномдондог, хоёрт, Монголын түүхийн талаар Цэрэндорж, Чойжил, гуравт, Зөвлөлт, Монголын харилцааны асуудлаар Цэдэн, дөрөвт, БНМАУ эх орны дайны үед сэдвээр Дүгэрсүрэн, тавд, Монгол ба Японы харилцааны талаар Н.Лхамсүрэн, Б.Жаргалсайхан, зургаад, Монгол ба Хятадын харилцааны тухай асуудлуудыг дурдсан хоёр бэлтгэх болсон байна. Түүнчлэн Атлантын болон Тегеран, Ялта, Потсдамын бага хурлын Тунхаглал, Думбартон-Окс, Сан Францискогийн хурлын материал, НҮБ-ын Дүрэм, хуралдааны материал, Франклин Рузвельт, Уинстон Черчиль, Чан Кайши нарын хэлсэн үг, Парисын бага хурлын материал, Ялтын бага хурлын үеэр гаргасан Монголын тухай Тунхаглал (Ялтын бага хурлын үеэр байгуулсан Японы эсрэг дайнд ЗХУ орохтой холбогдсон маш нууц хэлэлцээрийн 1 дүгээр заалт Д.У), Оуэн Латтимор, Хенри А.Уоллес нарын статьянууд, 1921, 1946 оны Монгол-Зөвлөлтийн гэрээ зэрэг маш олон материалууд орсон байна. Мөн төлөөлөгчдийн нэрийн хуудас, туг далбаа, үнэмлэх монгол, орос, англи хэлээр бэлтгэх зэрэг байв.

ГЯЯ-ны сайд агсан Н.Лхамсүрэнгийн дурсамжаар энэхүү хуралдаанд оролцох БНМАУ-ын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчдийн тэргүүнээр Монгол дахь Зөвлөлтийн элчин сайд И.А.Ивановын “саналаар” маршал Х.Чойбалсан МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн залуу дарга Ю.Цэдэнбалыг томилжээ. Төлөөлөгчдийн тэргүүний хувьд түүнийг Ерөнхий сайдын Нэгдүгээр орлогч болгосон байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ГЯЯ-ны орлогч сайд Н.Лхамсүрэн, мөн яамны референт Б.Жаргалсайхан зэрэг хүмүүс оржээ. Төлөөлөгчид хуралдаанд оролцох бэлтгэлээ Москвад очиж дуусгаад Нью-Йорк орох замдаа Парист Зөвлөлтийн ЭСЯ-нд саатаж В.М.Молотовтой ярилцжээ. В.М.Молотов, Ю.Цэдэнбал хоёрын ярилцлагын гол сэдэв нь тэр жилээ дөнгөж тусгаар тогтноод байсан, Их Британийн мандатын нутаг дэвсгэр Трансиорданы (Иордан Д.У) вант улсын тухай байжээ.

Ю.Цэдэнбал тэргүүтэй Монголын Засгийн газрын төлөөлөгчид Нью-Йоркт очмогцоо НҮБ-ын АЗ-өөс тавьсан үндсэн дөрвөн асуултын хариуг тус Зөвлөлд өгчээ.

1946 оны наймдугаар сарын 28-нд НҮБ-ын АЗ-ийн хурал НҮБ-ын гишүүн элсүүлэх комиссоос Албани, БНМАУ, Афганистан, Трансиордан, Ирланд, Португал, Исланд, Швед зэрэг 8 улсын өргөдлийн тухай оруулсан илтгэлийг хэлэлцэж эхлэв.

Шинэ гишүүн элсүүлэх тухай ерөнхий шүүмжлэл эхлэхэд АНУ-аас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хершел Жонсон НҮБ-д шинээр гишүүн элсүүлэх явдал дээр универсиализмын зарчмыг хэрэглэхийн чухал учрыг дэлгэрэнгүй тайлбарлажээ. Тэрбээр энэ зарчмыг тайлбарлахдаа “Нэгдсэн Үндэстнүүд амжилт олохыг хүсэх бол нэг ч улс түүний гадна гарцаагүй хэрэгтэй хугацаанаас удаанаар байх ёсгүй. Иймд миний Засгийн газар НҮБ-ын Дүрмийн 4 дүгээр зүйлд зохицуулан бололцооны хэрээр НҮБ-ыг шинэ гишүүдээр өргөтгөх алсыг харсан шийдвэр гаргах саналыг АЗ-д тавьж байна. Үүнээс үндэслэн Зөвлөл өргөдөл өгсөн бүх улсыг НҮБ-д нэгэн зэрэг элсүүлэхийг зөвлөсөн шийдвэр гаргах санал оруулъя” гэсэн байна. Америкийн саналыг АЗ-ийн 11 гишүүн улсаас (энэ үед АЗ-ийн гишүүн 15 биш 11 байсан болно Д.У) Бразил, Мексик, Египетийн төлөөлөгчид зөвшөөрөн дэмжиж, Австралийн төлөөлөгч үл зөвшөөрөв. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Трюгве Ли нэгэн адил дэмжжээ.

