Д.Уламбаяр: Ираны эсрэг энэ удаагийн эдийн засгийн хориг нь урьд өмнөхөөсөө илүү хатуу бөгөөд олон талт шинжтэй болсон
Ойрх Дорнодод үргэлжилж буй нөхцөл байдал, улс орнуудын цаашид хэрэгжүүлэх боломжит арга хэмжээ, эрсдэлийн талаар Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль(ХИС)-ийн профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Уламбаяртай ярилцлаа.
- Ираны Ерөнхийлөгч Масуд Пезшкиан 2026 оны гуравдугаар сарын 11-нд дайныг зогсоох үндсэн гурван болзол тавьснаа албан ёсоор мэдэгдсэн байна. Үүнийг АНУ, Израиль хоёр хүлээн авах боломжтой юу?
- Тиймээ. Нэгд, АНУ болон Израиль Ираны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олон улсын эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрөх, хоёрт, Дайны явцад Ираны суурь бүтэц, эдийн засагт учирсан хохирлыг барагдуулж, нөхөн төлбөр төлөхийг шаардсан. Гуравт, Хойшид Ираны эсрэг дахин ийм түрэмгийлэл үйлдэхгүй байх олон улсын эрх зүйн “хатуу баталгаа” гаргаж өгөхийг шаардсан. Эдгээр болзлыг биелүүлсэн тохиолдолд л гал зогсоох боломжтой гэдгийг онцолжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираныг "төгсгөлийн цэгтээ ирсэн" гэж мэдэгдэн, ялалтаа зарлаад байгаа боловч цэргийн ажиллагаа идэвхтэй үргэлжилж байгаагаас гадна Ираныг “үг дуугүй бууж өгөх” шаардлага тавьсан.
Хэдийгээр Иран болзол тавьсан ч тус улсын шинэ Дээд удирдагч хүнд шархадсан байх өндөр магадлалтай Можтаба Хамейни Ормузын хоолойг хаалттай хэвээр байлгаж, бүс нутгийн орнууд руу халдлагаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Өөр нэг ноцтой асуудал нь Дээд удирдагч аятолла, ерөнхийлөгч хоёрын байр суурь ялгаатай байгаа явдал юм.
Эдгээр шаардлагыг АНУ болон Израилийн тал одоогоор албан ёсоор хүлээн аваагүй байгаа бөгөөд бүс нутгийн хурцадмал байдал хэвээр байна. Тиймээс одоогоор боломж ихээхэн хомс харагдаж байна.
- Америк, Израиль-Ираны дайн хоёр долоо хоног өнгөрлөө. Ормузын хоолойд явж буй гадаадын ямар улсын танкеруудад Иран цохилт өгөөд байна вэ?
- 2026 оны хоёрдугаар сарын 28-наас хойш АНУ, Израиль болон Ираны хооронд үүсээд буй цэргийн мөргөлдөөний улмаас Иран Ормузын хоолойг албан ёсоор хааж, нэвтрэхийг оролдсон гадаадын хөлөг онгоцууд руу цохилт өгсөөр байна. Сүүлийн үеийн мэдээллээр зарим улс орны танкер болон ачааны хөлгүүд халдлагад өртлөө.
Тухайлбал 2026 оны гуравдугаар сарын 11-нд Тайландын далбаатай “Mayuree Naree” хэмээх ачаа тээврийн хөлөг пуужингийн цохилтод өртөж, багийн гишүүдийг нүүлгэн шилжүүлсэн. Гуравдугаар сарын 12-ны орчимд Иракийн түлш тээвэрлэж явсан гадаадын танкер халдлагад өртөж, гал гарсны улмаас багийн гишүүдийг аврах ажиллагаа явуулсан. АНУ-ын CNBC сувгийн мэдээллээр Ираны талаас хоолойгоор нэвтрэхийг оролдсон “ямар ч хөлөг онгоц”-ыг бай болгохоо мэдэгдсэн бөгөөд гуравдугаар сарын эхний хагаст нийт 18 орчим хөлөг онгоц халдлагад өртөөд байна.
