"Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлыг ой, агаар, хөрс, газрын хэвлий, ургамал, ан амьтан гэх мэт бүх байдлаар тогтооно"
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нөмрөгийн дархан цаазат газар (ДЦГ)-т гарсан ой, хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна.
Уг асуудлын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нөмрөгийн дархан цаазат газрын нийт 528,000 га талбайгаас 468 мянга нь түймэрт өртсөн. Ойн тухай хуулиар сумын засаг даргын захирамжаар байгуулагдсан хохирол тогтоох ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа.
30 хоногийн дотор хохирлын хэмжээг тогтоох хуулийн заалттай. Тиймээс энэ хугацаанд хохирлыг тогтоох асуудалд онцгой анхаарал хандуулж байна. Хохирлыг зөвхөн шатсан газрын талбайн хэмжээгээр хязгаарлахгүй. Ой, агаар, хөрс, газрын хэвлий, ургамал, ан амьтан гэх мэт бүх байдлаар хохирлыг тогтооно.
Зөвхөн газар дээр хэмжилт хийхээс гадна агаараас тандан судалж шинжилнэ. Хохирлыг тогтоосны дараа нөхөн төлүүлэх арга хэмжээг холбогдох хуулийн дагуу авч хэрэгжүүлнэ. Гал түймэр тавьсан эзэн холбогдогч нь тодорхой байгаа учраас цаг хугацаа алдах асуудал байхгүй байх.
Үлдсэн шатаагүй газар дээр ан амьтад байж байгаа. Мөн хилээр гарч явсан тохиолдлууд байгаа учраас Нөмрөгийн дархан цаазат газрын хил дагуу 188 километр газарт торон саадтай болох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярилцсан" гэв.
видео:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
