Японы парламент гадаадын иргэдийн визийн төлбөрийг 30 дахин өсгөх хуулийн төслийг дэмжлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
56 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Япон улсын парламент гадаадын иргэдийн визийн төлбөрийг эрс нэмэгдүүлж, хил нэвтрэхээсээ өмнө урьдчилан онлайнаар зөвшөөрөл хүсэх систем нэвтрүүлэх зэрэг заалтуудыг агуулсан цагаачлалын хяналтын тухай хуулийн төслийг дэмжжээ.

Ингэснээр энэ санхүүгийн жилийн сүүлээр визийн сунгалтын төлбөр 100,000 иен ($627), байнгын оршин суух зөвшөөрлийн төлбөр 300,000 иен болж, одоогийн 10,000 иений дээд хэмжээнээс огцом өсөхөөр болж байна.

Одоо визийн хугацаа сунгахад 6,000 иен, байнга оршин суух зөвшөөрөл авахад 10,000 иений төлбөртэй байдаг.

Шинэ төлбөрийг олон нийтээс санал авсны дараа засгийн газрын тогтоолоор хэрэгжүүлж эхлэх юм.

Хуулийн төслийг санаачилсан Японы засгийн газар төлбөрийн өсөлтийг холбогдох зардал өсөж байгаатай холбон тайлбарлажээ.

Харин хүмүүнлэгийн үндэслэлээр зарим хүмүүсийн төлбөрийг хөнгөлөх боломжийг тусгасан ч ямар шалгуур тавих нь тодорхойгүй байна.

Шинэ хуульд бас 2028 оны санхүүгийн жилд ашиглалтад оруулах Японы Аяллын Зөвшөөрлийн Цахим Системийг бий болгох төлөвлөгөө багтжээ.

Энэ систем нь терроризм, хууль бус ажил эрхлэлтээс сэргийлэх зорилготой бөгөөд иргэд нь Японд богино хугацаагаар визгүй зорчих эрхтэй 74 улсыг үүнд хамруулах юм байна.

Аялагчид Японд ирэхээсээ хэдэн өдрийн өмнө урьдчилан хувийн мэдээллээ бөглөж, шалгуулсны дараа хил нэвтрэх зөвшөөрөл авдаг болох гэнэ.

Хэрвээ тухайн аялагч гэмт хэрэг үйлдэж байсан болон бусад сэжигтэй түүх илэрвэл Япон хүрэх онгоцонд суулгахгүй юм байна.

2025 оны сүүлээр Япон улсад гадаадын 4.13 сая иргэн амьдарч байсан нь түүхэн дээд үзүүлэлт болжээ.

 

Эх сурвалж: Kyodo News