Хятад гаралтай тэрбумтан Трампын гэр бүлийн компанийг залилангийн хэргээр шүүхэд өгчээ
Лхагва гарагт тэрбумтан Жастин Сун шүүхэд гаргасан гомдолдоо АНУ-ын ерөнхийлөгч Трампын гэр бүлийн компани өөрийг нь залилсан гэж буруутгажээ.
Сан-Франциско хотын холбооны шүүхэд гаргасан гомдолдоо тэр Трампын гэр бүлийн World Liberty Financial компаниас гаргасан WLFI крипто валютыг 2024 оны аравдугаар сард $45 саяар худалдаж авснаа дурдсан байна.
Гэтэл одоо энэ эзэмшлээ худалдах, татаж авах боломжгүй царцаалгаад байгаа гэнэ.
Тухайн үед зах зээлийн сонирхлыг төдийлөн татахгүй байсан коиныг нь авсанд талархсан компанийн удирдлагууд Сунд нэмэлт нэг тэрбум ширхэг WLFI бэлэглэж байжээ.
Сүүлд байдал сайжирч, 2025 оны гуравдугаар сард $550 саяын дүнтэй коин зарснаа Трампын хөвгүүд болох Дональд Жуниор, Эрик Трамп нар удирдлагад нь багтдаг World Liberty Financial компани зарлаж байв.
Жастин Сун бас 2025 оны нэгдүгээр сард Трампыг хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс хэдхэн цагийн өмнө зах зээлд гаргасан $TRUMP коиноос худалдан авч байжээ.
Үүнийхээ шагналд тэр 2025 оны тавдугаар сард Вашингтон хотод Трампын зохион байгуулсан хүндэтгэлийн оройн зоогт $TRUMP коины хамгийн том 220 эзэмшигчийн тоонд багтан уригдсан юм.
Гэхдээ Ардчилсан Намынхан түүний эдгээр хөрөнгө оруулалтуудыг ерөнхийлөгч Байдены засаг захиргааны үед холбогдсон санхүүгийн зах зээлийн луйврын хэргээ цайруулахын тулд Трамптай тохиролцох гэсэн оролдлого гэж үздэг.
Жастин Суны гаргасан гомдолд өгүүлснээр WLFI нь 2025 оны есдүгээр сарын нэгнээс нийтэд арилжаалагдах боломжтой болсон гэнэ. Үүний дараа ханш нь 46 центээс 8 цент болон огцом унажээ.
Гэвч World Liberty Financial компани Суны эзэмшлийн коиныг битүүмжилж, хөдөлгөх боломжгүй болгосон байна.
Тэр ч байтугай хуулийн байгууллагад хандвал эзэмшлийн хөрөнгийг нь устгахаар сүрдүүлж байжээ.
Сун өөрийн хөрөнгийг битүүмжээс гаргуулах, бас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд ханджээ.
Хятадад төрсөн 35 настай Жастин Сун бол TRON крипто валютын платформыг үүсгэн байгуулагч юм.
Тэрбээр 2024 оны арваннэгдүгээр сард хананд наасан гадил жимсийг дүрсэлсэн урлагийн бүтээлийг $6.2 саяар худалдан авч, дараа нь уг жимсийг идэж, дэлхий даяар дуулиан тарьж байв.
Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгчийн хүү, World Liberty Financial компанийн үүсгэн байгуулагч Эрик Трамп сошиал хуудсандаа “Энэхүү шүүхийн маргаанаас илүү инээдтэй зүйл бол хананд наалдсан гадилд $6 саяыг зарцуулсан явдал юм” гэж тохуурхан бичсэн байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