USNI News-ийн эх сурвалжийн мэдээллээр Иран улс эдгээр халдлагыг үйлдэхдээ далайн мина, алсын удирдлагатай нисгэгчгүй завь болон хуурай газраас харвадаг пуужингуудыг ашиглаж байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа.
Түүнчлэн Ираны эрх баригчид холбоотон болох Хятад болон Индонезийн хөлөг онгоцуудыг саадгүй нэвтрүүлж байгаа бололтой.
- АНУ, Израилийн тал Ираны баллистик пуужин болон дронуудын үйлдвэр, паркуудын байд оновчтой хамтарсан агаарын цохилт өгч байгаа боловч тэдгээрийн нэлээд олонх нь хуурамч байнууд байсан мэдээлэл гарч байна. Энэ аль хэр үнэнд нийцэх вэ?
- 2026 оны хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн АНУ болон Израилийн хамтарсан агаарын ажиллагааны үеэр Иран улс хуурамч бай (decoys) ашиглан тэднийг төөрөгдүүлэх тактик хэрэглэж байгаа талаарх мэдээллүүд гарч байна. Энэ нь дараах байдлаар тайлбарлагдах болов уу.
Нэгд. Иран улс пуужин харвагч, дрон, тэр ч байтугай нисэх онгоцны бодит биш загваруудыг тухайлбал, хийлдэг резинэн, модон эсвэл металл ашиглан хиймэл дагуул болон агаарын тандалтаас нуугдах, дайсны өндөр өртөгтэй нарийн зэвсгийг үргүй зарцуулах тактикийг идэвхтэй хэрэглэж байгааг эх сурвалжууд тэмдэглэж байна.
Мехрабад нисэх онгоцны буудалд байсан F-4 сөнөөгч онгоцуудын хуурамч дүрсийг АНУ болон Израиль онож устгасан тухай мэдээлэл гарсан. Гэвч зарим эх сурвалжууд эдгээр “хуурамч дүрс” зургуудыг хиймэл оюунаар бүтээгдсэн байж болзошгүй гэж үзэж байгааг анхаарах хэрэгтэй болов уу. Иран улс АНУ, Израилийн агаарын довтолгооноос хамгаалах системийг сулруулахын тулд хуучирсан пуужин, хаягдал дронуудыг “нэг удаагийн хуурамч бай” болгон ашиглаж байгааг шинжээчид тэмдэглэсэн. Зөвхөн гадна харагдах байдлаараа биш, орчин үеийн хуурамч байнууд нь дотроо халаагуур буюу хөдөлгүүр ажиллаж байгаа мэт харагдуулах, дулаан болон долгион мэдрэгч болон металл ойлгогчтой байдаг байна. Түүнчлэн энэ тактикийн чухал ач холбогдол нь “Бид олон байгууламжаа устгуулсан ч байлдааны чадвараа алдаагүй” гэдгийг харуулах замаар өөрийн цэргүүдийн сэтгэл зүйг өргөх, дайсныг төөрөгдүүлэх ач холбогдолтой.
Одоогийн мөргөлдөөний үеэр АНУ-ын тагнуулын алба Ираны зарим “пуужингийн бааз” нь үнэндээ хоосон ангарууд болон хуурамч загварууд байсныг хүлээн зөвшөөрсөн тохиолдол бий.
Хоёрт. Цохилтын бодит үр дүнг тэмдэглэх хэрэгтэй. Хэдийгээр хуурамч байнууд ашиглагдаж байгаа ч АНУ болон Израилийн цохилтууд Ираны цэргийн хүчин чадалд бодитой хохирол учруулсан гэж үзэж байна. Израилийн армийн мэдээлснээр Ираны пуужин харвагч төхөөрөмжүүдийн 75 хувь орчмыг устгасан. АНУ, Израилийн цохилтын ойрхон давтамжийг хэлэх хэрэгтэй.
Эндээс харахад Иран улс хуурамч бай ашиглан төөрөгдүүлэх тактик хэрэглэж байгаа нь үнэн боловч энэ нь АНУ, Израилийн цохилтыг бүрэн үр дүнгүй болгож чадаагүй. Бодит байдал дээр Ираны пуужин, дроны нөөц болон үйлдвэрлэлийн хүчин чадал ихээхэн суларсан гэж олон улсын цэргийн шинжээчид дүгнэж байна.
