180 автобусыг орон нутгийн тээвэрт ашиглах нь зохисгүй гэсэн бол School police-т бүтэн өдрийн цалинтай чөлөө олгохыг дэмжив
“Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Засаглал, эрх зүйн хорооны хурлаар хэлэлцэж дэмжээгүй байна.
Тус байгууллага нөөцдөө байгаа 180 автобусыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хот хоорондын чиглэлд ашиглах боломжтойг танилцуулжээ.
Хэлэлцүүлгийн үеэр "Нийслэлийн иргэдэд үйлчлэх үүрэгтэй нийтийн тээврийн байгууллагууд орлогоо нэмэгдүүлэх зорилгоор нөөц автобусаа орон нутгийн тээвэрт ашиглах нь зохисгүй. Төр хувийн хэвшлийн бизнесийн орон зай руу дайрч болохгүй” хэмээн нийт гишүүдийн олонх дэмжээгүй тул буцаасан байна.
Харин “Сургуулийн эргүүлийн журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг НИТХ-ын Ээлжит VII хуралдаанд танилцуулахыг дэмжжээ.
“Сургуулийн эргүүлийн журам”-д:
- “School police” буюу сургуулийн эргүүлд ажиллаж буй эцэг, эхэд ажил олгогчоос бүтэн өдрийн цалинтай чөлөө олгох
- Сургуулийн орчимд эргүүл хийх эцэг, эхийн тоо 4 байгааг 6 болгон нэмэгдүүлэх
- Бизнес болтлоо өргөжөөд байгаа “Төлбөртэй эргүүл”-ийг таслан зогсоох зэрэг нэмэлт өөрчлөлтийг оруулахаар болжээ.
Дээрх өөрчлөлтийг оруулснаар төрийн болон хувийн ерөнхий боловсролын сургуулийн 419,000 сурагчийн эрх ашиг, аюулгүй байдал, асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой гэж танилцуулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
