Мадурог баривчлах ажиллагааны нууц мэдээллээр бооцоо тавьж, $400,000 хожсон АНУ-ын тусгай хүчний цэрэг шийтгүүлнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах ажиллагаанд оролцсон АНУ-ын тусгай хүчний цэргийн алба хаагч уг ажиллагааны нууц мэдээллийг ашиглан онлайн бооцооноос их хэмжээний ашиг олсон нь тогтоогджээ.

Ганнон Кен Ван Дайк гэдэг нэртэй энэ цэрэг нууц мэдээллийг ашиглан крипто валютад суурилсан Polymarket онлайн платформ дээр бооцоо тавиад $409,000-ыг хожсон юм байна.

“Энэ бол илэрхий дотоод арилжаа (insider trading) бөгөөд холбооны хуулийг зөрчсөн үйлдэл юм” гэж АНУ-ын хууль зүйн яамнаас мэдэгджээ.

Умард Каролина мужийн Форт Брагг баазад байрладаг АНУ-ын тусгай хүчний алба хаагч Ван Дайк энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Венесуэлийн ерөнхийлөгчийг Каракас хот дахь өргөөнөөс нь баривчлах ажиллагаанд оролцсон юм байна.

Тэрбээр “Operation Absolute Resolve” нэртэй уг ажиллагааны хэрэгжих цаг хугацаа, үр дүн дээр $33,000 гаруйгаар бооцоо тавьж байжээ.

Тиймээс түүнд хувийн ашиг сонирхлын үүднээс засгийн газрын нууц мэдээллийг хууль бусаар ашигласан, олон нийтэд ил болоогүй засгийн газрын мэдээллийг хулгайлсан, бараа бүтээгдэхүүн залилсан, хууль бус мөнгөн гүйлгээ хийсэн зэрэг хэрэгт яллахаар болсон байна.

“Дүрэмт хувцастай эрэгтэй, эмэгтэй иргэд маань эрхэм зорилгоо аль болох аюулгүй, үр дүнтэй биелүүлэхийн тулд нууц мэдээлэлд итгэмжлэгдсэн байдаг бөгөөд энэхүү маш нууц мэдээллийг хувийн санхүүгийн ашиг сонирхолдоо зориулахыг хориглодог” гэж АНУ-ын ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Тодд Бланш мэдэгджээ.

Ван Дайк 2025 оны арванхоёрдугаар сарын 8-наас 2026 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр хүртэл Мадурог баривчлах ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтэд оролцсон бөгөөд үүнийхээ төлөө ажиллагааны нууц мэдээллийг гадагш задруулахгүй байх гэрээнд гарын үсэг зурж байсан юм байна.

 

Эх сурвалж: Associated Press