Нөмрөгийн ДЦГ болон тус газрын хилээс гадна нийт 504,960.4 га газар шатжээ
Нөмрөгийн ДЦГ-ын нийт талбай 587,744.1 га бөгөөд үүнээс 448,993.6 га буюу 76.4% нь түймэрт өртөж, 138,750.5 га буюу 23.6% нь түймэрт өртөөгүй талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Мөн Нөмрөгийн ДЦГ-ын хилээс гаднах 55,966.8 га талбай түймэрт өртсөн. Ингэснээр зураглалд хамрагдсан нийт түймэрт өртсөн талбай 504,960.4 га юм байна.
Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлын хэмжээг тогтоох үүрэг бүхий ажлын хэсэгт нэмэлтээр шүүх шинжилгээний мэргэжлийн шинжээчид болон ой, ургамлын мэргэжлийн судлаачид очсон. Мөн техник хэрэглэл, цахилгааны эх үүсвэрийг шийдвэрлэж, хоёр нисдэг тэргээр тодорхойлсон цэгүүдэд ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.
2026 оны 10 дугаар сарын 25-ны Sentinel-2 хиймэл дагуулын 10 метрийн орон зайн нарийвчлалтай мэдээнд үндэслэн Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн ДЦГ орчмын хээрийн түймэрт өртсөн талбайг зураглажээ.
Энэхүү зураглал нь Цаг уур орчны шинжилгээний газрын, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл дагуулын хэрэглээ, тандан судалгааны хэлтэс хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн 10 метрийн орон зайн нарийвчлалтай гаргасан албан ёсны баталгаат эх сурвалж юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
