Индэр    
22 минутын өмнө
Зураг
Судлаач, шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор, Хүндэт дипломат, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн

Монгол Улсын ногоон гадаад бодлого

Редакцын бус нийтлэл
Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Улаанбаатар хотноо ажлаа эхэлж буй “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал”-д зориулав-

Монгол Улсын гадаад бодлогод шинэ хуудас нээж буй “Ногоон гадаад бодлого”-ын зорилго-мөн чанар, түүний онолын баримтлал, дипломат ажиллагааны  тавцан дахь практик хэрэгжилтийн дунд хугацааны  шинжилгээ хийх шаардлага  байгаа нь мэдээж билээ. Монгол Улс уламжлалт “олон тулгуурт” гадаад бодлогоо дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, экологийн доройтолтой тэмцэх үйлстэй уялдуулан ногоон чиг баримжаатай болгон өргөжүүлэн баяжуулж байна. Монгол Улсын  Төрийн тэргүүний санаачилгаар НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан, энэхүү арга хэмжээний хүрээнд “Дэлхийн малчдын чуулган, амжилттай болж өндөрлөж байна.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын бага хурлууд (COP26, COP27, COP28, COP29) дээр дэвшүүлсэн шинэ санаачилгууд, өнөөдөр Улаанбаатар хотноо ажлаа эхэлж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал нь Монгол Улсын ногоон гадаад бодлогын хамгийн тод илрэл болж байна.

I. Ногоон гадаад бодлогын үзэл баримтлал

Орчин үеийн олон улсын харилцаанд ногоон гадаад бодлого (Green Foreign Policy) буюу Эко-дипломат ажиллагааны (Eco-diplomacy) тухай хүчтэй хэлэлцэгдэж, яригдаж байгаа билээ. Олон улсын харилцааны сургааль номлолд уламжлалт неореалист болон неолибералист урсгал ихэвчлэн улс орнуудыг цэрэг-улс төр, эдийн засгийн хүчин чадал, ашиг сонирхлын тэнцвэрт хандуулдаг. Харин XX зууны сүүлчээс эрчтэй хөгжсөн “хүрээлэн буй орчныг ариглан хамгаалах, тордон төлжүүлэх болон олон улсын харилцааны Ногоон үзэл баримтлал нь байгаль орчны аюулгүй байдлыг үндэсний болон дэлхий нийтийн аюулгүй байдлын салшгүй хэсэг гэж үзэх болсон явдалд оршино. Ногоон гадаад бодлогын үзэл баримтлалын утга чанар нь  хүний үйл ажиллагаа, улс төрийн шийдвэрүүдийг байгалийн экосистемээс салган авч үзэх боломжгүй гэдгийг нотолдог бөгөөд дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол, хүрээлэн буй орчны доройтол зэрэг улс үндэстэн дамнасан тулгамдсан асуудлуудыг зөвхөн олон улсын хамтын ажиллагаа, даяар засаглалын хүрээнд шийдвэрлэх боломжтойг харуулдаг.

Ногоон гадаад бодлого гэдэг нь байгаль орчны тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлт, био олон янз байдлыг хамгаалах асуудлыг улс орны үндэсний аюулгүй байдал, гадаад харилцааны бодлогынхоо  цөм, тэргүүлэх чиглэл болгон зарлан явуулж буй үйл ажиллагаа гэж хэлж болно.

Ногоон гадаад бодлогын гол зорилго нь зөвхөн цэрэг-улс төрийн тэнцвэрийг хадгалах бус, хүн төрөлхтний оршин буй экосистемийг хамгаалах, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд сөрөн тэсвэрлэх эдийн засгийн бүтцийг шинээр цогцлоох чиглэлд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэдэг.

