Трампын элч АНУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-д Ираны оронд Италийг оролцуулах хүсэлт гаргажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ирэх зун АНУ, Канад, Мексик улсуудад зохион байгуулагдах хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) Иран улсын шигшээ баг оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа.

Тэгвэл ерөнхийлөгч Трампын тусгай элч Ираны оронд Италийн шигшээ багийг оролцуулах асуудлаар FIFA-д хандсан тухай Financial Times сонин өчигдөр мэдээлжээ.

Энэ нь Ираны дайн болон Ромын Паптай холбоотой маргааны улмаас муудсан ерөнхийлөгч Трамп, Италийн ерөнхий сайд Жоржа Мелони нарын харилцааг сайжруулах зорилготой санаачилга гэнэ.

Италийн шигшээ баг өнгөрсөн сард болсон урьдчилсан шалгаруулалтын тоглолтод Босни Херцеговина улсын багт торгуулийн цохилтоор 4:1 оноотой хожигдож, дараалан гурав дахь удаагаа ДАШТ-д оролцох боломжгүй болсон юм.

зураг
 
Трампын тусгай элч Пауло Замполли

“ДАШТ-д Ираны оронд Италийг оролцуулах санааг ерөнхийлөгч Трамп болон FIFA-ийн ерөнхийлөгч Жанни Инфантинод танилцуулснаа би баталж байна. Би итали гаралтай хүн бөгөөд АНУ-д зохион байгуулагдах тэмцээнд Аззуррийг харах мөрөөдөлтэй явдаг. Дөрвөн удаа дэлхийн аварга болж байсан тэднийг оролцуулахад буруудах юм байхгүй” гэж Трампын тусгай элч Паyло Замполли ярьсныг эх сурвалж мэдээлжээ.

Өчигдөр энэ мэдээллийн дараа Ираны хөлбөмбөгийн холбоо шигшээ баг нь ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ хангаж байгааг мэдэгдсэн бол FIFA болон Цагаан ордон энэ талаар байр сууриа илэрхийлээгүй байна.

Энэ сарын эхээр Ираны тал АНУ-д болох тоглолтуудыг нь Мексикт шилжүүлсэн тохиолдолд оролцох эсэхээ шийдэхээр FIFA-ийн хариуг хүлээж байгаагаа мэдэгдэж байсан юм.

 

Эх сурвалж: Reuters