"Хилийн хориг бол надад эмзэглэх асуудал биш. Юм үзээгүй, төрийн мөнгөөр гадагшаа явахын дон туссан хүмүүс эмзэглэдэг байх"
Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн Э.Болормаа Сонгуулийн хууль зөрчиж, гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан асуудлаар хууль хяналтын байгууллага шалгаж буй.
Улмаар түүнд энэ сарын 3-нд шүүхээс Монгол Улсын хилээр гаргахыг хориглох шийдвэрийг шүүхээс танилцуулсан.
Энэ талаар нь өнөөдөр сэтгүүлчид УИХ-ын гишүүн Э.Болормаагаас тодруулахад "Намайг эзгүйд шүүхийн шийдвэр гарч хилийн хориг тавьсан гэсэн мэдээлэл авсан. Хилийн хориг бол надад эмзэглэх асуудал биш, ах нарын хувьд эмзэглэдэг зүйл нь байх. Юм үзээгүй, төрийн мөнгөөр гадагшаа явахын дон туссан хүмүүст эмзэглэх зүйл байх.
Та бүхэн анзаарч харвал энэ бол хилийн хориг тавих хэмжээний асуудал огт биш. Улс төрийн хэлмэгдүүлэлт гэж удаа дараа байр сууриа илэрхийлсэн. Сая тойргоороо явж байхад иргэд сонгогчид ч мөн үүнийг ойлгосон байна. Би буруугүй гэдгээ нотлох материалаа өгсөн. Тиймээс яахаа мэдэхгүй ийм шийдвэр гаргасан байх" гэв.
"Үг хэлдэг шударга гишүүдийг нухчин дарах гэж оролдсон хууль байхвийдээ гэж сонгогчид надад захьсан"
Мөн Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг өргөн бариад буй. Энэ хуулийн төслийн талаар түүнээс байр суурийг нь тодруулахад "Үг хэлдэг шударга гишүүдийг нухчин дарах гэж оролдсон хууль байхвийдээ гэж сонгогчид надад захиж, судалж байгаад шийдвэрээ гаргаарай гэсэн. Нийгэмд эн тэргүүнд тулгамдсан асуудал энэ мөн үү гэвэл би санал нэгдэхгүй байна. Өмнөх 76-ын ирц, ёс зүйг та бүхэн харьцуулаад үзээрэй. 126 гишүүн нийтлэг ёс зүйгээрээ илүү болов уу. Арай илүү ил тод хэлдэг болохоор, шударга болохоор зарим хүнд таалагдахгүй, ёс зүйгүй мэт харагдаж байгаа байх. Гэхдээ тогтолцоо цэвэршиж байгаа, нээлттэй болж буйн шинж тэмдэг. Харин үүний оронд Ерөнхий Тамгын Газар(ЕТГ)-аас олон нийтийн сүлжээнд бага насны хүүхдүүд оролцох тал дээр эрх зүйн зохицуулалт хийх хуулийн төсөл өргөн барьсан бол би бүрэн дэмжинэ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