Иранчуудын ашигладаг өөр нэг арга болох “газар доорх пуужингийн хотхонууд” (Missile Cities) буюу гүний нуувчууд юм. “Пуужингийн хотхонууд” нь тус улсын батлан хамгаалах стратегийн хамгийн нууцлаг бөгөөд аюултай хэсэг юм. Энэ нь зөвхөн ганц нэг нуувч биш, харин газар доорх асар том дэд бүтэц юм. Гол онцлог нь эдгээр хотхон нь газрын гүнд, ихэвчлэн 500 метрээс илүү зузаан хад асгатай уулын доор байрладаг. АНУ-ын хамгийн хүчтэй “бункер устгагч” бөмбөгүүдээс хамгаалах зорилготой. Нэлээд километр үргэлжлэх хонгилуудтай бөгөөд дотроо пуужин угсрах үйлдвэр, түлш цэнэглэх төв, цэргүүдийн байрлах байгууламжуудыг багтаасан байх магадлалтай. Пуужингуудыг газар доороос шууд харвах боломжтой тусгай системүүд нь Иран руу агаараас довтлох үед тэд газар дээр гарч ирэлгүйгээр хариу цохилт өгөх боломжийг олгож байна гэж мэдээлсэн.
АНУ болон Израилийн цохилтууд Ираны газар дээрх ил байгууламжуудыг устгаж байгаагаас гадна «The B Team» буюу B-2 Spirit; B-1B Lanser, B-52H Strat of Fortress) “газар доорх хотхонууд” руу хэдийн цохилт өгөөд эхэлсэн. Иранчууд эдгээр нууц баазуудаасаа Ормузын хоолой болон GCC-ийн гишүүн орнууд руу пуужин харвасаар байгаа нь тэдний зэвсэгт хүчин бүрэн сүйрээгүй байгаагийн илрэл болов уу. Ираны Хувьсгалт гвардын мэдэгдсэнээр тэд улс даяар ийм олон зуун “хотхон”-той бөгөөд тэдгээр нь бүгд хоорондоо холбогдсон байдаг.
Энэ нь “хоёр дахь цохилт өгөх чадвар” юм. Хэрэв Ираны бүх агаарын бааз, боомтууд устгагдсан ч газар доорх эдгээр хүчин чадал нь дайснаа эргүүлэн цохих хязгаарлагдмал боломжийг олгох магадлал байж болох юм.
- Иран Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн (GCC) гишүүн орнууд руу цохилт өгөхөө үргэлжлүүлбэл тус байгууллагын Дүрэм болон НҮБ-ын Дүрмийн 51 дүгээр заалтын дагуу Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнууд хамтарсан хариу цохилт өгөх болно гэж бүр гуравдугаар сарын 1-ний Хамтарсан Мэдэгдэлд чухалчлан тэмдэглэсэн боловч одоо болтол хариу цохилт өгөөгүй байх шиг байна. Шалтгаан нь юу вэ. Иран цохилт өгсөөр л байна шүү дээ?
- Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнууд Ираны цохилтын эсрэг шууд цэргийн хариу арга хэмжээ авахгүй байгаа нь сул дорой байгаадаа бус, харин бүс нутгийг хамарсан бүрэн хэмжээний дайнаас зайлсхийх стратегийн тооцоололтой холбоотой юм.
Одоогоор GCC-ийн гишүүн орнууд дараах шалтгаануудын улмаас “стратегийн тэвчээр” гаргаж байна гэж тэмдэглэж байна. Дипломат болон хууль эрх зүйн шахалтын хүрээнд GCC-ийн гишүүн орнууд цэргийн хүч хэрэглэхээс өмнө олон улсын дэмжлэгийг авч, Ираныг тусгаарлахыг илүүд үзэж байна. Үүний үр дүнд 2026 оны гуравдугаар сарын 11-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс Ираны халдлагыг зогсоохыг шаардсан 2817 тогтоолын төслийг батлуулж чадсан.
