Монголын анхны ардчилсан Засгийн газар буюу М.Энхсайханы шинэчлэл

Редакцын бус нийтлэл
0 минутын өмнө
Редакцын бус нийтлэл
Зураг зураг

Анхны ардчилсан Засгийн газар байгуулагдсаны 30 жилийн ойд

1996-аас өнөөдрийг хүрэх гучин жил гэдэг амархан өнгөрдөг хугацаа аж. Энэ хооронд Дэлхийд болон Монголд маш олон зүйл болж өнгөрлөө. Зах зээлийн гараагаа бараг нэгэн зэрэг эхэлж байсан өмнөд хөрш БНХАУ өнөөдөр Дэлхийн эдийн засгийн тэргүүлэх хоёр дахь том гүрэн болж олон улсад хүндэтгэгдэж байхад бид өнгөрсөн гучин жилдээ ихээр хоцорч бараг адагт үлдэж байх шиг.  Тэгвэл тэр 30 жилийн өмнө юу болж байсныг дурсан оролдох гээд үзэх үү?

1996 оны дунд үеэр Монгол эдийн засгийн хувьд ихээр уначихсан, нийгмийн асуудал дээд зэргээр хоцорч, цалин, тэтгэврээ тавьж чадахгүй, өдөртөө хэд хэдэн удаа гэрэл цахилгаан тасардаг, картын бараагаар амь залгаж, өдөр хоногийг өнгөрөөн аж төрж байлаа.

1996 оны Улсын Их Хурлын сонгууль нь 1996 оны 6-р сарын 30-ны өдөр явагдаж тасралтгүй 75 жил Монголын төрийг засаглан хязгааргүй ноёрхож байсан тэр үеийн МАХН сонгуульд бүрэн ялагдаж, 1990 онд БНМАУ-д ардчилсан хувьсгалыг анхлан эхлүүлсэн ардчилсан хүчний эвслийн намууд ялалт байгуулсан нь Монгол улсын түүхэнд сүүлчийн 300 гаруй жилд гараагүй том өөрчлөлт хийгдэх эхлэлийг манай сонгогчид зоригтойгоор шийдсэн гэгээлэг алхам байлаа. Улсын Их Хурлын хоёр дахь удаагийн сонгуулийг нэг мандат бүхий 76 тойргоор явуулж, сонгуулийн дүнд МҮАН, МСДН, НН-ын "Ардчилсан холбоо" эвсэл 50, МАХН 25, МУНН 1 суудал авч сонгогч олон шинэ залуу ардчилсан хүчнийхэнд итгэл найдвар хүлээлгэн, төрийн эрх мэдэл анх удаа улс төрийн шинэ хүчинд шилжсэн онцлогтой парламент байгуулагдав. УИХ-ын даргаар МСДН-ын дарга Р.Гончигдорж, шинэ Ерөнхий сайдаар МҮАН-ын тэргүүлэгч М.Энхсайхан нар сонгогдсон болно. Олон жил төрийн эрх барьсан, туршлагатай гэгдэх улс төрийн том хүчин болох МАХН анх удаа цөөнх болж, засгийн эрх барих нам, хүчний байр суурьт огцом эргэлт болсон билээ.

Энхсайхан Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө УИХ-аар батлуулсны дараа Засгийн газрын гишүүд хамтран хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа ажлаа “Монгол ХХ зуунд. Шинэчлэл, хөгжил” хэмээх номд оруулж шинэчлэлийн үйл хэргээ үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ талаар Энхсайхан 2020 онд хэвлүүлсэн “Социализмаас капитализмруу”-эдийн засгийн реформ хэмээх номдоо тодорхой тусгасан байдаг. 

