"Японы Засгийн газар Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргээх, экосистемийг хамгаалах чиглэлээр бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн"
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар өчигдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, “Мобиком корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүхиро Очи болон бусад албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд Игавахара Масарү Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас Монгол орны байгаль орчин, экосистемд ихээхэн хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр Японы Засгийн газар тус бүс нутгийг нөхөн сэргээх, экосистемийг хамгаалах чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллах, бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа онцоллоо.
Мөн Япон Улсын байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнийг түймэрт өртсөн Нөмрөгийн дархан цаазат газарт ажиллуулах, Монголын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Харин “Мобиком корпорац” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ясүхиро Очи байгаль орчинд учирсан хор хохиролд чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа илэрхийлж, Монголын ард түмнээс уучлалт хүслээ.
Түүнчлэн түймрийг унтраах ажилд оролцсон нийт хүн хүч, албан хаагчдад талархал илэрхийлж, цаашид мөрдөн шалгах ажиллагаа болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдэв.
Мөн түймрийн улмаас учирсан хохирлыг бодитой тогтоох, нөхөн сэргээлтийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд Япон Улсын туршлага, мэргэжлийн дэмжлэг чухал болохыг онцоллоо гэж Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамнаас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