Эдийн засгийн эрсдэлийн тухайд шууд дайн эхэлбэл дэлхийн эрчим хүчний гол зангилаа болсон бүс нутгийн газрын тос, хийн байгууламжуудын суурь бүтэц, ложистик бүрэн сүйрч, дэлхийн эдийн засагт гамшиг учруулах аюултай. Батлан хамгаалах тактикийн хувьд GCC-ийн гишүүн орнууд, ялангуяа Саудын Араб, АНЭУ Ираны дронууд болон пуужингуудыг агаарт нь амжилттай амдан устгах (intercept) системдээ найдаж байна. Тэд одоогоор довтолгооноос илүүтэй хамгаалалтад анхаарлаа хандуулж, хохирлыг хамгийн бага түвшинд барьж байхыг эрмэлзэж байна. Төвийг сахих байр суурийн хүрээнд GCC-ийн орнууд өөрсдийн нутаг дэвсгэрийг АНУ-ын зүгээс Иран руу довтлоход ашиглуулахгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Хэрэв тэд хариу цохилт өгвөл энэхүү төвийг сахисан байр суурь нь үгүй болж, Ираны байнгын бай болох эрсдэлтэй. НҮБ-ын Дүрмийн 51 дүгээр зүйлийн хүрээнд GCC гуравдугаар дугаар сарын 1-ний Мэдэгдэлдээ энэхүү заалтыг дурдсан нь Иранд “хариу цохилт өгөх хууль ёсны эрх" нь нээлттэй байгааг Иранд анхааруулсан хэрэг юм. Гэхдээ энэ эрхийг хэзээ, ямар үед хэрэгжүүлэх вэ гэдэг нь тэдний стратегийн сонголт бөгөөд одоогоор тэд дипломат замаар асуудлыг шийдэхийг оролдож байна.
Иран улс Ормузын хоолой болон бусад цэгүүдэд цохилт өгсөөр байгаа ч GCC-ийн зүгээс “стратегийн хариу арга хэмжээ” нь зөвхөн цэргийн цохилт биш, харин эдийн засгийн хориг болон олон улсын улс төрийн шахалт хэлбэрээр илүү хүчтэй өрнөж байна.
GCC-ийн гишүүн орнууд, ялангуяа Бахрейн улсаар дамжуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд албан ёсоор гомдол гаргаж, гуравдугаар сарын 11-нд 2817 (2026) тоот тогтоолыг батлуулж чадсан. Тус тогтоолыг Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүний 13 нь дэмжиж (АНУ, Их Британи, Франц), Орос болон Хятад улсууд хориг тавилгүй түдгэлзсэн. Ираны зүгээс GCC-ийн гишүүн орнууд Саудын Араб, АНЭУ, Бахрейн, Кувейт, Оман, Катар болон Иордан руу хийж буй халдлагыг “олон улсын хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчсөн” гэж үзэж, нэн даруй зогсоохыг шаардсан.
GCC-ийн гишүүн орнууд цэргийн хариу арга хэмжээ авахаас өмнө дараах хууль ёсны болон стратегийн алхмуудыг баталгаажуулж байх шиг байна.
Үүнд нэгд, Өөрийгөө хамгаалах эрхийг хуульчлах. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд GCC-ийн орнууд НҮБ-ын Дүрмийн 51 дүгээр зүйлд заасны дагуу “бие даан болон хамтарсан байдлаар өөрийгөө хамгаалах, хариу цохилт өгөх хууль ёсны эрхтэй” болохыг олон улсын түвшинд албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсэн. Энэ нь хэрэв тэд цохилт өгвөл энэ нь “түрэмгийлэл” биш “хууль ёсны хамгаалалт” болох юм.
Хоёрт, Агаарын хамгаалалтын амжилт. GCC-ийн гишүүн орнуудын агаарын довтолгооноос хамгаалах системүүд Ираны пуужин, дронуудын дийлэнхийг амжилттай амдан устгаж байгаа тул жишээ нь, Катар 63 пуужин, 11 дроныг амдан устгасан, одоогоор хүн хүчний хохирол харьцангуй бага байна.
