Индэр    
57 минутын өмнө
Зураг
Судлаач, шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор, Хүндэт дипломат, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн

Германы зүүн хэсгийн Саксони-Анхаль мужийн сонгуулийн үр дүн ба Германы ойрын төлөв

Редакцын бус нийтлэл
Зураг

2026 оны есдүгээр сарын 6-ны ням гарагт Германы зүүн хэсгийн чухал муж болох Саксони-Анхальт (Saxony-Anhalt)-д орон нутгийн сонгууль болж өндөрлөв.

Энэхүү сонгуульд нийт 5 гол нам парламентын (Landtag) суудалд хүрч чадсан бөгөөд тэдний авсан саналын хувь болон суудлын хуваарилалт маш ноцтой өөрчлөлтийг авчирсан гэж шинжээчид тэмдэглэж байна

Нийт 83 суудалтай дурдсан мужийн сонгуулийн дүн ба суудлын хувийг авч үзвэл хэт барууны үндэсхэрэх AfD Германы төлөөх альтернатив нам 43.8 хувь буюу 39 суудал, Төв-барууны консерватив CDU буюу Христийн ардчилсан холбоо 17.2 хувь буюу 15 суудал, Төв-зүүн канцлер асан О.Шольцын SPD Социал демократ нам 9.3 хувь буюу 10 суудал, Либерал, байгаль орчны үзэлт Ногоон нам 8.9 хувь буюу 10 суудал, Социалист, зүүн жигүүрийн Die Linke Зүүн нам 8.6 хувь буюу 9 суудал тус тус авчээ.

Хэт барууны AfD нам 43.8 хувийн санал авч хол түрүүлсэн ч, үнэмлэхүй олонх болоход ердөө 3 суудал дутсан тул дангаараа засгийн газар байгуулах боломжгүй хэмээн DW онцлов.

Герман улс бол Холбооны Бүгд Найрамдах улс бөгөөд нийт 16 бие даасан мужаас бүрддэг. Германы улс төрийн системд мужийн (орон нутгийн) сонгууль нь дараах 3 маш том стратегийн байр суурийг эзэлдэг байна.

зураг
 

Нэгд, Бундесрат буюу парламентын Дээд танхимын хяналт маш чухал байдаг байна. Германы парламент Холбооны түвшинд хууль батлахад зөвхөн Доод танхим буюу Бундестаг шийдэхгүй. 16 мужийн засгийн газрын төлөөлөгчдөөс бүрддэг Бундесрат асуудлыг шийддэг ажээ. Мужийн сонгуульд ялж, засаг барьсан намууд энэ Дээд танхимд суудал авдаг учраас улс орны хэмжээний томоохон хууль, татварын бодлогыг гацаах эсвэл батлах маш том эрх мэдэлтэй болдог байна.

Хоёрт, Дотоод бодлогын бие даасан байдалд ихэд нөлөөтэй ажээ. Германы Үндсэн хуулиар хууль сахиулах байгууллагууд, боловсролын систем, соёл, цагаачдыг орон байраар хангах, нутаг буцаах асуудлыг Холбооны Засгийн газар биш, мужийн Засгийн газар бүрэн хариуцдаг ажээ. Хэрэв AfD муж улсыг удирдвал тухайн бүс нутагтаа цагаачлалын эсрэг маш хатуу дүрэм тогтоож, Берлиний төв Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэх эрх зүйн чадамжтай болох ажээ.

Мужуудын сонгууль нь тухайн үед засаг барьж буй Холбооны Канцлер (одоогийн Канцлер Фридрих Мерц) болон түүний эвслийн бодлогод иргэд ямар үнэлгээ өгч буйн том илрэл юм. Үүгээрээ Төв засгийн газрын “Итгэлцлийн хэмжүүр” болдог ажгуу.

Саксони-Анхальт мужийн энэ дүн нь одоогийн Төв Засгийн газрын нэр хүнд Зүүн Германд бүрэн унасныг баталж, Канцлер Фридрих Мерцийн намыг “сууриар нь ганхуулахад нөлөөлсөн” үйл явдал боллоо хэмээн Германы болон Өрнөдийн нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэмдэглэж байна.

AfD нам дангаараа засгийн газар байгуулж чадахгүй нь бодитой болсон учраас прагматик утгаараа маргааш нь шууд Гитлерийн үе шиг болохгүй нь тодорхой. Гэхдээ Германы орон нутгийн (ялангуяа Тюринги, Саксони, Саксони-Анхальт зэрэг дорнод мужуудын сонгуульд үндсэрхэг, хэт барууны “Германы төлөөх альтернатив” нам тэргүүн байранд орж, олонх болж байгаад Өрнөдийн ертөнц даяараа “сүржигнэж” байгаа нь цаанаа түүхэн болон геополитикийн, мөн стратегийн маш гүнзгий шалтгаантай хэмээн France Press агентлаг тэмдэглэжээ.