Гэвч Зөвлөлтийн Байнгын төлөөлөгч А.А.Громыко ангийн шалгуур зарчим баримтлан АНУ-ын төлөөлөгчийн саналын «алдаатай болохыг илчлээд» өргөдөл өгсөн улс “...орнуудыг эд хогшилд ханддаг шиг хандлагаар авч үзэж болохгүй. Бүх орнуудыг түгээмлээр нэг маягаар үзэж, тийм журмаар НҮБ-д оруулж болохгүй” харин тус бүрд нь холбогдох материал, нөхцөлүүдийн үүднээс өргөдөл тус бүрд нягтлан авч үзэх хэрэгтэй гэж хэлэв. Иймээс Британийн Байнгын төлөөлөгч сэр А.Кадоганаас (Sir Alexander Cadogan 1933-36 онд Бээжинд Британий ЭСЯ-нд элчин зөвлөх, элчин сайд, Гадаад Монголын талаар сайн мэдлэгтэй. Ялтын хэлэлцээрт Гадаад хэргийн Байнгын орлогч сайдын хувиар оролцсон Д.У) “өргөдөл өгсөн хоёр улс дээр эргэлзээ байна” гэж БНМАУ, Албани хоёрыг битүүгээр хэлжээ. Голландын Байнгын төлөөлөгч Ван Клеффенсийн (E.H. van Kleffens) үг ч Их Британитай адил байв.

Зөвлөлтийн төлөөлөгчийн байр сууриас болоод АНУ-ын түгээмэл буюу өргөдөл өгсөн бүх улсыг нэгэн зэрэг элсүүлэх санал унахад Америкийн төлөөлөгч байр сууриа өөрчилж, Албани болон Монголын өргөдлийн тухай НҮБ-ын АЗ-өөс шийдвэр гаргахгүйгээр эдгээр өргөдлийг хэлэлцэх явдлыг хойшлуулах хэрэгтэй гэж хэлэв. Их Британий Байнгын төлөөлөгч мөн адил байр суурь илэрхийлжээ. Өргөдлийг нэг бүрчлэн хэлэлцэх явцад Гоминданы Хятадаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Цян Тинфу (Tsiang Tingfu 1895-1965) АЗ-ийн тавьсан асуултад хариулсан БНМАУ-ын хариу нь Дундад улсад хангалттай учир өргөдлийг дэмжихэд бэлэн гэж хэлчхээд утгагүй зүйл ярьсан нь Монголчуудыг дарлаж байсан Манж-Хятадын дарлалын хоёр зуун жилийн түүхийг алгасан харайж “Монголчууд Хятадыг байлдан эзэлж, бид түрэмгийлэлд хэлмэгдэж байсан”, “Дундад улс БНМАУ-д тусгаар тогтнолыг олгосон орон” гэх зэргээр хэлж байжээ. АНУ Зөвлөлтийн байр сууринаас шалтгаалан Монголын тухайд татгалзах санал өгөх хандлагатай болоход Хятадын БНУ дэмжсэн байр суурь илэрхийлэх бодлого баримталж байсан нь уялдан зохицуулсан бодлогын илрэл байв.

Британийн төлөөлөгчийн гаргаж ирсэн ганц зүйл нь БНМАУ зөвхөн хоёр улстай дипломат харилцаатай учраас олон улсын харилцааны туршлага хүрэлцэхгүй гэжээ. АНУ БНМАУ-ыг оролцуулан өргөдөл гаргасан бүх улсыг НҮБ-д гишүүнээр элсүүлэн авах саналаа тов тодорхой илэрхийлсэн юм.

