Индэр    
4 минутын өмнө
Зураг
Судлаач, шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор, Хүндэт дипломат, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн

Байгаль эхтэй тохиролцдоггүй

Редакцын бус нийтлэл
Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Улаанбаатар хотноо зохиогдох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын COP17 олон улсын хурлын өмнөх эргэцүүлэл - 

I. Удиртгал

Дижитал технологийн хөгжил, геополитикийн шинэ хүчин зүйлсийн нөлөөгөөр дэлхий нийтийн дүр төрх, олон улсын геополитикийн нөхцөл байдал асар хурдацтай хувьсан өөрчлөгдсөөр байна.

Дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавраар хэдэн мянган жилд явагдаж байсан хувьсал, өөрчлөлтүүд хэдхэн жилийн дотор гарах болов.

Хүн төрөлхтний түүхэнд хэлэлцэж, тохиролцож, гэрээлж болдоггүй ганцхан түнш байдаг нь Байгаль эх өөрөө билээ. Бид улс төрийн ширээний ард хэдэн ч цагаар сууж, эдийн засгийн ашиг хонжоог хэрхэн ч хувааж, хууль тогтоомжийг өөрсдийн таалалд нийцүүлэн засаж болно. Хавартаа ургаж, намартаа хагдардаг байгалийн жам, хуурайшсан хөрсний хагарал, ширгэсэн булгийн голдиролтой хэн ч, хэзээ ч хэлэлцээн ширээний ард сууж чадаагүй. Учир нь Байгаль эхтэй тохиролцдоггүй. Тэр зөвхөн хариу үйлдэл үзүүлдэг. Бидний тарьсан шарх бүрийн хариуд тэр цөлжилт, ган гачиг, зуд хэмээх хэлийг ашиглан бидэнтэй ярьдаг.

Өнөөдөр Монгол Улсын нийт газар нутгийн 77 орчим хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газар, бэлчээрийн доройтолд өртөөд байгаа ажээ. Энэ бол зүгээр нэг статистик тоо биш. Энэ бол нүүдэлчин монголчуудын оршин тогтнохуйн үндэс болсон хөх өвс, хөрс шороо маань биднээс тусламж эрэн цангинаж буй дуу хоолой юм. Яг энэ эгзэгтэй цаг үед дэлхий нийтийн анхаарал Улаанбаатар хот руу чиглэж байна. Удахгүй Монгол Улс түүхэндээ анх удаа НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын COP17 олон улсын хурлыг “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” хэмээх уриа дор зохион байгуулах гэж байна.

Дэлхийн 197 орны 5,000 гаруй төлөөлөгчид, эрдэмтэд, бодлого тодорхойлогчид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо чуулж, бэлчээрийн доройтол, цөлжилтийн эсрэг дэлхийн стратегийг хэлэлцэх гэж байна. Сайхь хурал нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар 2022 онд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон албан ёсоор тунхагласан үйл явдалтай давхцаж байгаагаараа түүхэн ач холбогдолтой. Бид энэхүү олон улсын эрхэм индрээс дэлхий дахинд юуг хэлэх ёстой вэ? Бид өөрсдөө байгаль эхийн өмнө ямар хариуцлага хүлээх вэ?

II. Дэлхийн дулаарлын "халуун цэг" дэх Монгол Улс

Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрд өөр өөр тусч байгаагийн дундаас Монгол Улс хамгийн эмзэг, “халуун цэг”-т нь оршиж байна. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд дэлхийн дундаж агаарын температур 1.1-1.2 хэмээр дулаарсан бол Монгол оронд энэ үзүүлэлт 2.4 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас даруй хоёр дахин өндөр хурдаар дулаарч буй хэрэг ажээ. Энэхүү эрчимтэй дулаарал, цаг уурын өөрчлөлтийн үр дагаврыг Монголын хөдөө нутаг, малчид хамгийн түрүүнд биеэрээ амсаж байна. Хур тунадасны хэмжээ нийтдээ сүрхий буураагүй ч орох хэлбэр нь эрс өөрчлөгджээ. Зүсэр бороо орохоо больж, хөрсийг чийгшүүлж амжихгүйгээр шууд үерлэн урсдаг аадар борооны давтамж ихэсжээ. Энэ нь хөрсний үржил шимт өнгөн хэсгийг угааж, газрын доройтлыг улам хурдасгаж байгаа ажээ.

