Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын гүйцэтгэл 30 хувьд хүрчээ
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болоод буй.
Ажлын явцын талаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас(УБЗАА) "Ногоон нуур орчмын 85 нэгж талбарыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 77 нэгж талбарыг чөлөөлсөн. Одоо найман ААН-тэй тохиролцоонд хүрч, тохижилтын ажил эхэлнэ.
УБЗАА-наас газар шороо, суваг, шуудууны ажлыг гэрээт байгууллагаар гүйцэтгүүлж байгаа бол Хаан банк нийгмийн хариуцлагын хүрээнд 4.6 га талбай дээр тохижилтыг хийх юм.
Цэцэрлэгт хүрээлэнг 2027 оны гуравдугаар улиралд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна" гэж танилцуулав.
Албаны хүний мэдээлснээр цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын гүйцэтгэл 30 хувьд хүрчээ.
Нийт 4.58 га талбай бүхий тус цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламж, гүйлтийн болон дугуйн зам, авто зогсоол, задгай театр, 3х3 сагсан бөмбөгийн талбай, хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон тоглоом, дасгалын талбай зэрэг олон нийтэд зориулсан орчныг төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
