"Нөмрөгийн ДЦГ-ын хохирлыг хуулийн хугацаанд багтааж үнэн бодитоор нь тогтооход анхаарч байна. Маргаашаас нисдэг тэрэг гаргана"

М.Батчимэг, ikon.mn
9 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Нөмрөгийн Дархан Цаазат Газар

Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээг тогтоох асуудлаар холбогдох албаныхан болон  "Мобиком Корпорац"-ийн төлөөллийг оролцуулсан шуурхай хуралдаан өнөөдөр болж өнөөдөртөө багтаад Улаанбаатар хотоос онгоцны түлш цэнэглэх машиныг яаралтай гаргаж, маргаашдаа багтаад шаардлагатай нисдэг тэргийг гаргахаар шийдвэрлэсэн байна. 

Энэ талаар Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир дараах мэдээллийг өглөө. 

Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээг тогтоохоор тухайн газар нутагт гурван машинтай 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байгаа юм байна. 

Хохирлыг үнэн бодитой гаргахын тулд бүх цэгүүд дээр очих хэрэгцээ шаардлага байгаа ба машин техник явах бололцоотой бүх газраар нь явсан байна. Түүнээс цааш уул, хад асга, даваа гүвээ ихтэй, намаг шавартай, цас хялмаалсан байгаа учир машин техник явах боломжгүй байгаа аж. Иймд нисдэг тэргээр дэмжлэг үзүүлэх хүсэлтийг өчигдөр тавиад байсан юм.  

Түүнчлэн шатаагүй байгаа хэсгүүд дээр ан амьтдын нягтаршил их байна гэж ажлын хэсгээс мэдээлжээ. Одоо гаргаж байгаа хохирлыг нотлох баримтын хэмжээнд сайн цуглуулахыг чухалчилж байгаа аж. 

Одоогийн байдлаар галд шатаж үхсэн амьтан олдоогүй байгаа ба цааш шинжлээгүй бүс нутгууд дээр ямар байгааг одоогоор тогтоогоогүй байгаа юм байна. Мөн хэдий хэмжээний ан амьтан хил давсныг тооцоолоогүй байгаа аж. 

Мөн сүүлийн жилүүдэд Нөмрөгийн ДЦГ-т ховор ургамлын судалгаа хийгдсэн ч амьтдын судалгаа сүүлийн 20 жилд хийгдээгүй байсан байна. Иймд ирэх жилээс ховор ан амьтдын судалгааг хийнэ гэв.