"Хоногт 13 цуваа нэвтрүүлдэг байсныг дөрвөөр хязгаарласнаар зэсийн баяжмал тээвэр, экспорт доголдох эрсдэл үүссэн"
Сүүлийн өдрүүдэд зэсийн баяжмалын экспорт эрс буурсан байна.
Уг асуудлаар "Оюу толгой" компаниас өгсөн тодруулгад "Оюу толгой компани нь уурхайн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтэд онцгой анхаарч, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө ажилладаг.
2026 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс хойш Ганцмод боомтоос Гашуунсухайт чиглэлд хилээр буцаж нэвтрэх гарцад тодорхойгүй шалтгааны улмаас хязгаарлалт тогтоон, хоногт 13 цуваа нэвтрүүлдэг байсныг дөрвөн цуваагаар хязгаарлаж байгаа нь баяжмал тээвэр, экспортын хэвийн үйл ажиллагаа доголдож, борлуулалт саатан эдийн засгийн хохирол учруулж болзошгүй эрсдэл үүссэн" гэжээ.
Үүсээд буй нөхцөл байдлын талаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-наас тодруулахад Эдийн Засаг, Хөгжлийн Яам(ЭЗХЯ)-тай холбогдохыг зөвлөсөн. Харин ЭЗХЯ-наас "Сангийн Яам, АҮЭБЯ-наас энэ талаарх тоон мэдээллийг гаргадаг учир эдгээр яамнаас лавлаарай" гэсэн юм.
Сангийн Яамнаас энэ талаар тодруулсан ч одоогоор хариу мэдээлэл өгөөгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