Парисын хэлэлцээр зэрэг олон улсын гэрээ конвенцын дагуу дэлхийн дулаарлыг 1.5°C хэмд барих, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах даяар зорилтыг хангах, нүүрс, газрын тос зэрэг олон улсын хараат байдлаас гарч, сэргээгдэх эрчим хүч (нар, салхи, устөрөгч) болон эрчим хүчний цоо шинэ хөгжүүлэлт рүү шилжих шилжилтийг гадаад худалдаа, хөрөнгө оруулалтаар дэмжих, байгаль орчны салбарт манлайлал үзүүлж, олон улсын тавцанд хариуцлагатай, нэр хүндтэй түнш болж, “ногоон зөөлөн хүч”-ийг  бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг, усны хомсдол, хүнсний аюулгүй байдал болон эко-дүрвэгсдийн урсгалаас сэргийлж, хүний аюулгүй байдлыг хангах явдал нь ногоон гадаад бодлогын тод илэрхийлэл юм.

Уламжлалт гадаад бодлого нь “үндэсний ашиг сонирхол ба эрх мэдэл”  дээр суурилдаг бол ногоон гадаад бодлогын мөн чанар нь “глобал хариуцлага ба харилцан хамаарал” дээр суурилж байна.    Байгаль орчны бохирдол, агаарын урсгал, уур амьсгалын өөрчлөлтийн хямрал нь аль нэг улсын хил, хязгаараар хязгаарлагддаггүй болов. Тиймээс гадаад бодлогын үйлдэл бүр нь дэлхий нийтийн шинжтэй байдаг, хил хязгааргүй мөн чанар (Transnational Nature) болдог ажгуу.

Ногоон гадаад бодлого “уламжлалт аюулгүй байдал”-ын үзэл баримтлалыг өөрчилж, аюулгүй байдлыг зөвхөн цэргийн түрэмгийллээс хамгаалах бус, байгаль орчны доройтол, нөөц баялгийн хомсдолыг гол шалтгаан гэж үзэн түүнээс урьдчилан сэргийлэхэд  оршино.

Өрнөдийн гүрнүүд жишээ нь ЕХ гадаад худалдааны гэрээ, хэлэлцээртээ “ногоон стандарт”, “нүүрстөрөгчийн татвар” зэрэг шалгууруудыг шаардаж эхлэв. Мөн ногоон гадаад бодлого нь хөгжиж буй орнуудад үзүүлэх тусламж, зээлийн нөхцөлийг байгаль орчны шалгуур (ESG)-тай холбож,  худалдаа, эдийн засгийн шинэ хөшүүргийг буй болгов.

Нэг ч улс уур амьсгалын өөрчлөлтийг ганцаараа шийдэж чадахгүй тул НҮБ, уур амьсгалын дээд түвшний уулзалтууд (COP) зэрэг олон улсын институтиудын үүргийг туйлын өндөрт тавьж, олон талт хамтын ажиллагаанд чухал ач холбогдож өгч байна.

Европын Холбоо  ногоон дипломат ажиллагааг гадаад бодлогынхоо тэргүүн эгнээнд тавьж, Global Gateway хөтөлбөрөөр дамжуулан дэлхий даяарх ногоон суурь бүтэц, түүний ложистикийг хэдийн санхүүжүүлж эхэлсэн. ХБНГУ Гадаад хэргийн яаманд “Уур амьсгалын асуудал эрхэлсэн тусгай элч”-ийг томилж, гадаад бодлогоо феминист болон ногоон үзэл баримтлалаар шинэчлэн тодорхойлсон байна. ЕХ 2022 оны хоёрдугаар сард цөмийн эрчим хүчийг ногоон эрчим хүчний ангилал оруулсан билээ.

Ногоон гадаад бодлогын мөн чанар нь “эх дэлхий эрүүл байж хэмээнэ улс орнууд аюулгүй, тогтвортой хөгжинө” гэсэн харилцан хамаарлын философи юм.

Монгол Улсын хувьд “Ногоон гадаад бодлого” нь тус улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, тэнцвэртэй, бие даасан бодлогын зүй ёсны  үргэлжлэл, үр дүн юм.

Монгол Улсын экологийн дипломат ажиллагаа  нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх, дасан зохицох, хоёр хөрш болон "гуравдагч хөрш"-үүдтэй тогтоосон  харилцаа, хамтын ажиллагаандаа уур амьсгалын санхүүжилт татах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, дэлхийн нийтийн сайн сайхны төлөөх үйлсэд манлайлагч улс болох, Монгол Улсын олон улсын байр суурийг бэхжүүлэх  зорилготой.