ЗХУ БНМАУ-ыг НҮБ-д үнэхээр гишүүнээр элсүүлэхийг хүсэж байсан бол АНУ-ын түгээмэл буюу нийтээр нь элсүүлэх санал, зарчим дээр зөвшилцөж болох байсан ба хэрэв Америкийн санал унахад хүрвэл Зөвлөлтийн дэмжиж байсан Монголын эсрэг санал өгөх нь ойлгомжтой байсан хэрэг. НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишүүдийн нэг нь санал өгөөд татгалзахад өргөдлийг хүлээн авахгүй журамтайг Зөвлөлтийн төлөөлөгч ойлгож байсан нь илэрхий юм. Тиймээс БНМАУ-ыг НҮБ-д гишүүнээр элсүүлснээс Трансиорданыг элсүүлэхгүй байх нь ЗХУ-д илүү дээр хийгээд стратегийн талаасаа ашигтай байсан бололтой. ЗХУ өөрөө 1949, 1950-иад онд өргөдөл гаргасан улсуудыг түгээмэл зарчмын үндсэн дээр ялгаварлахгүйгээр элсүүлэх санал дэвшүүлсэн боловч тэр нь дэндүү хожимдсон хэрэг болсон юм.

Харин НҮБ-ын АЗ-ийн Байнгын гишүүн Франц улс л элдэв тайлбар, шалтаг, шалтгаан, ил далд эрх ашиг, болзол тоочилгүй, бусад гүрний нөлөөнд авталгүй, бие дааж БНМАУ-ыг НҮБ-д гишүүнээр элсэхэд саналаа өгчээ. Үүгээрээ Франц улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг аль 1946 онд “de facto” хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болохоор байгаа юм

БНМАУ-ыг НҮБ-д гишүүнээр элсүүлэх АЗ-ийн гишүүн 11 улсаас санал хураахад ЗХУ, Франц, Гоминданы Хятад, Польш, Мексик, Бразил зэрэг 6 улс “төлөө” санал өгч, АНУ, Их Британи, Голланд гурав татгалзаж, Австрали, Египет хоёр түдгэлзэв. Ийнхүү АЗ-ийн байнгын хоёр гишүүн НҮБ-д авахыг татгалзсан тул Монгол Улсын өргөдлийг хүлээн авалгүй хойшлуулжээ.

Монголын төлөөлөгчид Нью-Йоркоос буцаж ирсний дараа Ю.Цэдэнбал Улаанбаатар хотын намын идэвхтний хурал дээр “БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд аваагүйн шалтгаан” гэсэн томоохон илтгэл тавьж, түүнд Өрнөдийн орнуудыг шүүмжлэн буруутгаж, ЗХУ-ыг магтан сайшаасан байна.

Монгол Улс НҮБ-д элсэхийн төлөө 1946 оноос эхлэн 1961 он хүртэл 15 жилийн туршид 4 удаа өргөдөл гаргаж, нийтдээ 13 удаа хэлэлцэгдэж, Х.Чойбалсангийн гарын үсэгтэй хоёр дахь өргөдлийг 1948 оны 10 дугаар сарын 25-нд илгээжээ. Үүнийг 1949 оны 6 дугаар сарын 16; 1951 оны 12 дугаар сарын 19; 1952 оны 2 дугаар сарын 1; 1952 оны 9 дүгээр сарын 5; 1954 оны 11 дүгээр сар; 1955 оны намар тус тус хэлэлцэж байжээ.

Гурав дахь удаад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Даг К. Хаммаршельдын (Dag Carl Hammarskjőld) нэр дээр СнЗ-ийн дарга Ю.Цэдэнбалын гарын үсэгтэй өргөдлийг 1956 оны есдүгээр сарын 14-нд гардуулсныг мөн оны арванхоёрдугаар сарын 12-нд хэлэлцүүлсэн байна. Энэ тухай “БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тухай асуудал”-нэртэй түүхчилсэн томоохон өгүүлэл «Үнэн» сонины есдүгээр сарын 4-нд нийтлэгджээ.

Сүүлчийн удаа 1957 оны есдүгээр сарын 1-нд ГЯЯ-ны сайд С.Аварзэдийн гарын үсэгтэй өргөдлийг 1957 оны есдүгээр сарын 9-нд хэлэлцэж байжээ. Гол нь Чан Кайшийн Хятад, АНУ, түүнчлэн ЗХУ-ын ангич байр сууринаас шалтгаалан хойшлогдсоор байжээ.

