Н.Номтойбаяр: Нөмрөгийн заставын интернетийн хэрэглээг хангахын тулд Мобиком групп 100 км газарт шилэн кабель тавина гэж юу байх вэ дээ
Дорнод аймгийн Халхгол сумын нутаг Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-ны өдөр хээрийн түймэр гарсан.
Түймрийн нөхцөл байдал ямар байгаа талаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийг унтраахад маш их зардал гарч байна. Маш олон хүн нэмэлт цагаар ажиллаж байгаа. Хэрэв ан амьтан шатаж үрэгдсэн бол тусдаа үнэлгээтэй. Ямар ч байсан түймрийг бүрэн унтраагаад авъя.
Би Дорнод аймгийг найман жил төлөөлж, УИХ-д сонгогдож байсан. Дархан цаазат газарт учраас хэдий УИХ-ын гишүүн ч гэлээ холбогдох байгууллагад нь мэдэгддэг байсан. Тэгэхээр Мобиком групп дархан цаазат газарт орох ажил хэргийн шаардлага байсан уу. Мобиком групп Нөмрөгийн застав руу шилэн кабель тавина гэж би сонсоогүй. Нөмрөгийн заставт шилэн кабель тавих шаардлага байхгүй. Тухайн үед би хувиасаа мөнгө гаргаж интернеттэй болгож байсан.
Угаасаа эдийн засгийн хувьд боломжгүй. Нөмрөгийн заставын интернетийн хэрэглээг хангахын тулд Мобиком групп 100 км газарт шилэн кабель тавина гэж юу байх вэ дээ. Хууль зүйн хувьд мэргэжлийн хүмүүс нь дүгнэлтээ гаргахаар нөхөн төлбөрийн асуудал ярина.
Хоосон уучлаарай надад сонин биш байна. Буруутай этгээд нь тогтоогдвол нөхөн олговор төлнө. Түймэр унтраах үйл ажиллагааны зардал татвар төлөгчдийн мөнгөнөөс гарч байгаа. Түймрийг цурамд орууллаа гэдэг нь галыг бүрэн унтраасан гэсэн үг. Хуурайшилтын үед салхи дэгдээд дахин гал гарах магадлалтай байдаг.
Нөмрөгийн дархан цаазат газарт дэлхийд ховор Буган Хандгайт, баавгай, гахай бий. Суурьшмал бүсээс 90 гаруй километр газар учраас мал амьтан бараг орохгүй" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