Гуравт, Олон улсын эвсэл бүрдүүлэх. Тогтоолыг НҮБ-ын 135 гишүүн орон дэмжсэн нь Ираны эсрэг дэлхий нийтийн асар том эвсэл бүрдсэнийг харуулж байна. GCC-ийн гишүүн орнууд Ираныг өөрсдийн хүчээр биш, олон улсын хамтын шахалтаар зогсоохыг эрмэлзэж байна.
Дөрөвт, Төвийг сахих амлалт: GCC-ийн гишүүн орнууд өөрсдийн нутаг дэвсгэрийг АНУ, Израилийн зүгээс Иран руу довтлоход ашиглуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Хэрэв тэд хариу цохилт өгвөл энэ байр суурь нь үгүй болж, бүс нутгийг хамарсан уршигтай дайн эхлэх эрсдэлтэй.
Д.Трамп гуравдугаар сарын 11-нд мэдэгдэхдээ, “Ираныг онилох бай бараг үлдээгүй”, тиймээс дайныг “би хүссэн үедээ дуусгаж чадна” гэжээ.
Израилийн Батлан хамгаалахын сайд Израил Кац мөн өдөр мэдэгдэхдээ, “Энэ ажиллагаанд хугацааны хязгаар байхгүй тул бүх зорилгоо биелэх хүртэл үргэлжлүүлэх болно” гэж ялгаатай мэдэгдэл хийсэн байна лээ.
- Ираны эсрэг авч буй цэргийн эвслийн (Operation Prosperity Guardian) үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө үү?
- АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Улаан тэнгис болон Адений буланд арилжааны хөлөг онгоцуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор "Operation Prosperity Guardian" (Хөгжлийн хамгаалагч ажиллагаа) хэмээх олон улсын цэргийн эвслийг санаачлан 2023 оны арванхоёрдугаар сард албан ёсоор байгуулагдсан байдаг. Эхний ээлжид 10 орчим улс нээлттэй нэрлэгдсэн боловч удалгүй оролцогч орнуудын тоо 20-оос давсан. Гол гишүүн орнуудад дараах улсууд багтаж байна. Үүнд: АНУ, тэргүүлэгч, Их Британи, Австрали, Бахрейн (бүс нутгийн цорын ганц нээлттэй гишүүн), Канад, Франц (Өөрийн удирдлаган дор дэмжлэг үзүүлдэг), Итали, Нидерланд, Норвеги, Дани, Грек, Сейшелийн арлууд, Шинэ Зеланд, Сингапур, Шри Ланка, Швед болон Финланд бие бүрэлдэхүүнээр оролцож байна.
Эвслийн зарим гишүүн орнуудаас доор хаяж найман улс Иран болон бүс нутгийн бусад орнуудтай харилцаагаа хадгалахын тулд нэрээ албан ёсоор нууцалж байгааг Reuters мэдээлсэн байна лээ.
АНУ-ын тэргүүлсэн “Prosperity Guardian” болон ЕХ-ны “Aspides” ажиллагаанууд нь ижил бүс нутагт, ижил зорилготой боловч удирдлага болон тактикийн хувьд зааглагдаж байна. Удирдлагын бүтцийн хувьд “Prosperity Guardian” ажиллагаа нь АНУ-ын Төв командлалын шууд удирдлага дор ажилладаг бол Aspides ажиллагаа нь ЕХ-ны бие даасан ажиллагаа бөгөөд төв штаб нь Грекийн Лариса хотод байрладаг. Энэ нь АНУ-аас хамааралгүй шийдвэр гаргадаг. Тактикийн ялгааны хувьд АНУ-ын эвслээс ялгаатай нь Ираны холбоотон хуситын пуужин харваж буй хуурай газрын байрлалуудад “урьдчилан сэргийлэх” цохилт өгдөг.
ЕХ-ны “Aspides” нь “цэвэр өөрийгөө хамгаалах” шинжтэйг хэлэх хэрэгтэй болов уу. Тэд Ираны хуурай газар руу цохилт өгөөгүй, зөвхөн хөлөг онгоц руу чиглэсэн пуужин, дроныг агаарт нь устгах үүрэгтэй. Гэхдээ Ираны цохилтын эсрэг хамгийн орчин үеийн фрегат хөлөг онгоцуудаа илгээсэн. Дээрх хоёр ажиллагаа мэдээлэл солилцож байна.
