Баян-Өлгий аймгийн багш, боловсролын салбарын ажилтнуудын Монгол хэлний сорилын дундаж гүйцэтгэл 36.3% байв
Баян-Өлгий аймгийн боловсролын салбарын ажилтнууд, багш нарын дунд Монгол хэлний сорилыг зохион байгуулав.
Сорилд аймгийн төв, сум, багаас 905 оролцогч шалгалтад хамрагджээ. Гүйцэтгэлийн дундаж 36.3% бөгөөд оролцогчдын 57% нь 40%-иас доош, зөвхөн 2.4% нь 80%-иас дээш гүйцэтгэлтэй байв.
- Бага ангийн багш нарын 70%, мэргэжлийн боловсролын байгууллагын ажилтнуудын 61% нь 40%-иас доош гүйцэтгэлтэй байгаа нь хамгийн анхаарал татах үр дүн байна.
- Харин Монгол хэл, бичиг, уран зохиолын багш нар, сургалтын байгууллагын удирдлагуудын 31–35% нь 60–79%-ийн гүйцэтгэлд хүрсэн.
- Бичгийн соёл, хэрэглээ хамгийн өндөр (77.4%), харин Монгол бичгээр унших (26.1%), санаагаа товч илэрхийлэх (29.5%), эшлэл баримт сонгон хэрэглэх (32.2%) чадварууд хамгийн сул байна.
- Бага ангийн багш нарын 19.4 хувь нь эсээ бичих чадвар сул огт бичиж чадахгүй байна.
- Магистрын зэрэгтэй оролцогчид (47.8%) бакалавр (34.7%) болон дипломынхоос (32.6%) илүү үр дүн үзүүлсэн.
Байршлаар нь авч үзэхэд аймгийн төвөөс сум, улмаар багийн төв рүү шилжих тусам үнэлгээний үр дүн буурах хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, багийн түвшний оролцогчдын үзүүлэлт хамгийн бага буюу 29.7%-тай байна гэж Боловсролын Яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