II. “Бэлчээр ба  нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” түүхэн санаачилга болох нь

Монгол Улсын ногоон гадаад бодлогын хамгийн том амжилтуудын нэг нь НҮБ-ын түвшинд бэлчээрийн экосистем болон нүүдлийн соёл иргэншлийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрүүлсэн явдал юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаас 2022 оны гуравдугаар сард 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон дуу нэгтэйгээр зарласан билээ. 2025 оны  арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНИУ-д төрийн айлчлал хийх үеэр Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад зочилж, Ерөнхий захирал доктор Чу Донгутэй уулзаж,  “Бэлчээр ба нүүдлийн аж ахуйн эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлтийн арга хэмжээнд оролцсон юм. Уулзалтын үеэр талууд 2026 онд Монгол Улсад олон улсын бага хурлыг зохион байгуулахаар тохиролцож,  эдүгээ энэхүү санаачилгын хүрээнд “Даян дэлхийн нүүдлийн аж ахуйн эрхлэгчдийн чуулган”-ыг   НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) хамтран 2026 оны наймдугаар  сарын 14-15-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж өндөрлөж байна.

Сүүлийн үеийн судалгаагаар Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртөж, бэлчээрийн 65 хувь нь доройтсон өнөөгийн нөхцөлд энэхүү санаачилга нь зөвхөн соёлын өвийг хамгаалах бус, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх олон улсын санхүүжилт, төслийн урсгалыг татах гүүр болж байна.

Монгол Улсаас санаачилж 2026 оныг НҮБ-аас зарласан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд дэлхий даяар түүхэн том хөдөлгөөнүүд өрнөж байна.

Дурдсан жилийн хүрээнд Нүүдэлчдийн эрх ашгийг хамгаалах дэлхийн эвсэл (IYRP Global Alliance) байгуулагдан  үйл ажиллагаагаа газар зүйн 11 бүс нутгийн дэмжих бүлэгт хувааж, бүс бүрийн тусгайлсан хэлэлцүүлгүүдийг хийж гүйцэтгэж байгаа ажээ. Тэдгээрийн дотроос Залуучууд болон Эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэгтгэсэн хоёр том Тунхаг бичиг энэ оны чухал үр дүн болон гарч ирж байна.

Нэгд, 2026 оны тавдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Испани улсын нийслэл Мадрид хотноо зохион байгуулагдсан “Олон улсын залуу малчдын чуулга уулзалт”-ын төгсгөлд “Мадридын Тунхаглал”-ыг   хэлэлцэж, эцэслэн батлав. Уг тунхагт бичигт залуу малчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд хиймэл дагуул, технологиос илүү тэдний уламжлалт мэдлэг чухал түнш болж чадна гэдгийг тунхаглав. Түүнчлэн нүүдэлчдийн бэлчээрийн экосистемийн үйлчилгээг албан ёсоор үнэлж, малчдад санхүүгийн нөхөн олговор олгох, уур амьсгалын санхүүжилтийг залуу малчдын санаачилгад шууд хүртээмжтэй болгох, уур амьсгал, биологийн олон янз байдлын талаарх олон улсын хуралд залуу малчдад зориулсан албан ёсны суудлыг баталгаажуулах зэрэг асуудлууд тунхаг бичигт тусгагджээ.

Хоёрт, 2026 оныг НҮБ-аас “Бэлчээр ба нүүдлийн ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласнаас  гадна “Олон улсын эмэгтэй фермерүүдийн жил” (IYWF 2026) болгон давхар зарласантай холбогдуулан Азийн эмэгтэй малчдын чуулга уулзалтыг 2026 оны тавдугаар сарын 26–29-ний өдрүүдэд Катманду хотноо  “Дэлхийн эмэгтэй малчдын чуулга уулзалт” нэртэйгээр зохион байгуулж, “Катмандугийн Тунхаглал”-ыг албан ёсоор батлав. Энэхүү уулзалтаар анх 2010 онд эмэгтэй малчдын эрхийг хамгаалахаар гаргаж байсан 23 заалт бүхий алдартай “МЕRА Тунхаглал”-ын 15 жилийн ойг дүгнэж, уур амьсгалын өөрчлөлт болон газрын эрхийн шинэ нөхцөл байдалд тохируулан шинэчлэн найруулж, эцэслэн баталсан байна.    Гол агуулга нь нүүдлийн мал аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй малчин эмэгтэйчүүдийн эрх зүйн болон эдийн засгийн хамгаалалтыг бэхжүүлэх, бэлчээр эзэмших эрхийг баталгаажуулах зэрэг чухал зүйл заалтууд тусгагджээ.

