Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны наадам"-ын гала тоглолт өнөөдөр болно
Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 387 жилийн ой, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Хүүхдийн найрал дууны наадам”-ыг зохион байгуулжээ.
31 дэх удаагийн “Хүүхдийн найрал дууны наадам”-ын шилдэг хамтлагуудын нэгдсэн гала тоглолт өнөөдөр(2026.10.28) 13:00 цагаас Нийслэлийн Соёлын төв өргөөний их танхимд болох юм байна.
"Найрал дууны наадам нь хүүхэд багачуудын дуу хөгжим, гоо зүйн боловсрол, мэдрэмжийг хөгжүүлэх, авьяас билгийг нээн тодруулах, найрал дууны урлагийг түгээн дэлгэрүүлэх, Монголын хөгжмийн урлагийн өв соёлыг хойч үедээ уламжлуулах зорилготой. Нийслэлийн мянга мянган авьяаслаг хүүхэд, багачуудын дуу, хуур цалгисан гала тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна" гэж НЗДТГ-ын олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
1993 оноос эхлэн зохион байгуулсан тус наадмыг 2006 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын нэрэмжит болгожээ.
Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав агсан Маамуу нааш ир, Эх орон, Би чамд хайртай зэрэг олны хүртээл болсон 400 гаруй нийтийн дуу, романсуудтай бол Аман хуур, Нүгэл буян, Төөрсөөр төрөлдөө зэрэг 20 шахам баримтат ба уран сайхны киноны хөгжмийг туурвисан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
