Ц.Идэрбат: Арваннэгдүгээр сарын дундуур ямааны годрон өвчний вакцин Монгол Улсын үйлдвэрлэлд нэвтэрнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр ямааны годрон өвчний эсрэг вакцин арваннэгдүгээр сард Монгол Улсад үйлдвэрлэлд нэвтрэх талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээллээ.
Энэ талаар хэлэхдээ "24,000 гаруй ямааг устгалд оруулж, 5.3 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
Одоогоос 14 хоногийн өмнө ямааны годрон өвчтэй холбоотой вакциныг өөрсдөө хийх, энэ вакциныг шинээр дахин үйлдвэрлэж эхлэх процесст зориулж 1.5 тэрбум төгрөг хуваарилах шийдвэр гарсан.
Вакциныг дотооддоо үйлдвэрлэхээр шинжлэх ухааны олон шат дамжлага дуусаад өөрсдийнхөө итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулан, олон улсын итгэмжлэгдсэн лабораторид явуулаад байгаа.
Арваннэгдүгээр сарын дунд гэхэд ямааны годрон өвчний вакцин Монгол Улсад үйлдвэрлэлд нэвтэрнэ.
Ямааны годрон өвчин юунаас болж гарав, буруутай этгээдийг олж тогтоохыг Засгийн газраас Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газарт үүрэг болгосон. Үүний дагуу хянан шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа. Дараагийн асуудал бол буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
Годрон өвчнөөс болж ямаагаа устгалд оруулсан 58 өрхийн хохирлыг төр барагдуулж байна гэж ойлгож болно" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