Цэргийн эвсэл Ираны хямд өртөгтэй дронуудын эсрэг өндөр үнэтэй пуужин ашиглах нь санхүүгийн хувьд алдагдалтай байгаа тул лазер зэвсэг болон цахим саатуулагч (electronic warfare) системийг туршиж, ашиглаж эхлээд байна. Олон улсын цэргийн эвсэл Ираны халдлагыг бүрэн зогсоож чадаагүй ч, арилжааны хөлөг онгоцуудын хохирлыг 80-90 хувь бууруулж чадсан гэж үзэж байх шиг байна.
- Ормузын хоолойн хаалтаас үүдэн дэлхийн шатахууны үнэ хэрхэн өөрчлөгдөж байгаа талаарх эдийн засгийн мэдээлэл өгнө үү?
- Ормузын хоолойн хямрал болон Ираны халдлагуудаас шалтгаалан дэлхийн эрчим хүчний зах зээлд огцом өөрчлөлтүүд ажиглагдаж байна. Дэлхийн нийт газрын тосны хэрэглээний 20 хувь орчим нь Ормузын хоолойгоор дамждаг нь үүнд шууд нөлөөлж байна. Brent маркийн тос 100-115 ам.доллар давж өссөн, WTI маркийн тос 95-105 ам.доллар орчимд хүрч, сүүлийн хэдэн жилийн дээд түвшинд хүрлээ. Дайны бүсээр дамжин өнгөрч буй танкеруудын “дайны эрсдэлийн даатгал” 10-15 дахин өссөн байна. Олон компани Ормузын хоолойгоор явахаас татгалзаж, Африкийг тойрон (Сайн итгэлт хошуу) явж байгаа нь тээвэрлэлтийн хугацааг 10-14 хоногоор, тээвэрлэлтийн зардлыг 2-3 сая доллароор нэмэгдүүлж байгаа ажээ. Катар улс бол дэлхийн хамгийн том шингэрүүлсэн хий экспортлогчдын нэг бөгөөд тэдний бүх хий Ормузын хоолойгоор дамждаг. Хоолойн гацалтаас үүдэн Европ болон Азийн орнуудад байгалийн хийн үнэ 30-40 хувиар өсөөд байна.
АНУ, Хятад, Япон зэрэг орнууд үнийн хэт өсөлтийг тогтворжуулахын тулд өөрсдийн стратегийн газрын тосны нөөцөөс зах зээлд нийлүүлж эхэлсэн боловч энэ нь түр зуурын арга хэмжээ болох магадлалтай.
Хэрэв Иран хоолойг удаан хугацаагаар хаавал дэлхий нийтээр инфляц хөөрөгдөж, эрчим хүчний хямралд орох бодит эрсдэл нүүрлээд байна.
- Гуравдугаар сарын эхээр Ираны эсрэг эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээ авсан. Энэ талаар нэмэлт ямар мэдээлэл байна вэ?
- Энэ удаагийн эдийн засгийн хориг арга хэмжээ урьд өмнөхөөсөө илүү хатуу бөгөөд олон талт шинжтэй болоод байна. Гол зорилго нь Ираны зэвсэгт хүчин болон Ормузын хоолой дахь цэргийн ажиллагааны санхүүжилтийг таслахад чиглэгдэж байна.
Одоогийн байдлаар хэрэгжиж буй гол хоригууд нь нэгд, эрчим хүчний салбарын бүрэн хориг байна. АНУ болон ЕХ Ираны газрын тос, байгалийн хийн экспортод “тэг зогсолт” хийх зорилт тавьсан.
Хоёрт, Ираны газрын тосыг тээвэрлэдэг “сүүдрийн флот” болон тэдгээрийг даатгадаг компаниудын эсрэг хоригийг чангаруулсан.