Үүний зэрэгцээ Монгол орны мөнх цэвдэг хайлж, гадаргын усны сүлжээ эрс татарч байгааг судалгаа харуулж байна. Өнгөрсөн жилүүдийн усны тооллогоор олон зуун гол, горхи, булаг шанд, нуур баянбүрдүүд газрын хөрснөөс арчигдаж, ширгэсэн харамсалтай дүр зураг харагдаж байна. Уур амьсгалын энэхүү огцом өөрчлөлт нь Монголын мал аж ахуйн салбарыг байгалийн давагдашгүй хүчин зүйл, зуд, ган гачгийн өмнө ямар ч хамгаалалтгүй үлдээж байна. Бороо орохыг хүлээж, тэнгэр ширтэх малчны амьдрал байгаль эхтэй хийж буй тохиролцоо биш, харин ердөө л тэсэж үлдэх, сөрөн тэсвэрлэхийн төлөөх тэмцэл болон хувирчээ.

III. Бэлчээрийн доройтол ба цөлжилтийн гамшиг

Монголчууд уламжлалт нүүдлийн соёл иргэншлээ “Бэлчээрийн мал аж ахуй” гэж бахархан ярьдаг. Гэвч өнөөдөр малын хөлийн талхлагдал, бэлчээрийн даацын хэтрэлт нь цөлжилтийг өдөөгч дотоод хүчин зүйлийн гол шалтгаануудын нэг болоод байна. 1990 онд 25 сая орчим байсан малын тоо толгой өнөөдөр 70 саяыг давж, бэлчээрийн бодит даацаас даруй 2-3 дахин хэтрээд байгаа билээ.

Үүний уршгаар бэлчээрийн сор болсон шим тэжээлт олон наст өвслөг ургамлууд устаж, оронд нь мал иддэггүй, шарилж, лууль (лууль гэдэг нь манай орны хээр тал, говь цөлийн бүсэд, ялангуяа малын хөлөөр талхлагдаж доройтсон газарт маш элбэг ургадаг, шарилжтай адилхан нэг наст хөл газрын хог ургамал бөгөөд шинжлэх ухааны нэршил нь chenopodium буюу goosefoot гэдэг байна) зэрэг хог ургамал давамгайлах болж, ургамлын бүтэц өөрчлөгдөж байна

Малын хөлөөр хөрсний бүтэц нягтран хатуурч, ургамал ургах, ус нэвчих чадвараа алдаж, хөрсний нягтрал эрчимтэй явагдаж байна. Доройтсон, ургамалгүй нүцгэн хөрс нь хаврын хүчтэй салхиар босон, Монгол орныг төдийгүй Зүүн хойд Азийн бусад орнуудыг бүрхсэн шар шороон шуурганы эх үүсвэр болж байна.

COP17-гийн индэр дээрээс дэлхий нийтэд танилцуулах гол эмзэг сэдэв бол энэхүү бэлчээрийн экосистемийн ноцтой байдал юм. Бэлчээр бол зөвхөн малын хоол биш, дэлхийн нүүрстөрөгчийг өөртөө шингээж байдаг асар том “ногоон уушги” юм. Түүнийг алдвал бид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд бүрмөсөн ялагдах ажгуу.

IV. Усны хомсдол ба усны удирдлагын гацаа

Цөлжилттэй зэрэгцэн ирж буй дараагийн том аюул бол усны хомсдол. “Ус бол чандмань эрдэнэ” гэж уриа лоозонг хэлэх дуртай атлаа Монгол Улс усны нөөцийн нэгдсэн удирдлага, зөв зохистой менежментээр дутмаг явж иржээ. Гадаргын усны нөөц хомстож буй энэ үед уул уурхай, аж үйлдвэр, тэр ч байтугай хөдөө аж ахуйдаа нөхөн сэргэхэд олон зуун жил шаардагддаг гүний цэнгэг усны нөөцийг хайр гамгүй хэрэглэсээр байна.