Ардчилсан эвсэл 1996 оны УИХ-ын сонгуульд ялсны дараа М.Энхсайхан Засгийн газраа ердөө 9-хөн яам, 10 сайдтай цомхон байгуулж, төрийн зардлыг хэмнэх бодлого баримталж, улс төр, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийн бодлогыг иж бүрнээр нь зоригтойгоор эхлүүлж төр, засгийн бүтцийг авсаархан цомхон болгож ажлаа эхлүүлсэн.

Ерөнхий сайд зарим нэг хүн шиг зүгээр нэг “алх цохиж” байсангүй харин өөрөө бодлогоо тодорхойлж, улс орноо удирдаж, эдийн засаг ба бүтцийн шинэчлэлийн хүрээнд зах зээлийг либералчлах чиглэлээр үнэ чөлөөлөх, гадаад худалдааг нээх, төрийн өмчийг хувьчлах замаар төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн капиталист эдийн засаг руу шилжих суурь алхмуудыг эрчимтэй хийж байлаа.

Манай засгийн газар улс орныхоо хөгжлийг зөв голдиролд нь оруулахын төлөө нойр, хоолгүй л ажиллаж байсан. Ирээдүй, хэтийн алс ирээдүйг харсан зөв бодлого бий болгохын тулд олон зүйлийн шинэчлэл хийв. Тэр нь хуучнаараа хэвшсэн, өөрсдийнх нь эрх ашигтай шууд зөрчилдөх болсон тул МАХН-ынханд бол ерөөсөө анхнаасаа таалагдахгүй байсан. Тэд бол хуучнаараа ард олныгоо жолоодож өөрсдөө ”мэргэн” шийдвэрээрээ захиргаадаад л сууж байхыг хүсэж байлаа. Харин бид аливаа асуудалд олон түмний оролцоог хангах, ард олноороо хэлэлцүүлж байх шинэлэг арга хэмжээг алхам алхмаар авч эхэлсэн. Эдийн засгийн бэрхшээлийг ч түргэн давахын тулд үнийг чөлөөлөх зэрэг олон зоримог алхмыг хийсэн.

Монголчууд бидэнд урьд өмнө нь өмчийн эрх чөлөөний талаар ямар ч ойлголт түүнийг эдлэх эрх, бас тэр талаар бодох бололцоо ч байгаагүй. Өмчийн эрх чөлөөгүй хүн бол хаашаа ч зайлах аргагүй, өөрийн “эзэн” болсон төрийн хараат, хүлцэнгүй номхон дөлгөөн барлаг байдаг болой.  Урьд нь манай ардчиллынхан малыг хөдөөгийн малчдад хувьчилж байсан бол энэ удаа эхний ээлжид орон сууцыг дараа нь улсын өмчийн газрыг нийт хүн амдаа бүгдэд нь хувьчлахаар холбогдох хуулиудын төслийг боловсруулан Улсын их хуралд оруулан хэлэлцүүлж байсан нь өмчийн эрх чөлөөг эдлэх боломжийг нээж өгсөн гайхамшигтай үйл хэрэг байлаа. 

Эдгээрээс зөвхөн орон сууц хувьчлах хуулийн төсөл л арай гэж батлагдав. Монгол улсын иргэнд газрыг хувьчлах хуулийг УИХ-д оруулж бүтэн хоёр сар илүү хугацаанд байнгын хороодоор хэлэлцээд тухайн үеийн улс төрийн хүнд дарамт шахалтаас шалтгаалан аргагүйн эрхэнд татан авч байлаа. Газрыг хувьчлах хуулийн төслийг миний бие Улсын их хурлын Эдийн засаг, байгаль орчны байнгын хорооны хурлаар удаа дараа хэлэлцүүлж байхад “ хэт эх оронч” бүлэг болон ардын намынхан түүнийг байнга  эсэргүүцэж байлаа.