Үүний цаад бодит нөхцөл байдал болон олон улсын байр суурийг дараах байдлаар тайлбарлах боломжтой.

Германчуудын хувьд AfD намын ялалт нь зүгээр нэг жижиг намын амжилт биш, сэтгэл зүйн болон түүхэн маш том цохилт юм.

Дэлхийн II дайн дууссанаас буюу нацист Германы сүйрлээс хойш анх удаа Герман улсад хэт барууны, үндсэрхэг нам мужийн сонгуульд ялалт байгуулж байгаа нь ноцтой анхаарах асуудал болж байна. Германы Тагнуулын албанаас AfD-ийн зарим мужийн салбарыг жишээ нь, Тюрингийн Бьёрн Хёккег “Ардчилалд аюул учруулах магадлалтай баруун жигүүрийн экстремистүүд” гэж албан ёсоор ангилсан байдгийг The Guardian news мэдээлсэн байна.

Германы уламжлалт намууд болох Христийн ардчилсан холбоо, Социал-Демократ намууд AfD-тай хэзээ ч хамтарч засгийн газар байгуулахгүй гэж “Гал хамгаалагч хана” босгосон. Гэвч тэд сонгогчдын 30-40 хувийн саналыг аваад эхлэхээр бусад намууд тэднийг гацаахын тулд хоорондоо үзэл бодол нийцэхгүй хэт зүүн, төв намууд хүчээр эвсэл байгуулахаас өөр аргагүйд хүрч байна. Энэ нь Германы улс төрийг тогтворгүй болгох өндөр магадлалтай юм.

AfD дангаараа засаг барихгүй ч мужийн парламентын суудлын 3-ны 1-ээс дээш хувийг авснаар Үндсэн хуулийн шүүгчдийг томилох, төсөв батлах зэрэг чухал шийдвэрүүдийг ганцаараа блоклох (гацаах) эрх зүйн чадамжтай болох ажээ.

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс болон Дональд Трампын хүрээллийнхэн тухайлбал Илон Маск AfD намыг ил тод дэмжиж, баяр хүргэсэн нь маш том дуулиан болж байна.

Ж.Д.Вэнс Мюнхений аюулгүй байдлын бага хурал дээр Европын удирдагчдыг “Ардынхаа дуу хоолойг сонсохгүй байна, AfD-ийн эсрэг хиймэл хана (firewall) босгож, сонгогчдын хүсэл зоригийг цензурдахаа зогсоо” гэж шүүмжилж байсан юм.

Д.Трампын Засаг захиргаа ЕХ болон НАТО-г өөрчлөх төлөвлөгөөтэй байдаг, тиймээс тэднийг шүүмжилж ирсэн бөгөөд ЕХ-г дотроос нь сулруулах, цагаачлалын эсрэг зогсох AfD шиг намуудыг дэмжсэнээр ирээдүйд Европтой өөрсдийн нөхцөлөөр харилцахад хялбар болно гэж үздэг.

Сонгуулийн үр дүнд ЕХ болон нөлөө бүхий гишүүн орнуудын байр суурь ямар байна вэ гэдэг чухал асуудал юм. ЕХ-ны болгоомжлолын гол шалтгаан нь AfD нам бол Украинд зэвсэг нийлүүлэхийг эрс эсэргүүцдэг, Оросын эсрэг хоригийг цуцлахыг шаарддаг . ЕХ-ны хамгийн том донор, нөлөө бүхий улс болох Герман улс дотроосоо сулраад, Оросыг дэмжсэн бодлого руу хазайвал ЕХ-ны нэгдмэл байдал нуран унахад хүрнэ хэмээн Брюссель (ЕХ-ны төв) ноцтой болгоомжилж байна.

Өрнөдийн ардчилсан орнууд сонгуулийн үр дүнд ихээхэн цочирдсон юм. Францын Либералууд, Польшийн Засгийн газар үүнийг “Европын аюулгүй байдалд заналхийлж буй дотоодын том аюул” гэж нэрлэж байгаа бол Унгарын Виктор Орбан зэрэг баруун жигүүрийн удирдагчид баярлан хүлээж авсан байна.

Герман улс дотроо Баруун болон Зүүн гэж хоёр хуваагдчихаад байгаа ажээ. Сонгууль болсон Дорнод мужууд (хуучин коммунист Герман) эдийн засгийн хувьд баруун мужуудаасаа хоцрогдсон, залуучууд нь дайжсан, дээрээс нь сүүлийн жилүүдэд ирсэн цагаачдаас болж соёлын шоконд орсон тул AfD-ийг “аврагч” мэтээр дэмжиж байгаа ажээ.