Гуравт, технологийн болон эд ангиудын хориг юм. Дрон болон баллистик пуужин үйлдвэрлэхэд ашигладаг хагас дамжуулагч, хөдөлгүүр, электроникийн эд ангиудыг Иранд нийлүүлэхэд дэлхий нийтийн хориг тавьсан.
Дөрөвт, Энэ нь Орос-Украины дайнд ашиглагдаж буй дронуудын сүлжээг таслах зорилготой давхцаж байгаа юм.
Тавд, Санхүүгийн тусгаарлалт, энэ хүрээнд, Ираны Төв банк болон бусад томоохон банкуудыг олон улсын SWIFT системээс бүрэн хасах, гадаад дахь хөрөнгийг нь царцаах ажиллагаа эрчимжсэн, GCC-ийн гишүүн орнууд Ирантай хийх санхүүгийн бүх гүйлгээгээ зогсоож байгаагаа мэдэгдсэн. Зургаад, Хувь хүн болон байгууллагуудын жагсаалт, энэ хүрээнд Ираны Хувьсгалт гвардын удирдлагууд болон пуужингийн үйлдвэрлэлийг санхүүжүүлэгч бизнес эрхлэгчдийн гадаад дахь данс, үл хөдлөх хөрөнгийг битүүмжлээд байна. Эдгээр хориг арга хэмжээнүүд нь Ираны үндэсний мөнгөн дэвсгэрт риалын ханшийг түүхэн доод түвшинд хүргэж, дотоодын инфляцыг огцом өсгөж байгаа ч Ираны тал цэргийн ажиллагаагаа зогсоохгүй хэвээр байна. Өнгөрсөн оны намар 2015 онд цуцалсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Ираны эсрэг хоригийг сэргээсэн.
- Хятад болон Энэтхэг улсууд Ираны эсрэг авч буй хориг арга хэмжээнд оролцох тал дээр маш өвөрмөц, заримдаа зөрчилдөөнтэй байр суурь баримталж байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?
- Хятад бол Ираны газрын тосны хамгийн том худалдан авагч хэвээр байна. Хятад улс АНУ-ын нэг талын хоригийг албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй. Тэд Иранаас газрын тос худалдаж авахдаа ам доллараар биш, юаниар эсвэл бараа солилцоогоор гүйлгээ хийдэг тул SWIFT системээс хамааралгүй ажиллаж байна. Ираны газрын тосыг Хятад руу тээвэрлэхдээ “сүүдрийн флот” буюу далбаагаа нуусан, хуучин танкеруудыг ашигладаг. Энэ нь хоригоос зайлсхийх гол зам болж байна. Хятад Ирантай 25 жилийн хугацаатай стратегийн хамтын ажиллагааны гэрээтэй тул эдийн засгийн дэмжлэгээ үргэлжлүүлсээр байгаа юм.
Энэтхэгийн хувьд байдал арай өөр, тэд АНУ-тай тогтоосон харилцаагаа эрсдэлд оруулахыг хүсэхгүй нь мэдээж. АНУ-ын шахалтаар Энэтхэг улс Иранаас авах газрын тосны хэмжээгээ багасгасан. Гэвч эрчим хүчний хэрэгцээ их байгаа тул бүрэн зогсоож чадахгүй байна.
Энэтхэг улс Иран дахь Чобахар боомтыг хөгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө оруулсан. Энэ боомт нь Энэтхэгийг Төв Ази болон Оростой холбох стратегийн ач холбогдолтой тул тэд Ирантай харилцаагаа бүрмөсөн таслах сонирхолгүй байна. Энэтхэг Ирантай худалдаа хийхдээ өөрийн үндэсний мөнгөн тэмдэгт рупигээр төлбөр тооцоо хийх механизмыг ашиглаж, долларын хоригоос зайлсхийхийг оролддог.
Хятад болон Энэтхэг улсууд Ираны газрын тосыг худалдан авсаар байгаа нь барууны орнуудын эдийн засгийн хориг Иранд “үхлийн цохилт” болж чадахгүй байгаагийн гол шалтгаан юм. Иран энэ орлогоороо пуужин, дроны хөтөлбөрөө санхүүжүүлсээр байна.
- Ярилцсанд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