Газрыг хувьчлах нь иргэдээ үл хөдлөх хөрөнгө, өмчтэй болгох, газрын зах зээлийг үүсгэж эдийн засгийг сэргээх, иргэдээрээ дамжуулан газраа хамгаалах, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахад иргэдээ оролцуулах зэрэг чухал ач холбогдолтой. Газар гэсэн асар их үнэ цэнтэй өмчтэй болсон Монгол улсын нялх балчраас эхлэн хамгийн ахмад насны бүх иргэд маань ядуурлаас гарахад ч гэсэн бас нэгэн алхам болох ёстой байв. Энэ ажлын үнэ цэн, ач холбогдлыг нийгэмд зөв ойлгуулбал илүү өгөөжтэй болох байсан юм .

Улсын үйлдвэрийн газрууд хэт үрэлгэн, санхүү, хэмнэлтийн менежмент гэж байхгүй. Дарга нар нь дэндүү үрэлгэн, цамаан загнана.Тэд социализмын үйлдвэр аж ахуйн газруудаа үргэлжлүүлэн эзэгнэн захирч байлаа. Тэд нарт хяналт шалгалт гэж байхгүй. Улсын мөнгийг тэд нар дураараа үрнэ. Тэдний сэтгэхүй хэзээ ч өөрчлөгдөж шинэчлэгдэж даанч чадсангүй. Тэгээд үйлдвэр ашиггүй ажиллаж байна хэмээн улсаас мөнгө, татаас нэхнэ. Арай дэндэж байлаа. Энэ бүхэн яг өнөөдөр эргээд давтагдаж байх шиг. Иймд энэ бүхнийг манай засгийн газар өөрчилсөн. Үрэлгэн бүх дарга нарыг ажлаас нь өөрчлөх замаар хариуцлага тооцохоос өөр арга байсангүй. Уг нь тэд нарт хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой байсан юм билээ.  Мэдээж хэрэг ардчиллын эхний тавхан жилийн дотор МАХН-ынхан өөрсдийнхөө хүмүүсийг солихгүй шүү дээ.

Хувь заяаны тавилангаар улсын үйлдвэр, байгууллагын дарга нар бүгдээрээ МАХН-ын гишүүд байсан. Тэд нарын оронд элдэв хэрэг төвөгт холбогдоогүй, бас муу санаа суугаагүй залуу, чадварлаг шинэ үеийн төлөөллийг томилох зайлшгүй хэрэгцээ гарсан. Иймд МАХН-ынхан манай хүмүүсийг ажлаас халсан хэмээн олон жил гонгинодог. Харин ч тэд нарыг ажлын хариуцлага алдсаных нь төлөө шүүхэд өгөөгүйд баярлах ёстой байсан юм. Энэ бүхэн бол манай засгийн газрыг унагах, солих улс төрийн хонжоо харах хангалттай үндэслэл болж байжээ. Бид нарийн хийсэн шинэчлэл, дэвшилттэй болгон нийгэмд хэрэгтэй байсан боловч,манай Засгийн газар МАХН-ын хамаг булхайг илчилж , эрх ашигт нь зөрчилдөж өөрсдийгөө тэсрэх цэнэгтэй  “мина” дээр зогсоох болсон байдаг.

Бид нийгэмд олон жилээр бугшиж тогтсон “идээ бээр”-ийг цэвэрлэсэн. “Ард” хэмээх авлигажсан банк нь цалин, тэтгэврийг эзэнд нь хүргэлгүй олон сараар өөрсдөө мөнгө болгон эргүүлж “угааж” ашиглана. Үүнээс болоод иргэд ихээхэн хохирно. Түүнийгээ ч тэд нар мэдэхгүй байсан. Учир нь төр, засгийн эрх баригчид бүхнийг өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн тайлбарлаж хэвлэл мэдээллийн хэрэгслийг намынхаа үзэл суртлын зэвсэг болгон ашигласан хэвээр л байжээ.   