Испани, Непал болон дэлхийн 11 бүсээс гарсан залуучууд, эмэгтэйчүүд, уугуул иргэдийн тунхаглалд тусгагдсан дээрх саналуудыг нэгтгэхээр дэлхийн 100 гаруй орны 450 орчим төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 14–15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо чуулж, наймдугаар сарын 16-ны өдөр “Дэлхийн малчдын Ассамблей” (World Pastoralist Assembly)-ийг үргэлжлүүлэн амжилтай зохион байгуулж,  “Нэгдсэн Тунхаглал”-ийг Улаанбаатар хотноо эцэслэж байна. Улмаар энэхүү дэлхийн нүүдэлчдийн нэгдсэн дуу хоолой, бодлогын зөвлөмжийг өнөөдөр ажлаа эхэлж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын COP17 хуралд албан ёсоор өргөн барьж, дэлхийн түвшний бодлого болгон батлуулахаар зорьж байна. Энэ утгаараа 2026 он бол Монгол Улс болон дэлхийн нүүдэлчдийн хувьд эрх ашгаа олон улсад хамгаалж үлдэх түүхэн эргэлтийн жил болж байгаа нь түүхэн ач холбогдолтой.

III. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын цуврал чуулганууд дахь Монгол Улсын экологийн дипломат ажиллагаа

Монгол Улсын гадаад бодлогын идэвхтэй үйл ажиллагаа нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын жил болгоны бага хурлууд (COP)-д тус улсын байр суурийг шинэ шатанд гаргав.

  • а. COP26 (2021 он, Глазгоу, Их Британи): Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус бага хуралд оролцохдоо уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх Монгол Улсын хамгийн амбицтай амлалт болох “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэлхий дахинд албан ёсоор танилцуулав. Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг үндэсний хэмжээнд 27.2 хувиар бууруулах зорилт тавьсныг нотолж, хөгжиж буй хуурай уур амьсгалтай орны хувьд дэлхийн дулаарлыг сааруулахад бодитой хувь нэмэр оруулж буйг тунхаглав. Эдүгээ “Тэрбум мод” хөтөлбөр үндэсний хэмжээнээс халин гарч, бүс нутаг, дэлхийн хэмжээний хөдөлгөөн болон эрчээ авч, олон улсад үлгэр дуурайлал болж, Монгол Улсын ногоон гадаад бодлогын “бренд” болов.
  • b. COP27 (2022 он, Шарм Эль-Шейх, Египет): Энэхүү хурлаар Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй хөгжиж буй, далайд гарцгүй орнуудын дуу хоолой болж оролцов. Монгол Улсын зүгээс уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүдсэн “Алдагдал, хохирол”-ын санхүүжилтийн механизмыг дэмжиж, олон улсын хамтын нийгэмлэгийг амлалтаа биелүүлэхийг уриалсан юм. Түүнчлэн, түүний БНХАУ, Япон зэрэг орнуудад хийсэн төрийн айлчлалууд нь Ногоон гадаад бодлогын хүрээнд байгаль орчны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж байв. Энэ уулзалтын үеэр Монгол Улс ЕХ-ны “Ойн түншлэл”-ийн хөтөлбөрт нэгдсэн Азийн анхны орон болов.
  • c. COP28 (2023 он, Дубай, АНЭУ): Дубайн хурлаар дэлхийн улс орнууд нүүрсний хэрэглээнээс татгалзах уриалга гаргаж, баян, ядуу орнуудын хооронд санхүүжилтийн маргаан хүчтэй өрнөсөн билээ. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн салбартай уялдуулах байр суурийг хамгаалж, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөтөлбөрүүдээ танилцуулав. Энэ нь уур амьсгалын санхүүжилтийг бодит амьжиргааг дэмжихэд чиглүүлэх Ногоон гадаад бодлогын прагматик хандлага байв.
  • d. COP29 (2024 он, Баку, Азербайжан): Баку хотноо болсон уулзалтаар уур амьсгалын санхүүжилтийн шинэ хамтын зорилтуудыг (NCQG) хэлэлцэхэд Монгол Улс идэвхтэй оролцож, бэлчээрийн экосистемийг хамгаалах чиглэлээр олон улсын хөрөнгө оруулалтын санг идэвхжүүлэх санаачилга дэвшүүлэв. Энэ нь 2026 онд Монголд болох COP17 хурлын хөрс суурийг бэлдсэн чухал алхам болсон юм.