Малчдын хувьд бэлчээр дагасан уст цэг, худгийн асуудал хүнд хэвээр байна. Бэлчээрийн хуваарилалт алдагдсанаас цөөн хэдэн ажиллаж байгаа худгийг тойрч олон мянган мал бөөгнөрч, тэр хавийн газар нутгийг хэдэн км-ийн тойргоор цөлжүүлж байна. Хур тунадас, гадаргын усыг хуримтлуулах, хөв цөөрөм байгуулах, саарал усыг дахин ашиглах технологийн шийдлүүдийг бид маш удаан, хойрго нэвтрүүлж байна. Усгүй газар амьдрал үгүй, усгүй газар бэлчээр үгүй. Байгаль эх бидэнд өгөх усны хэмжээгээ танаж эхэлсэн бөгөөд “Нөөц дууссан” гэх дохиог өгөхөөс өмнө бид усны бодлогодоо хувьсгал хийх ёстой. Эхний том амжилт нь Усны компакт-II билээ.

V. Малчдад тулгамдаж буй асуудал ба гарц, шийдэл

Нүүдэлчин малчид бол уур амьсгалын өөрчлөлтийн “тэргүүн фронт”-д зогсож буй баатрууд, бас хамгийн анхны "хохирогчид" юм. Жил дараалан тохиох цагаан болон харын зуд, зундаа гандах байгалийн давагдашгүй хүчин зүйлс малчдыг туйлдуулж байна. Мал сүргээ эрсдэлээс хамгаалах хашаа саравч, тэжээлийн нөөц бүрдүүлэх санхүүгийн чадавх малчдад дутагдаж байна. Иймээс ч хөдөөнөөс хот руу чиглэсэн “эдийн засаг, экологийн дүрвэгсэд”-ийн цуваа тасрахгүй байна.

Энэхүү хямралаас гарах, байгаль эхийн хуульд зохицон амьдрах бодит гарц, шийдлүүдийг дараах байдлаар тодорхойлох боломжтой.

Үүнд:

нэгд, Малын тоо толгойн хойноос хөөцөлдөх биш, нэг малаас болон нэг га-гаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, бэлчээрийн даацад тохирсон цөөн, чанартай малтай байх эдийн засгийн хөшүүргийг (жишээ нь, Бэлчээр ашигласны төлбөрийн хууль, түүхий эдийн үнийн урамшуулал) бодитоор хэрэгжүүлэх боломжтой. Өөр хэлбэл тооноос чанарт шилжих малын бүтцийн шинэчлэлийг тууштай хэрэгжүүлэх,

хоёрт, Малчдыг баг, хоршоолол хэлбэрээр зохион байгуулж, бэлчээрийг сэлгэж ашиглах уламжлалт нүүдлийн хуваарийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сэргээх, бэлчээрийн хамтын менежментийг хөгжүүлэх,

гуравт, Хаврын шар усны үер, зуны аадар борооны усыг хуримтлуулах зохиомол хөв цөөрмүүдийг барьж, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх замаар малын бөөгнөрлийг сааруулах,

дөрөвт, Малчдад зориулсан “Уур амьсгалын эрсдэлийн даатгал”-ыг уян хатан болгох, малын гаралтай түүхий эдийг эко, органик стандартын дагуу олон улсын зах зээлд өндөр үнээр гаргах сувгийг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг цөлжилтийн зааг бүсүүдэд, ялангуяа говийн бүсэд хамгаалалтын ойн зурвас байгуулах чиглэл рүү эрчимжүүлж, ногоон санхүүжилт ба ногоон инновацыг дэмжих явдал болно.

VI. Цахим малчин ба нүүдлийн соёл иргэншлийн дижитал хувьсгал

Дижитал технологийн дэвшил, тэр дундаа сансрын хиймэл дагуулын интернетэд холбох, ухаалаг дрон болон цахим оюун нь нүүдлийн мал аж ахуйг цөлжилт, уур амьсгалын эрсдэлээс хамгаалах хамгийн хүчтэй зэвсэг болж байна.

Малчдыг өндөр хурдны хиймэл дагуулын интернетэд холбосноор хөдөө орон нутагт мэдээллийн тэгш бус байдал үгүй болно. Малчин хүн хотоос алслагдсан бэлчээрт сууж байхдаа л цаг агаарын аюултай үзэгдлийн дохиог цаг алдалгүй хүлээн авч, зуд, шуурганы эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх билээ.