Иймд Засгаас хийсэн дараагийн алхам бол хатуу сахилга батыг тогтоох байв.Төсөв санхүүгийн сахилга батыг чангатгаж, албан тушаалтнуудын хөрөнгө мөнгөөр тансаглах явдалд хатуу хариуцлага тооцдог зарчмыг нэвтрүүлсэн нь хуучинсаг бүлгүүдэд хүнд  цохилт болсон юмдаг. 70 гаруй жил улсын хөрөнгөөр тансаглаж сурсан хуучин намынхан цочирдож, хүнд байдалд орж эхэлсэн бөгөөд тэд шинэчлэгч Засгийн газартай эхлээд нууц дайн зарлаж байснаа удалгүй тэр дайн  ил тод болж шууд тэмцэлдэж байсан билээ. Улсын хэмээгдэх 10 гаруй том үйлдвэрүүд ямар ч ашиггүй үрэлгэн ажиллаж, өөрсдийн буруугаас гаргасан алдагдлаа төрийн татаасаар нөхөхөөр санаархаж, Загийн газарт өргөх бичиг хүртэл барьж байлаа.

Эд бараа, мөнгийг өгдөг байсан ЗХУ нь хямарч Монголыг ивээн тэтгэх байтугай өөрийгөө яая гэх байдалтай болчихсон байсан энэ үед хүнс, бараа хомсдож, ажилгүйдэл ихсэж, улсын төсөв хоосорч, ерөнхийдөө л улс орны галыг унтраачихгүй байхын хажуугаар шинэчлэлийг хэрэгжүүлэх зэрэг үй түмэн зовлон бэрхшээлийг шийдэх үүрэг сонгуулиар бүрдсэн УБХ, Засгийн газарт ноогдсон билээ. М. Энхсайхан урьд өмнө нь УБХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгогдож 2 жил ажиллаж байхдаа улс орны ирээдүйг зөв төсөөлөн харж шинэ нийгэмд зохицсон хуулиудыг өөрчлөн батлан гаргаж байсан нь түүнийг Ерөнхий сайдаар ажиллах үед бодлогын угтвар нөхцөл нь болсон гэж үзэж болно .

1996 онд М.Энхсайхан Ерөнхий сайдаар томилогдоод МАХН-ын Засгийн газраас эрс өөр арга барилаар ажиллаж өмнө нь байсан 14 яамыг 9 болтол нь цөөрүүлэн, Шадар сайд болон дэд сайдуудын орон тоог цомхотгож хэрхэн бага хүчээр Засгийн газар ажиллаж болдогийг харуулж чадсан билээ. Энэ арга туршлага өнөөдөр ч гэсэн Монгол улсад хэрэгтэй л байгааг эрх баригчид ойлгодог болоосой.

Нэг жил есөн сар М.Энхсайхан Ерөнхий сайдаар ажиллахдаа Дэлхийн худалдааны байгууллагад Монгол улсыг элсүүлж, өмнөх эрх баригчдын шийдэж чадахгүй байснаас шалтгаалан өрийн сүлжээнд орчхоод байсан дотоодын эрчим хүч, дулааны суурь үнийг чөлөөлж, цомхон бүтэцтэй Төрийн өмчийн хороог байгуулж, ил далдаар “идэх” хэлбэрт ороод байсан өмч хувьчлалыг дуудлага худалдаа зонхилсон ойлгомжтой, шударга байдлаар шуурхайлан явуулж, төрийн өмчийг анх удаа тоолон хаана ямар өмч байгаа нь тодорхойгүй, яам тамгынхны гараар орж дуусдаг байдлыг эцэслэн нэгдсэн бүртгэл, удирдлагад оруулж, орон сууцыг оршин суугчдад нь үнэгүй хувьчилж, долоо хоногийг ажлын таван өдөрт шилжүүлж, тэтгэвэр, татварын тогтолцоог өөрчилж, өдөр тутам тасардаг байсан гэрэл цахилгааныг 1 сарын дараагаас тогтмол асдаг болгосон зэрэг  олон өөрчлөлтийг ард түмний нүдний өмнө хийж, шинэчилж байсан Ерөнхий сайдын түүхэнд үлдээсэн эдийн засаг, нийгмийн шийдэмгий өөрчлөлтүүдийн үр шим, өгөөж өнөөдрийг хүртэл Монгол улсын хөгжил дэвшилд эергээр нөлөөлсөөр байгаа билээ .