IV. “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая”

Монгол Улсын Ногоон гадаад бодлогын хамгийн оргил цэг нь өнөөдөр Улаанбаатар хотноо ажлаа эхэлж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын  Талуудын 17 дугаар бага хурал мөн билээ. Хурлын үндсэн үйл ажиллагааг Улаанбаатар хотын “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д “Ногоон” болон “Цэнхэр” бүсэд зохион байгуулах гэж байна.

СОР17 хурлын гол уриа нь дэлхийн газрын доройтлыг зогсоох, цөлжилтийг сааруулах уриалга дороос бэлчээрийн тогтвортой менежментийг дэлхийн өв болгон үлдээхэд чиглэж байна. Энэ нь 2026 оны “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-тэй шууд уялдаж байгаагаараа онцлогтой.

Монгол Улс СОР17 хурлыг зохион байгуулагчийн хувьд дэлхий нийтэд дараах гурван гол тэргүүлэх санаачилгыг дэвшүүлэн батлуулахаар ажиллаж байна.

  • Бэлчээрийн газар нутгийг хамгаалах, тогтвортой ашиглах олон улсын санаачилга: Дэлхийн бэлчээрийн доройтлыг бууруулах төслүүдийг санхүүжүүлэгчидтэй холбох механизм бүрдүүлэх,
  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон уламжлалт мал аж ахуйн технологийг нутагшуулах: Хуурай, хагас хуурай бүс нутгийн иргэдийн амьжиргааг хамгаалах,
  • Хөрс хамгаалал ба шар шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагаа: Зүүн Азийн бүс нутаг дахь шар шороон шуурганы давтамжийг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,

Монгол Улс СОР17 хурлаас эхлэн 2028 онд СОР18 болох хүртэл хоёр жилийн хугацаанд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцыг даргалах үүргийг хүлээж авч байна. Чингэснээр Монголын дэвшүүлсэн санаачилгууд дэлхийн бодлогод албан ёсоор тусгалаа олж үлдэх түүхэн боломж нээгдэж байгаа юм.

Монгол Улсын ногоон гадаад бодлого нь тус улсын геополитикийн эмзэг байдлыг зөөлрүүлэх, олон улсын тавцанд нөлөө болон нэр хүндээ өсгөх ухаалаг дипломат стратеги, зөөлөн хүч  болон хувирч байна. Хүн төрөлхтөнд тулгарсан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэлд Монгол Улс зөвхөн идэвхтэй оролцогч бус, бодлого тодорхойлогч, манлайлагч улс болон урагшилж байна.

Монгол Улсын ногоон гадаад бодлого зорилго нь малчдын уламжлалт мэдлэг ухааныг орчин үеийн дижитал технологи, цахим оюуны (AI) технологийн хөгжүүлэлтээр баяжуулж, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд тус улсын сөрөн тэсвэрлэх, дасан зохицох, үр ашигтай хариу үйлдэл үзүүлэх, хүрээлэн буй байгаль орчныг ариглан хамгаалах, өргөн утгаараа хүмүүнлэг, иргэний арчилсан нийгэмлэгийг цогцлоох зүгт хувьсгалт шинжтэй чанарын алхам хийх, явдал XXI зууны тогтвортой хөгжлийн жишиг улс болох чиглэлд чухал хувь нэмэр оруулах билээ.