Хэдий тийм боловч 1957 онд Монгол Улс НҮБ-ыг дэмжих Монголын нийгэмлэг төрийн бус байгууллагыг байгуулан ажиллуулж идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Энэ хугацаанд Франц улс БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэхийн төлөө саналаа өгч байсан байх бөгөөд 3 удаа түдгэлзэж байжээ. Олон улсын эрхзүйн практикт “түдгэлзэх” нь эсэргүүцсэний шинж биш гэж үзэх ёсон байсаар иржээ. Франц улс БНМАУ-ыг аль 1946 онд “de facto” хүлээн зөвшөөрсөн тухай ярихдаа үүний өмнө Ялтын холбоотон гурван гүрний хэлэлцээрээр АНУ, Их Британи хоёр БНМАУ-ын (Гадаад Монгол) “status quo”-г (одоогийн бодит байдал) хүлээн зөвшөөрсөн байсныг тэмдэглэх хэрэгтэй. Иймээс Их Британи БНМАУ-ыг НҮБ-д гишүүнээр элсэхэд “олон улсын харилцааны туршлага хангалтгүй” гэж эсрэг санал өгснөөс биш, БНМАУ-ын оршин байгаа бодит байдлыг үгүйсгээгүй юм. АНУ-ын хувьд Байнгын төлөөлөгч Хершел Жонсон хэлэхдээ: “Хэрэв одоо өргөдлөө өгсөн орнуудын тоонд олон улсын ач холбогдлын үүднээс улс биш буюу Дүрмээр хүлээх үүргүүдээ биелүүлэхэд шаардагдах засаг захиргаа эсхүл материаллаг зүйлсгүй тийм орон байсан бол бид ийм санал оруулахгүй байх сан билээ. Үүнээс үндэслэн одоо өргөдлөө өгсөн улсуудыг бүгдийг нь элсүүлэн авахыг Ерөнхий Ассамблейд зөвлөх шийдвэр гаргахыг Зөвлөлөөс хүснэ” гэж мэдэгдсэн нь Монгол Улсын тухайд «status quo»-г хүлээн зөвшөөрснөө дахин нотолсон төдийгүй de facto хүлээн зөвшөөрөх бодолтой байсан хэрэг байв. Тэгэхлээр 1946 онд БНМАУ-ыг ЗХУ, АНУ, Их Британи, Франц, Дундад улс хүлээн зөвшөөрсөн байв.

1947 оны долдугаар сарын 18-нд НҮБ-ын АЗ-д Монголын өргөдлийг хэлэлцэхэд Байтаг Богдын хэрэг явдлаас шалтгаалан Гоминданы (Чан Кайшийн) Хятад буюу Дунд улс, АНУ, Их Британи татгалзсан байна. 1948 оны дөрөвдүгээр сарын 7-ны НҮБ-ын АЗ-ийн Байнгын гишүүдийн зөвлөлгөөн дээр ЗСБНХУ-ын төлөөлөгч мэдэгдэхдээ бусад гүрнүүд Албани, БНМАУ-ыг элсүүлэхийг зөвшөөрвөл Трансиорданийг элсүүлэхэд татгалзахгүй гэж наймаалцах гэсэн боловч Гоминданы Хятад, АНУ, Их Британи, Франц саналыг хүлээж аваагүй ажээ.

1949 оны зургаадугаар сарын 16-нд НҮБ-ын АЗ-д БНМАУ-ыг оролцуулан 12 улсыг нэгэн зэрэг элсүүлэх ЗСБНХУ-ын оруулсан саналыг хэлэлцэхэд Гоминьданы Хятад, Канад татгалзаж, түгээмэл зарчмыг санал болгож байсны хувьд АНУ анх удаа түдгэлзсэн байна.

1955 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Х чуулган дээр БНМАУ-ыг оролцуулан өргөдөл өгсөн 18 улсыг бүгдийг нэгэн зэрэг НҮБ-д элсүүлэх тухай тогтоолын төслийг 52 улс баталж, АНУ түдгэлзсэн байна. 1955 онд НҮБ-ын АЗ-д санал хураахад Их Британи дэмжиж, АНУ мөн л түдгэлзжээ. 1956 онд АНУ, Их Британи, Франц түдгэлзсэн байна. 1957 оны есдүгээр сарын 9-нд НҮБ-ын АЗ-д санал хураахад Их Британи, Франц хоёр түдгэлзсэн байна.

