Баян-Өлгий аймгийн гэрээт эмийн сангуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ
Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар (ЭМДЕГ)-аас Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж буй гэрээт эмийн сангуудад олгосон санхүүжилт, нэхэмжлэлийн мэдээлэл болон даатгуулагчдад хөнгөлөлттэй эм олгосон байдалд энэ сарын 11-19-нд хяналт шалгалт хийсэн байна.
Хяналт шалгалтын хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийн зарцуулалт, гүйцэтгэл, эмчийн цахим жор бичилт, эмийн сангийн хөнгөлөлттэй эм олголтыг судлан, холбогдох мэдээллийг цахим системээс болон газар дээр нь түүвэрлэн шалгажээ.
Мөн аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулахад чиглэн ажилласан байна.
Хяналт шалгалтын дүнг аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газрын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, өрхийн эрүүл мэндийн төвүүд болон гэрээт эмийн сангийн эрхлэгч нарт танилцуулж, илэрсэн зөрчил, анхаарах асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгснийг Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газраас мэдээлэв.
Цаашид хөнгөлөлттэй эмийг өвчтөнийг биечлэн үзэж, оношлон, өвчний эмнэлзүйн удирдамжид нийцүүлэн бичиж, олгох, эмийн жор болон олголтын бүртгэлийг холбогдох шаардлагын дагуу хөтлөхөд анхаарч ажиллахыг зөвлөв. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байгааг мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