Баруун мужуудын болон Берлин зэрэг том хотуудын герман иргэд AfD-ийг “Нео-Нацистууд” гэж үзэн, тэднийг эсэргүүцсэн сая сая иргэдийг хамарсан жагсаалыг Герман даяар өрнүүлээд байна. Тэд AfD-ийн ялалтыг Германы олон улсын нэр хүнд, эдийн засаг (гадаад ажилчид дайжих эрсдэл)-т асар хортой гэж үзэж байгаа юм.

Мэдээж AfD дангаараа маргааш засаг барихгүй ч, тэдний авч буй санал нь Германы уламжлалт тогтолцоог ганхуулж, АНУ-ын баруун жигүүрийнхнийг өөгшүүлэхэд хүргэж байна гэж үзэж байгаа ажээ.

Уламжлалт намууд AfD-ийг зөвхөн сонгуулиар бус, хууль эрх зүй болон төрийн институтийн хүчээр дарах дараах хоёр гол тактикийг хэрэгжүүлэх бодлого баримталж байна гэж DW news тэмдэглэжээ.

AfD-ыг Үндсэн хуулийн хүрээнд хуулиар хориглох санал хөндөгдөж байгаа ч бүх нийтийн хамгийн том маргаан болоод байгаа ажээ. Германы Үндсэн хуулиар хэрэв аль нэг нам улс орны ардчилсан дэг журмыг устгах, нацист үзлийг сэргээх зорилготой нь нотлогдвол тус намыг “Үндсэн хууль зөрчсөн” гэж үзэн үйл ажиллагааг нь бүрмөсөн хориглох заалттай байдаг байна.

Одоогийн нөхцөл байдлыг ажиглавал Канцлер асан Олаф Шольцын Социал Демократ (SPD) нам болон Ногоон намын зарим гишүүд AfD намын үйл ажиллагааг албан ёсоор хориглохыг Үндсэн хуулийн заалтыг эш үндэслэн Үндсэн хуулийн шүүхэд гомдол гаргахаар гарын үсэг цуглуулах үйл явцыг эхлүүлээд байна.

Гэхдээ Төв-барууны үзэлтэй Христийн Ардчилсан Холбоо (CDU) нам үүнд маш болгоомжтой хандаж байгаа ажээ. Хэрэв шүүх дээр AfD намыг хориглохыг хангалттай баримтаар нотолж чадахгүй бол энэ нь эсрэгээрээ тэднийг “хохирогч” мэт харагдуулж, сонгогчдынх нь дунд нэр хүндийг нь улам өсгөх эрсдэлтэй гэж үзэж байна.

Тус намыг бүрэн хориглож чадахгүй байлаа гэхэд тэдний авдаг Холбооны төсвийн санхүүжилтийг зогсоох өөр гарц байгаа ажээ. Германд намууд сонгуульд авсан саналынхаа суудлын тоогоор төрөөс санхүүжилт авдаг. Уламжлалт намууд хуульд өөрчлөлт оруулж, “экстремист” гэж ангилагдсан намуудад Холбооны төсвөөс санхүүжилт олгохыг хориглох замаар AfD-ийн санхүүгийн чадамжийг сулруулахыг оролдож байна.

Германы парламентын сонгууль тус улсын ирээдүйг тодорхойлдог. Одоогийн байдлаар намуудын чансаа болон боломжит хувилбарууд дараах байдалтай байна.

Олон улсын судалгааны байгууллагуудын сүүлийн үеийн дүгнэлтээр намуудын дэмжлэг дараах харьцаатай байгаа ажээ.

Төв-барууны консерватив CDU/CSU намууд 31-33 хувь буюу хамгийн өндөр чансаатай байгаа бөгөөд дараагийн засгийн газрыг тэргүүлэх нь тодорхой байна гэсэн урьдчилсан таамаг байгаа ажээ.

Хэт барууны үндсэрхэг AfD нам 17-19 хувь буюу улсын хэмжээнд хоёрдугаар байранд бичигдэж байна

Канцлер асан Олаф Шольцын SPD нам 14-15 хувийн саналтайгаар түүхэн дэх хамгийн бага түвшинд санал авч магадгүй дүн гарчээ.

Ногоон нам ба Либералууд (FDP) намууд маш их нэр хүндээ алдаж, 5-10 хувийн хооронд хэлбэлзэж байна.

AfD нам холбооны хэмжээнд хоёрдугаар байранд орж, цаашдаа Бундестагт том фракц байгуулж орж ирэх магадлал өндөр байгаа ажээ. Гэвч тэд засагт хамтарч чадах уу?