1955 оны НҮБ-ын намрын чуулганаар БНМАУ, Японыг оролцуулан 18 улсыг нэгэн зэрэг универсиализмын зарчмаар НҮБ-д гишүүнээр элсүүлэх тухай Канадын саналыг АЗ авч хэлэлцжээ. Энэ үед НҮБ-ын АЗ-д Чан Кайшийн Хятад 18 улсаас 11-ийг нь элсүүлэх, мөн үүн дээр Өмнөд Солонгос, Өмнөд Вьетнамыг шинээр нэмж оруулах саналыг гаргаж тавьжээ. ЗХУ Өмнөд Солонгос, Өмнөд Вьетнамыг хүлээн зөвшөөрч байгаагүй учраас энэ хоёр орныг НҮБ-д гишүүнээр элсүүлэх Чан Кайшийн Хятадын саналыг эсэргүүцэж, “хориг”тавьсан бөгөөд Гоминданы Хятадын Байнгын төлөөлөгч Цян (Tsiang Tingfu ) ч аанай л Монгол, Япон хоёр дээр “хориг” тавих эрхээ эдэлсэн юм. Урьд нь БНМАУ 1949 оны аравдугаар сард Чан Кайшийн Хятадтай дипломат харилцаагаа тасалж, ардчилсан хувьсгалын дүнд шинээр байгуулагдсан БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон байв. Зөвлөлт-Дундадын хооронд байгуулсан холбоо, харилцааны тухай 1945 оны наймдугаар сарын 14-ний гэрээг 1953 онд Чан Кайшигийн Засгийн газар мөн цуцалсан билээ. Энэ гэрээнд БНМАУ-ыг Дундад улсын Засгийн газар хүлээн зөвшөөрсөн заалт орсон байсан юм.

1955 оны намар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Х чуулган дээр БНМАУ-ыг оролцуулан өргөдөл өгсөн 18 улсыг бүгдийг нэгэн зэрэг НҮБ-д элсүүлэх тухай тогтоолын төслийг 52 улс баталсны нэг нь Турк байв. Түтгэлзсэн Бельги, Франц, Грек, Израиль, АНУ, татгалзсан Куба, Гоминданы Хятад байв. 1955 оны арванхоёрдугаар 12-нд НҮБ-ын АЗ-д санал хураахад Байнгын гишүүн ЗХУ, Франц, Их Британи, Байнгын бус 6 гишүүн Бразил, Иран, Турк, Шинэ Зеланд, Пер дэмжиж, “төлөө” санал өгсөн бол АНУ түдгэлзэж, Гоминданы Хятад татгалзжээ.

НҮБ-ын Дүрмээр АЗ-ийн Байнгын таван гишүүн санал хураалтад оролцоод “эсрэг” санал өгвөл шинээр гишүүн элсдэггүй, мөн тогтоолын төсөл батлагддаггүй журамтай.

1956 оны арванхоёрдугаар 12-нд НҮБ-ын АЗ-д санал хураахад ЗХУ, Югослав, Иран, Перу “төлөө” санал өгч, Гоминданы Хятад, Куба, татгалзаж, АНУ, Их Британи, Франц, Бельги, Австрали түдгэлзэв.

1957 оны есдүгээр сарын 9-нд НҮБ-ын АЗ-д санал хураахад ЗХУ, Швед “төлөө” санал өгч, Гоминданы Хятад, Колумби, Куба, АНУ, Филиппин татгалзаж, Австрали, Их Британи, Франц, Ирак түдгэлзэв.

1960 он гарахад нөхцөл байдал өөрчлөгдөж, НҮБ-ийн гишүүн шинээр тусгаар тогтносон Ази, Африкийн бүлэг орнуудаас Гоминданы Хятадын НҮБ-д төлөөлөх эрхийг ноцтой хөндөж байсан үед 1961 оны аравдугаар сарын 25-нд НҮБ-д шинээр гишүүн элсүүлэх талаар НҮБ-ын АЗ-ийн хурал болж, БНМАУ, Мавританийн өргөдлийг авч хэлэлцжээ. ЗХУ-ын Байнгын төлөөлөгч В.А.Зорин НҮБ-д БНМАУ-ыг гишүүнээр авах талаар ЗХУ-аас оруулсан тогтоолын төслийг АЗ-өөс батлахыг уриалжээ. Дараа нь АЗ-ийн Байнгын бус гишүүн Либери улсын төлөөлөгч Борнес (Nathan Barnes) Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсэх явдлыг дэмжихээ илэрхийлэв.

НҮБ-д хууль бусаар суугаа Гоминьданы Хятадын Байнгын төлөөлөгчийн орлогч Цзя (Y.C.Hsueh) хэлэхдээ: Монгол Улс XIII зууны эхэн үеэс Хятадын салшгүй хэсэг байсан гэх зэргээр иш үндэсгүй үг хэлж төгсгөлд нь Мавритани улсыг НҮБ-д гишүүнээр элсэх явдлыг дэмжихийн тулд Монголын талаарх санал хураахад оролцохгүй гэжээ. Тухайн үед Чан Кайшийн Хятадын НҮБ-ын АЗ-д төлөөлөх эрх нь хууль, эрхзүйн хувьд ноцтой хөндөгдөөд байсан үед арга буюу, түүнчлэн Мавританийг дэмжихийн тулд Монголын төлөө санал хураалтад оролцоогүй юм.