Шинэ засгийн газар улс орноо картын бараанаас гаргахаас эхлээд олон зүйлийг өөрчлөх, нойрноос сэрээх, үхээнц дорой сэтгэхүйг өөдрөг гэгээлэг ирээдүйгээ харсан бүтээлч  итгэл урмаар өөрчлөн солих ёстой байлаа.

Энэ бүхнийг Энхсайханы Засгийн газар хийж чадсан. Тэд ард түмнийхээ итгэлийг хэзээ ч хөсөрдүүлээгүй.

Өдөр бүр гэрэл цахилгаан хэд хэдэн удаа тасарна. Эрчим хүчнийхэн хамгийн эхний ээлжид улсын мөнгө, зээл тусламжийг хүртэнэ. Тэгээд ёроолгүй шуудай шиг үрэлгэн хэрэглэж, зарлагадна. Тэдэнд ямар ч хяналт тавьж, хариуцлага тооцох гэж байхгүй. Эрчим хүчнийхэн улсын өмчийн бензин, тос, сэлбэг хэрэгслийг гурвалжингийн гүүр орчим  мэтийн олон газруудад зараад зогсож байна. Төрийн өмчийн бүртгэл тооллого гэж ерөөсөө байхгүй.

Энхсайханы  Засгийн газар өөрчлөлт шинэчлэлт болгоныг бүх салбарт нэгэн зэрэг хийж улс орноо хоцрогдлын хар нүхнээс татаж гаргасан. Энэ бол бодит үнэн, манай хөгжлийн нэгэн түүх.

Манай засгийн газраас хийсэн асар их шинэчлэлийн талаар улс төрч, нийтлэлч Баабар: “ хоёр жилийн дотор асар том реформ “ хийсэн, салбар болгонд. Өнгөрсөн 22 жилийн явцыг эргэж харахад Монгол улсын Засгийн газруудын ажиллагаанаас гялайж гялтайх юм нь 1990-1992 оны Бямбасүрэнгийн, 1996-1998 оны Энхсайханы Засгийн газраас л харагдана. Бусад нь ч яахав дээ, хоёр гуравдугаар зэргийнх. Зарим нь ч байсан эсэхийг нь хүн ч санахгүй юм. “ гэж 2012 оны  “Өдрийн сонин”-ны 242 дугаарт бичсэн байдаг. Энэ бол Баабар шиг  улс төрч хүний нэлээд хожуу хойно хийсэн том дүгнэлт биз. 

2016 оны 10 дугаар сар 4-ний өдөр “NEWS.MN“ сайтад төрийн соёрхолт Б.Сосорбарам сэтгүүлч Т.Даваанямтай хийсэн ярилцлагадаа: “1996-2000 оны М.Энхсайханы Засгийн газрын үед зөв зүйтэй хэрэгжүүлж байсан бодлого бий. Тухайлбал, татварыг багасгасан, үнэ чөлөөлсөн  гэх мэт. Яг үнэнийг хэлхээд 1996-2000 оны үед Монголын ард түмэн сэрсэн юм шүү” хэмээсэн нь нэгийг бас хэлээд байгаа хэрэг.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1998 онд Улсын их хурал дахь олонхын бүлгийн дарга байхдаа хамгийн анх манай кабинетыг “Анхны ардчилсан Засгийн газар “байлаа гэж нэрлэж байсан юмдаг.  Энэ бол ардчиллынхан түүхэндээ анхны Засгийн газар дангаараа байгуулсантай холбоотой болов уу?

