С.Дэлгэр: Соёлз уул шатна гэдэг Нөмрөгийн дархан цаазат газар тэр чигтээ түймэрт өртсөн гэсэн үг
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийг дөрөв дэх өдрийнх нь шөнө /2026.10.11/ цурамд оруулж, бүрэн унтраахаар одоо ч гал сөнөөгчид ажилласаар байна. Их хэмжээний газрыг хамарсан хээрийн түймэртэй холбоотойгоор “Мобиком” группээс "Халхголын хилийн отрядын бүс заставыг 4G сүлжээнд холбож, Сүмбэр хилийн боомтод шилэн кабелийн холболт нэвтрүүлсэн ажлыг хүлээлгэн өгөх ажиллагаанд оролцоод, цаашид харилцаа холбооны сүлжээ нэвтрүүлэх боломжийг судлах, газар орны нөхцөл байдалтай танилцах үеэр тээврийн хэрэгсэлд гал гарч, тухайн бүс нутагт хээрийн түймэр гарсан харамсалтай үйл явдал болсон" хэмээн мэдэгдэл гаргасан.
Монгол орны зүүн хязгаар дархан цаазат газарт түймэр гарсан тухай олон нийтэд анх мэдээлсэн С.Дэлгэрээс зарим зүйлийг тодрууллаа.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Дархан цаазат газарт гарсан түймрийн зураг, бичлэгийг та олон нийтийн сүлжээнд нийтэлж байсан. Тэр зураг, бичлэгийг хэрхэн авсан бэ?
-Намайг Сүрэнгийн Дэлгэр гэдэг. Дорнод аймгийн “Шинэ суваг” телевизийн сурвалжлагч, зураглаач.
Энэ онд Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа. Тэр хэсгийг хамгаалдаг байгаль хамгаалагч нартай намрын зураг авалтад явж байсан юм. Бид Хил хамгаалах ерөнхий газраас олгосон зөвшөөрлийн дагуу Нөмрөгийн ДЦГ-ын хамгаалалтын захиргааны ойд зориулсан баримтат нэвтрүүлэг бүтээхээр явж байхдаа түймэртэй таарсан. Өмнө нь тус газар руу өвөл, зун, хавар явж байсан.
-Сошиалын мэдээллээр “Мобиком” группийн төлөөлөл болох хүмүүс дархан цаазат газарт явж байсан бөгөөд машин нь шатсаны улмаас түймэр гарсан гэж байгаа. Тус группээс гаргасан мэдэгдэлд хилийн бүсэд гар утасны сүлжээ нэвтрүүлэхээр газар орны нөхцөл байдалтай танилцаж явсан гэсэн байсан. Харин та тэднийг ажлаар бус ан агнуур хийх зорилгоор зугаалж явсан гэсэн байсан.
-Мобикомоос Сүмбэр Рашаантын боомтод сүлжээ оруулаад нээлтээ хийсэн. Тэр боомт бидний байсан газраас маш хол. Нөмрөгийн заставт сүлжээ оруулахаар судалсан гэсэн байсан. Тэр застав Мобикомын сүлжээтэй. Хоёрдугаарт, Нөмрөгийн застав орох бол тийшээ замтай, машинаа шатаах ямар ч шаардлагагүй.
Хилийн цэргийнхэн тэр дундаа 0198 дугаар ангийн захирагч Мобикомынхныг зугаацуулахын тулд биднийг дархан цаазат газар руу явуулахгүй нэг хоног байлгасан. Бид зохих зөвшөөрлөө аваад, морио эхлээд явуулсан. Нөмрөгийн ДЦГ руу нэвтэрсэн тохиолдол хилийн бүлэг эсвэл хилчин заавал хамт явдаг. Өмнө нь бидэнтэй хилийн бүлэг хамт явсан байсан.
Гэтэл хилийн 0198 дугаар ангийн захирагч бидэнтэй хамт явах хүнээ томилохгүй нэг хоног уясан. Үүнийг би Мобикомынхныг түрүүлж явуулаад буцсаных нь дараа бидэнд явах зөвшөөрөл өгсөн санаатай үйлдэл гэж хардаж байгаа. Бидэнд нэг хоног ч чухал байсан. Гэтэл түймрээс болоод бид сая зураг авч чадаагүй.
-Мобикомоос хэдэн машинтай хэдэн хүн явсан юм бол. Та мэдсэн үү?
-Нийт таван машин явсан гэж ойлгосон. Нэг нь Сүмбэр Рашаант боомтын машин. Хоёр дахь нь Халхгол сумын эмч нь түргэн тусламжийн машин унаад явсан. Нөгөө гурав нь Мобикомынх.
-Машин нь шатсан, түймэр гарсантай холбогдуулж цагдаагийн байгууллагаас тэнд явсан хүмүүсийг шалгасан болов уу. Танд мэдээлэл байна уу?
-Тэд жолоочоо үлдээгээд тэндээсээ Сүхбаатараар дамжаад зугтаасан. Маргааш нь Халхгол сум руу өмгөөлөгчид явуулсан гэсэн. Тэднийг саатуулж шалгах ямар ч үндэслэл байхгүй юм билээ.
Түймэр гараад олон хүн нойр хоолгүй ажиллаж байхад хаяад зугтаасан тэд. Түймэр тавьчхаад тэрийг нь унтраахаар ажиллаж байгаа хүмүүст ядаж ус, ундаа зөөгөөд байж байх ёстой санагдсан. Өөр хүмүүс бол тэгэх байсан байх.
-Онцгой байдлын байгууллагаас түймрийг цурамд оруулсан гэдэг мэдээлэл өгсөн. Бүрэн унтрааж чадаагүй байх шиг байна. Яг одоо түймрийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Их гал нь унтарсан. Нөмрөгөөс цаашаагаа аль хэдийнээ шатаад дууссан л даа. Одоо шатаад байх ч газар үлдээгүй. Цурмаа манаад байж байгаа юм шиг байна билээ.
Аймгийн Засаг дарга хурал дээр Нөмрөгийн ДЦГ-ын 80 хувь нь түймэрт өртсөн гэж ярьсан байсан. 80 хувь гэдэг нь бараг л 100 хувь шүү дээ. Яагаад гэвэл Соёлз уул шатна гэдэг чинь тэр чигтээ түймэрт өртсөн гэсэн үг.
Гол нь Нөмрөгийн ДЦГ бол Монголд үлдсэн хоёрхон онгон дагшин газрын нэг. Хандгай, зэрлэг гахай, бор гөрөөс, баавгайнаас гадна цэнгэг усны тул загасны орон.
Хамгийн харамсалтай нь 3-5 жилийн дараа өвс ногоо нь сэргэх байх. Гэхдээ түймэрт өртөхөөс өмнөх шигээ болохгүй. Түймрээс болж хамаг ан амьтан нь дайжсан. Үлдсэн байлаа ч идэх хүнс хоолгүй. Энэ нь хамгийн харамсалтай байна.
-Түймрийг унтраахаар маш олон хүн ажиллаж байгаа тэр ч бүү хэл БНХАУ-ын талаас ч хамтарч ажилласан гэсэн.
-Олон аймгийн онцгойгийнхон мундаг ажиллаж байгаа юм билээ. Түймэр гарсан эхний өдрөөс л Нөмрөгийн ДЦГ Соёлзын чиглэлд байдаг хилийн баганын цаана Хятадын тал маш олон машин техникээ бэлэн байдалд зогсоосон байсан. Өөдөөс нь цурам тавьсан байх.
ВИДЕО ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