НҮБ-ын дэргэд суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгчийн орлогч Хуберт Иост (Hubert Jost) хэлэхдээ: “Өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш бидний өмнө зогсож байсан энэ асуудлын талаарх бэрхшээлүүдийг одоо бид давж дийлэхэд ойртсон шиг бололтой. Ноён Даргаас өнөөдрийн хэлэлцэх дэс ба түүнийг хялбар болгох талаар оруулсан саналын талаар бидэнд зөвшөөрөхгүй зүйл алга. Бид үүний өмнөх адил, нэг улсын өргөдлийг нөгөө улсын өргөдөлтэй уяж холбох явдлыг буруу гэж үзсээр байна. Олон улсын шүүхээс ч үүнийг Дүрмийн эсрэг зүйл гэж үзсэн билээ. Энэ чухал зарчмыг дахин дахин хатуу мөрдөж, шаардаж байх нь чухал гэж бид үзэж байгаа бөгөөд НҮБ-ын ихэнх гишүүд ч үүнийг зөвшөөрнө гэдэгт бид итгэж байна. Гэхдээ ноён Даргын тавьж байгаа санал бол энэ зарчмын дагуу зүйл юм. Иймээс ч бид тус зөвлөлийн гишүүд нь саналаа өгөхийн өмнө аль нэгэн үл ойлголцох явдал гаргахгүйн тулд тус хоёр өргөдлийн талаар өөрийн баримталж байгаа шугамыг тодорхой хэлэх тухай ноён Даргын саналыг тун зөв гэж дэмжиж байна. Бид ч үүнийг дагаж мөрдөх болно.

АНУ Мавританыг элсүүлэх явдлыг дэмжиж байгаагаа дахин илэрхийлье. Энэ талаар би дараа дахин ярих болно. Нөгөө нэг өргөдлийн хувьд гэвэл, үүнээс нэлээд өмнө АНУ, өөрөө ямар саналтай байгаагаас үл хамааран, НҮБ-д Гадаад Монголыг элсүүлэх явдалд ямар ч саад хийхгүй гэж ноён Стевенсон (энэ үед АНУ-ын Байнгын төлөөлөгчөөр Adlai E.Stevenson (1900-1965) ажиллаж байжээ) тус АЗ-д мэдэгдсэн билээ. Үүний шалтгаан нь нийтэд тодорхой байгаа биз. Гадаад Монгол НҮБ-ын гишүүн байж чадах улс гэж дүгнэснийг АНУ анхааралдаа авсан юм. Иймээс бид Ерөнхий Ассамблейн энэ шийдвэрийг хүндэтгэж энэ асуудал болоод Ерөнхий Ассамблейд хэлэлцэгдэх үед ямар ч саад хийхгүй болно. Иймээс Гадаад Монголыг элсүүлэх тухай тогтоолд санал өгөхөд АНУ түдгэлзэх болно” гэсэн юм.

Монгол Улсын НҮБ-д гишүүнээр элсэхэд “замыг нь засахын тулд” санал хураахад түдгэлзэнэ гэв. Тийнхүү АНУ, Чан Кайшийн Хятад хоёр НҮБ-д БНМАУ-ыг элсүүлэх асуудал дээр харилцан тохиролцсон нь Байнгын төлөөлөгчийн түвшинд биш, харин Байнгын төлөөлөгчийн орлогчийн түвшинд Цян үг хэлж, санал хураалтад оролцоогүй бол, АНУ-ын Байнгын төлөөлөгчийн орлогч Х.Иост үг хэлж, санал хураалтад түдгэлзэж, дипломат заншилд «дэмжихгүй ч эсэргүүцэхгүй» гэсэн байр сууриар харагдсан юм. НҮБ-ын дэргэд суугаа Францын Байнгын төлөөлөгч Берард (Armand Berard) хэлэхдээ: БНМАУ-ын кандидатурын эсрэг хэзээ ч зогсож байгаагүй юм. Зарим санал хураалтад түдгэлзэж, заримд нь элсүүлэхийн төлөө саналаа өгч байсан юм. Францын төлөөлөгч БНМАУ-ыг элсүүлэхийн төлөө саналаа өгнө. Энэ бол БНМАУ-ын тусгаар тогтнох зориг хүслийг итгэмжилж байгаа бөгөөд тус орны байгууллагууд ардчилсан чиглэлээр хөгжинө гэж найдаж байгаагийн шинж тэмдэг юм гэжээ.