А Хувилбараар “Их эвсэл” (Хамгийн өндөр магадлалтай) Сонгуульд ялах нь тодорхой байгаа CDU нам одоогийн засаг баригч SPD болон Ногоон намтай хамтран шинэ засгийн газар байгуулах магадлалтай. Тэд үзэл бодол зөрчилддөг ч AfD намыг засагт оруулахгүйн тулд хүчээр нэгдэхээс өөр аргагүй болно.

Б Хувилбараар Популистуудын нэгдэл (Дунд зэргийн магадлалтай): Хэрэв уламжлалт намууд суудалдаа хүрч чадахгүй бол консерватив үзэлтэй намуудын зарим гишүүд нууцаар AfD-тай тохиролцож, цөөнхийн засгийн газрыг дэмжих хувилбар яригдаж эхэлнэ. Энэ нь Германы түүхэнд “Гал хамгаалагч хана” бүрэн нурсныг илтгэх хамгийн аюултай цэг юм.

Германы улс төрийн систем AfD-ийг холбооны түвшинд (улс даяар) засаг барих хэмжээнд хүргэхгүйн тулд бүх чадлаараа хамгаалалтын хана босгож байна. Гэвч тэдний Бундестаг дахь суудлын тоо огцом нэмэгдэх нь Герман улс цагаачлалын бодлогоо эрс чангалах, Украиныг дэмжих зардлаа танахаас өөр аргагүйд хүргэх маш том дарамтыг ирэх жилүүдэд бий болгохоор байна гэж үзжээ.

2025 оны хоёрдугаар сард Олаф Шольцын Засгийн газар задарсны улмаас Германд Бундестагийн ээлжит бус (хугацаанаас өмнөх) сонгууль болсон. Энэ сонгуулиар Фридрих Мерц тэргүүтэй консерватив үзэлт CDU/CSU нам ялалт байгуулж, тэрбээр ХБНГУ-ын Канцлераар ажиллаж байгаа билээ.

2026 оны есдүгээр сарын 20-нд болох Берлин хотын орон нутгийн сонгууль онцгой анхаарлын төвд байна.

Урьдчилсан том судалгаагаар “Зүүн” (Die Linke) нам тэргүүлж байгаа ажээ. Одоогоор гаргасан судалгаагаар Зүүн нам (Die Linke) 21-22 хувийн саналаар хагас алхам түрүүлж, нэгдүгээр байранд бичигдэж байна. Хэрэв энэ хэвээрээ ялбал Берлин хотын түүхэнд анх удаа тус намаас Хотын дарга (Regierender Bürgermeister) сонгогдох боломж бүрдэнэ.

Одоогийн эрх баригч консерватив Христийн Ардчилсан Холбоо CDU нам 20 орчим хувийн дэмжлэгтэйгээр удаалж байна. Өмнөх (2023 оны) сонгуулиар тэд 28.2 хувийн санал авч байсантай харьцуулахад рейтинг нь нэлээд унасан. Одоогийн Хотын дарга Кай Вегнер (Kai Wegner) эрчим хүчний тасалдлын үеэр гаргасан алдаанаасаа болж нэрээ татсан тул тус намаас Санхүүгийн сенатч Стефан Эверс (Stefan Evers) өрсөлдөж байна.

Хэт барууны үзэлтэй AfD нам 17-18 хувийн саналтайгаар 3-р байранд хүчтэй орж ирэх магадлалтай байна. Энэ нь тэдний хувьд Берлинд урьд өмнө байгаагүй өндөр амжилт (суудал нь бараг 2 дахин үржигдэнэ) боловч уламжлалт намууд тэдэнтэй эвсэхээс татгалздаг тул засагт орох магадлал нь “тэг”-тэй тэнцүү байгаа ажээ.

Ногоон нам 16 хувь, Канцлер Олаф Шольцын SPD нам 12 хувийн саналтай байна. Одоогийн CDU болон SPD намын хамтарсан эвсэл цаашид олонх болж чадахгүй байх магадлал байгаа юм. 2025 оны ээлжит бус сонгуулийн дараа байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноор дараагийн том сонгууль 2029 оны гуравдугаар сард болохоор товлогдсон байгаа билээ.

Одоо Фридрих Мерцийн Засгийн газар AfD намын Саксони-Анхальт мужид байгуулсан ялалтаас болж Холбооны түвшинд буюу улс даяар маш том шахалтад ороод байгаа бөгөөд тэдний барьж босгосон “Гал хамгаалагч хана” орон нутгийн түвшинд нурж эхэлж магадгүй байгаад Өрнөдийн орнууд сэтгэл түгшиж, анхаарлаа хандуулж байгаа нь бодит үнэн юм.