Энэ талаар жирийн иргэд, тэр тусмаа жижиг, дунд бизнес эрхэлж  явсан олон хүн Энхсайханы засгийн газрыг үргэлж дуурьсаж явдаг, үнэлж байдаг юм билээ.

Манай Засгийн газрын гишүүд, багийнхан маань шургуу ажиллаж байсан. Бидэнд хоногийн 24 цаг үнэндээ багадаж байлаа. Улс оронд мөнгө, санхүү байхгүй хүнд хэцүү үе тохиож байв. Манай үндсэн “саалийн үнээ” Эрдэнэтийн зэсийн үнэ зах зээл дээр дөнгөж 1200 доллар хүрч байв.

Манай Засгийн газрын шинэчлэл бүхнийг УИХ дахь цөөнхийн бүлгийнхэн ард олонд буруугаар тайлбарлаж биднийг буруутгана. Бидний хийсэн дэвшилттэй болгоныг “доош нь хийж” , нийгмийг бидний эсрэг чиглүүлэх оролдлогыг хийнэ. Ийнхүү бид өөрчлөлт шинэчлэлийн төлөө биеэ хайрлахгүй зүтгэж,  улс төрөө бодохгүй ажиллаж байсан нь Засгийн газраа алдах нэг алдаа болсон.

УИХ дахь МАХН-ын цөөнхийн бүлгийнхний өс хонзонг бас тооцоогүй зэрэг гол шалтгаанаар манай Засгийн газар зайлуулагдсан билээ. Үүнийг түүх шүүсээр байна. Түүх ч удалгүй хоёр жилийн дараа шүүж, ард түмэн “ ардчиллынхан”-д  дүнгээ тавьж тэд нарыг төрөөс үндсэндээ нэг хэсэг хугацаанд зайлуулсан шүү дээ. МАХН-ынхан ч бас хариугаа авч төрд хяналтгүйгээр дураараа дургиж, өнөө үеийн авлигаасаа эхлээд хулгай, дээрэм зэрэг бүх шуналтай бүхнийг нийгэмд төлөвшүүлж өдий хүрчээ.

Энэ засгийн газар хоёр жил шахуу ажиллахдаа Монголын тэр үеийн нийгмийг бараг орвонгоор нь эргүүлсэн олон өөрчлөлтүүдийг хийж, нийгэм эдийн засгийн шинэчлэлийн бодлогоо тууштай хэрэгжүүлсэн билээ.

Монголын сонгогч олон түмэн ч Энхсайханы засгийн газарт ам сайтай байсан бөгөөд түүний өдөр тутам хийж байсан олон шинэ өөрчлөлт, дэвшилтэт үйлдлүүдийг маш таатай хүлээн авч байлаа.

Гэвч улс төрийн нөхцөл байдал олон хүчин зүйлээс шалтгаалан өөрчлөгдөж манай Засгийн газрын толгой дээр гамшгийн хар үүл хуралдаж эхэлсэн. Мэдээж хэрэг хэдэн арван жилээр тасралтгүй төрийн өмчөөр тоглож, ямар ч хяналтгүйгээр дураараа хэрэглэж байсан сөрөг намынхан нэг ёсондоо өс санаж Энхсайханы Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулж хэлэлцүүлж байсан түүхтэй.

Энхсайханы Засгийн газрыг түлхэн унагаснаараа цөөнхийн бүлэг МАХН-ынхан жинхэнэ ёсоор улс төрийн “сөрөг хүчин” болж цаашдаа энэ талаар бүр гаршиж, улс төрийн маш их унхиагүй олон олон тоглолт хийсэн билээ. Тэд АН-ыг гутаан тэмцсээр сүүлийн 10 гаруй жил эрх барихдаа төрийн зөв цэгцтэй эхэлсэн хэтийн төлөв, бодлогыг үндсэндээ  замхруулж чадсан. Тэд Монгол төрийг самарсаар байгаа нь өнөөгийн нийгмийн гутамшиг . 