Малчид малынхаа хойноос өдөржин мотоцикл, мориор давхиж бэлчээр талхлах, шатахуун үрэх шаардлагагүй. Алсын удирдлагатай, хүчин чадалтай дроныг малын эрэлд явах, мал туух ажилд ашигласнаар цаг хугацаа, эдийн засгийг асар их хэмнэх учиртай. Хамгийн гол нь дроноор дамжуулан худгийн усны түвшин, бэлчээрийн ургацын байдлыг холоос тандаж, мал сүргийг зөв хуваарилах боломжтой. Өөрөөр хэлбэл ухаалаг дрон-орчин үеийн “цахим морь”-ийг нэвтрүүлэх боломжтой.

Малд интернетэд холбогдох смарт төхөөрөмжийн (Internet of Things (IoT) технологи бүхий ухаалаг ээмэг зүүлгэснээр малын байршил, хөдөлгөөн, биеийн эрүүл мэндийг аппликэйшнээр хянах боломжтой. Үүн дээр суурилсан “цахим оюун"-ы систем нь тухайн нутаг дэвсгэрийн бэлчээрийн даац, ургамлын гарц, усны нөөцийг хиймэл дагуулын зураглалтай харьцуулан шинжиж, малчинд шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмжийг гар утсанд нь автоматаар илгээх цаг ирж байна.

Малчдын бэлтгэсэн мах, ноос, ноолуурыг блокчейн технологиор дамжуулан “Бэлчээрээс хэрэглэгчийн ширээнд хүртэл” хаанаас гаралтай, ямар эрүүл бэлчээрт өссөн болохыг баталгаажуулах боломж бүрдэж байна. Чингэснээр байгальд ээлтэй, ухаалаг менежментээр малаа өсгөсөн малчдын түүхий эдийг дэлхийн зах зээлд өндөр үнээр борлуулах цахим экосистемийг бүрдүүлж, цөөн малаас өндөр ашиг авах боломж нээгдэх буй за.

VII. Төгсгөлийн оронд Итгэл найдварын Улаанбаатарын Тунхаглал

Байгаль эх бидний гуйлтыг сонсдоггүй, бидний мөнгийг тоодоггүй, бидний амлалтад итгэдэггүй. Тэр зөвхөн бидний хийсэн бодит үйлдлийг л хардаг. Улаанбаатарт болох COP17 олон улсын хурал бол Монгол Улсын хувьд дэлхий нийтэд бэлчээр хамгааллын дуу хоолой болох хамгийн том боломж юм. Бид энэ хурлаар хөрш болон аж үйлдвэржсэн орнуудад хандаж, тэдний тарьсан уур амьсгалын дулаарлын хүнд ачааг далайд гарцгүй, нүүдлийн соёлтой цөөн хөгжиж буй орнууд хамгийн түрүүнд үүрч байгааг сануулж, бэлчээр хамгаалал, цөлжилтийн эсрэг дэлхийн нэгдсэн санг байгуулахыг уриалах боломжтой.

Харин дотооддоо бид “Байгаль эхтэй тохиролцож болно” гэсэн гэнэн бодлоосоо бүрмөсөн салах ёстой. Хууль бус уул уурхай, бэлчээрийн замбараагүй ашиглалт, усны үрэлгэн хэрэглээ бүхэндээ цэг тавьж, байгаль эхийн хуулийг дагаж мөрдөх цаг болсон билээ. Хөрс хагарвал итгэл найдвар хагарна. Хөрс сэргэвэл амьдрал сэргэнэ. Дэлхий нийтээрээ Улаанбаатараас эхлэн хөрс шороогоо хайрлах, итгэл найдвараа сэргээх аугаа үйлсийг эхлүүлцгээе. Учир нь бид байгаль эхийг ялан дийлж чадахгүй, зөвхөн түүнтэй зохицон амьдарч л чадна.

Тиймээс дижитал технологи, уламжлалт мэдлэг ухааныг хослуулан сөрөн тэсвэрлэх, дасан зохицох, хариу арга хэмжээ авах, хүнд нөхцөл байдлаас нэр төртэй гарах явдал нэн чухал болой. Бид бүгдэд цаг хугацаа байхгүй дээ адил болсон билээ.

зураг