Нэгдсэн Хаант улсын Байнгын төлөөлөгч элчин сайд сэр Патрик Деан (Sir Patrick Dean) манай төлөөлөгч нарийвчлан судалж үзсэний эцэст Гадаад Монголыг НҮБ-д элсүүлэхийг дэмжих саналаа өгөхөөр шийдсэн юм. Үнэндээ бидэнд Гадаад Монголыг тусгаар тогтносон гэж үнэмших баримт бага байгаа бөгөөд үгүй гэх баримт бас нэгэн адил бага байна. Улс төрийн дүгнэлтийг нь бид хүндэтгэдэг Энэтхэг зэрэг бусад орнууд Гадаад Монголыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон явдлыг харгалзсан ба би ч өнөөдөр бас үүнийг харгалзан үзэж байна гэжээ.

Дараа нь Арабын Нэгдсэн улсын Байнгын төлөөлөгч Лоутфу (Omar Loutfu), Цейлоны (Шри Ланк Д.У) Байнгын төлөөлөгч Сабасинхе (T.B. Subasinghe) нар дэмжихээ илэрхийлж дэлгэрэнгүй үг хэлжээ. Энэчлэн Эквадорын Байнгын төлөөлөгч Бенитес (Leopoldo Benites Vinueza), Чилийн Байнгын төлөөлөгч Швайтзер (Daniel Schweitzer) болон Туркийн Байнгын төлөөлөгч Түргүт (Turgut Menemencioglu) тус улсыг НҮБ-д элсэх явдлыг дэмжиж саналаа тайлбарлан ярив. Ийнхүү НҮБ-ын АЗ-ийн 11 гишүүд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд элсүүлэх төсөлд хэрхэн санал өгөх нь тодорхой болсон байна. Нөгөө талд 1961 оны намрын энэ удаагийн Аюулгүйн Зөвлөлийг Турк улс даргалж байжээ.

Санал хураасны дүнд НҮБ-ын АЗ-ийн гишүүдээс 9 нь зөвшөөрч, АНУ түдгэлзэн, Чан Кайшийн Хятад санал хураахад оролцоогүй тул БНМАУ-ыг НҮБ-ын гишүүн болгох асуудал АЗ-д олонхын саналаар шийдвэрлэгдсэнийг Аюулгүйн Зөвлөлийн дарга Туркийн Байнгын төлөөлөгч элчин сайд Рыфа́т Тургут Менеменжиоглу зарлаж, тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейд зөвлөмж болгов.

1961 оны есдүгээр сарын сүүлээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Даг К.Хаммаршельд Умард Родези буюу өнөөгийн Замбид нисэх онгоцны ослоор амь үрэгдэж, оронд нь НҮБ-ын дэргэд суугаа Бирмийн Байнгын төлөөлөгч У Тан (Pantanaw U Thant) Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж эхлээд байжээ. Чухамхүү энэ завсрын хүндхэн үед БНМАУ НҮБ-д гишүүнээр элссэн байна.

Мавританийн талаар НҮБ-ын АЗ-ийн гишүүд тус бүрийн байр суурийг илэрхийлсний дараа тус улсыг НҮБ-д элсүүлэх тогтоолын төсөлд санал хураахад Арабын Нэгдсэн Улс татгалзаж, ЗХУ түдгэлзэн бусад 9 гишүүн батлав.

1961 оны аравдугаар сарын 27-нд Ерөнхий Ассамблейн XVI чуулганы 1043 дугаар хуралдаанд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд элсүүлэхээр 23 улс төсөл оруулж хуралдаан БНМАУ-ыг НҮБ-д санал хураалгүйгээр элсүүлэх шийдвэр гаргасан байна. 1961 оны аравдугаар сарын 31-ний өглөөний 10:00 цагт Монгол Улсын төрийн далбааг НҮБ-ын Төв байрны өмнөд этгээдэд ёслол төгөлдөр мандуулав. Ийнхүү НҮБ-д элсэх олон жилийн хүчин чармайлт амжилтад хүрч, Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн 101 дэх гишүүн болсноор тус улсын тусгаар тогтнол олон улсын эрх зүгээр баталгаажиж, Монгол орон тусгаарлагдмал байдлаас гарч, дэлхий дахинаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах, “дэлхийн улс олон оронтой хамтран ажиллах өргөн зам тус орны өмнө нээгдэж, Өрнөдийн улс гүрнүүдээс тус орныг хүлээн зөвшөөрөх үе эхэлж”, тийнхүү эдүгээ НҮБ-д элссэний 65 жилийн ой тохиож байна.