Энхсайханы тэргүүлсэн Засгийн газрыг хэрхэн огцруулсан тухай Германы Конрад-Аденауэрын сангийн суурин төлөөлөгчөөр Монголд ажиллаж байсан Вернер, М.Прооль нар 1999 онд хэвлүүлсэн “Чингис хаан мишээж байна” номдоо доор өгүүлснээр бичжээ.

“М.Энхсайхан өөрийнхөө тухай бус, харин өөрийн хийж буй ажил үйлсийн тухай ярих дуртай хүн байв. Энхсайханы зүрх чухамдаа Монгол Улсын эдийн засгийг шинээр хөгжүүлэхийн төлөө цохилж байв.... Мэндсайханы Энхсайханыг гүйцэд ч бодож амжаагүй бас болгоомжилж завдаагүй байтал шунахай ховдог сэтгэл, сайдын суудлын төлөөх амиа бодсон арчаагүй жижиг тэмцэл өрнөжээ. 1998 оны 4-р сарын 1...-ны өдөр эвсэл байгуулагч 2 нам болох МҮАН, МСДН тусгайлан хуралдаж Мэндсайханы Энхсайханыг Ерөнхий сайдаас огцруулжээ.”

Намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой гэдэг үгээр халхавчилсан албан тушаалын шуналын золиос болж Ерөнхий сайдын албан тушаалаас буугаад элдэв гомдол тавьж гоншигнолгүй, хэл үггүйгээр тэдний Засгийн газрын олонх гишүүд мөрөө хөөж одсон. Түүний Засгийн газрын сайдууд нь УИХ-аас томилогдоогүй, гаднаас мэргэжлийн хүмүүсээр бүрдсэн сүүлийн 30 жилийн түүхийн хамгийн эхний бөгөөд сүүлчийн Засгийн газар байсан нь түүхэнд үлджээ.

Манай Засгийн газрын бодит үнэний талаар хэвлэлийн албаны дарга асан нэрт сэтгүүлч Ц.Ганболд “Хөшүүн царцанги нийгэмд дайн зарласан шинэчлэгчид” номдоо тодорхой гаргасан байдаг.

Байгаль орчны талаар ч бодлогын шинэчил хийж ”байгалийг ашиглагч нь хамгаалж, бохирдуулагч төлөх зарчмыг “ төрийн бодлого болгож, Тужийн нарс зэрэгт ажиллаж байсан 120 хөрөө рамыг хааж, Монголын мод гадаад руу вагон вагоноор экспортлохыг зогсоож, байгалийн бүх нөөцийг өртгийн үнэлгээнд оруулж, усны 29 сав газрыг байгуулах,хамтын эзэмшлийн ой бий болгох зэрэг шинэ ажлууд болон хөгжлийн бүх төслүүдэд байгаль орчны үнэлгээг хуулиар хийж, олон нийтийн оролцоог хангах алхмыг тавьж байлаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор уул уурхай, ашигт малтмалын хуулийг батлуулж, газрын кадастрын эрхийг нээж байв.  

Манай засгийн газар бол их Монгол улсынхаа ардчилал, ирээдүйн хөгжлийн төлөө шинэчлэл, сайн сайхныг хийгээд аргагүйдэн буцсан нийгмийн “шинэ үзэгдэл” байлаа. Бидний хийснийг манай намынхны нэг хэсэг болон сөрөг хүчнийхэн хэзээ ч зөвөөр ойлгож чадаагүй нь даанч харамсалтай. Гэхдээ энэ бол Монголын ард түмэнд ашиг, өгөөж , хөгжил дэвшлийн эхлэлийг авчирсан түүхэн үйл явц байжээ. Түүхэн үнэн удах тусмаа үнэ цэнтэй болдог доо.

 

Монголын анхны ардчилсан Засгийн газрын гишүүн асан Ц.Адъяасүрэн.

Утас 99192160