зураг
 
Монгол Улс НҮБ-д элссэний дараа төлөөлөгчдийн тэргүүн ГЯЯ-ны Нэгдүгээр орлогч сайд Д.Цэвэгмэд НҮБ-ын ЕА-н чуулганы идэр дээрээс анх удаа үг хэлж, НҮБ-ын Төв байрны өмнө Монгол Улсын төрийн далбааг мандуулав

Судлаач Р.Болд бүтээлдээ НҮБ-д БНМАУ-ыг элсүүлэх тухайд АНУ Чан Кайшийн Хятадтай бодлогоо хэрхэн зохицуулж ирснийг АНУ-ын Гадаад харилцааны эх сурвалжийг үндэслэн Гадаад Монголын эсрэг хориг тавих нь түүнийг дэмжиж байсан олонхын эсрэг хориг болж буй тул НҮБ-д Гоминьданы төлөөлөх эрх ноцтой хөндөгдөх болсон, Гадаад Монголоос шалтгаалж чөлөөт олон улсыг элсүүлэх боломжийг алдаж буй, БНМАУ-ыг татгалзах АНУ-ын үндэслэлгүй байр сууринаас түүний төлөөлөгч нь хүртэл залхаж байсан, Ази, Африкийн улсуудын Бандунгийн бага хурлын зөвлөмжид Монгол Улс өөрийгөө тусгуулж чадаагүй, Америкийн дэмжлэгээр оршин тогтнож байгаа хэрнээ түүний бодлогыг үл тоомсорлож байсан Чан Кайшид шахалт үзүүлэх болсон тухай тус тус өгүүлсэн байдаг. “АНУ Гадаад Монголыг дэмжиж санал өгөхгүй, Гоминьданы Хятад дэмжсэн мэдэгдэл хийнэ, Ж.Кеннеди Чан Кайшид БНХАУ-ыг НҮБ-д оруулахгүй хориг тавих нотолгоог дипломат шугамаар өгнө, чингэвэл Дундад улс Гадаад Монголд хориг тавихгүй” гэж тохиролцжээ. Хөшигний ард БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхийг АНУ “дэмжсэн” нь түүний БНМАУ-ыг хүлээн зөвшөөрөх бодлогын үргэлжлэл байсан гэж дүгнэжээ. Тийнхүү БНМАУ НҮБ-д гишүүнээр элсэхэд АНУ чухал үүрэг гүйцэтгэж байсан нь хүйтэн дайн дуссаны дараа тодорхой болсон байдаг.

АНУ дандаа ч эсэргүүцэж байгаагүй бөгөөд 1949, 1955, 1956 онд түгээмэл зарчмаар санал орж ирэхэд гурван ч удаа түдгэлзэж байжээ. БНМАУ ЗХУ-ын ангич байр сууринаас болж аль 1946 онд НҮБ-д элсэх алтан боломжоо алдсан байна.

Ким Ил-Сон, Сталин, Мао Цзедун нарын шууд гардан зохион байгуулсан Солонгосын дайнд БНМАУ Хойд Солонгосын талд баттай зогсож, сэтгэл санаа, эд материалын үлэмжхэн тусламж үзүүлсэн, үүний хаялга НҮБ-д элсэх Монгол Улсын хүчин чармайлтыг олон жил хойш нь татахад нөлөөлсөн талаар огт хөндөж байгаагүй юм.

Байтаг Богдын хилийн мөргөлдөөнөөс шалтгаалан 1946-1949 оны БНМАУ, Дундад улс хоёр элчин төлөөлөгч харилцан суулгаж чадаагүй, 1949 оны аравдугаар сард БНМАУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтсон, 1953 оны хоёрдугаар сарын 24-нд Гоминданы Хятад 1945 оны наймдугаар сарын 14-ний Зөвлөлт-Дундадын найрамдал, холбоотны гэрээ, түүний хавсралтуудыг хүчингүй болгосон зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлж байжээ.

1961 оны арванхоёрдугаар сард Нью-Йорк хотноо НҮБ-ын дэргэд БНМАУ-ын Байнгын Төлөөлөгчийн газрыг нээв. Анхны Байнгын төлөөлөгчөөр Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Баярын Жаргалсайхан томилогдож, аравдугаар сарын 15-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У Танд Итгэмжлэх захидлаа гардуулсан түүхтэй ажгуу.