Дэлхий даяар Хятад улсыг АНУ-аас илүүд үздэг хүмүүсийн тоо нэмэгдсэн нь сүүлийн судалгаанаас харагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
46 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Pew Research Center төвийн явуулсан сүүлийн судалгаагаар дэлхий даяар Хятад улсыг АНУ-аас илүү эергээр хардаг хүмүүсийн тоо урьд өмнө байгаагүйгээр нэмэгдсэн нь харагджээ.

Дээрх байгууллага нь АНУ-д төвтэй, улс төрийн хараат бус судалгааны хүрээлэн юм.

Судалгаанд оролцогчид ерөнхийдөө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин нарыг өндөр үнэлээгүй ч Ши нь Трампаас илүү өндөр оноо авсан байна.

АНУ нь хувийн эрх чөлөөг дээдэлдгээрээ илүү өндөр үнэлэгдсэн ч бусад улсын хэрэгт хөндлөнгөөс оролцдоггүй гэсэн үнэлгээгээр Хятад улс тэргүүлжээ.

Pew Research хүрээлэн энэ оны хоёрдугаар сараас тавдугаар сарын хооронд дэлхийн 36 улсын 42,000 гаруй хүнээс уг судалгааг авсан юм байна.

Судалгаанд оролцогчид дэлхийн их гүрнүүдийн талаар ямар бодолтой явдгаа маш эерэг, бага зэрэг эерэг, бага зэрэг сөрөг, маш сөрөг гэсэн үнэлгээнүүдээр илэрхийлжээ.

Ингэхэд 36 улсын 25-д нь Хятад улс АНУ-аас илүү эерэг үнэлгээ авсан байна.

зураг
 

Тус хүрээлэн 2002 оноос хойш дэлхийн их гүрнүүдийн талаар олон нийтийн хандлагыг судалж байгаа бөгөөд түүхэндээ анх удаа ийм үр дүнд хүрсэн гэнэ.

Өмнө нь 2008 онд Жорж Бушийн засаг захиргааны сүүлээр, 2017 онд Трампын анхны бүрэн эрхийн хугацаа эхлэхэд АНУ-ын талаар эерэг хандлага буурч байсан ч хэзээ ч Хятадын үнэлгээнээс доогуур түвшинд хүрч байгаагүй юм байна.

Судалгаанд хамрагдсан орнуудаас Испани, Индонез, Итали, Грек, Канад улсуудад Хятадын талаар эерэг үзэл хамгийн их өсжээ.

Харин АНУ-ыг илүүд үзсэн хэвээр байгаа зургаан улс нь Польш, Филиппин, Өмнөд Солонгос, Энэтхэг, Япон, Израил болсон байна.

Сүүлийн жилүүдэд судалгаанд хамрагдсан 20 улсад АНУ-ын талаар эерэг үзэл тогтвортой буурч, Хятадын талаар эерэг үзэл тогтмол өсөж байгаа нь харагджээ.

Эдгээрээс Итали, Испани, Колумб, Мексик, Индонез, Малайз, Нигери, Турк улсуудад Хятадын талаарх эерэг үзэл түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байна.

Ерөнхийдөө дунд орлоготой улсуудад Хятадын үнэлэмж өндөр, өндөр орлоготой орнуудад бага байгаа нь судалгаанаас бас харагджээ.

Гэхдээ энэ хандлагаас зөрсөн ганц улс нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хамгийн өндөр улс болох Сингапур байсан байна.

Хятадын талаар хамгийн эерэг болон хамгийн сөрөг үнэлгээ Ази, Номхон далайн бүсийн орнуудаас гарчээ. Тухайлбал Хятадын эерэг үнэлгээ Пакистанд 90 орчим хувьтай байхад Японд ердөө 11 хувьд хүрсэн байна.

Судалгаанд оролцогчдоор бас Трамп, Ши Жиньпин нарын дэлхий дахинд явуулж буй бодлогыг үнэлүүлжээ.

Тэдний аль аль нь харьцангуй бага буюу 50 хувь хүрэхгүй үнэлгээ авсан байна. Гэхдээ судалгаанд оролцогчдын олонх Трампаас илүү Ши Жиньпиний бодлогод итгэж байгаа нь харагджээ.

Ши Жиньпиний хамгийн өндөр үнэлгээ Пакистанд 83 хувь байхад хамгийн бага үнэлгээ Японд 7 хувь байсан байна.

Трампын хамгийн өндөр үнэлгээ Филиппинд 68 хувь байгаа бол хамгийн бага үнэлгээ Палестинд 4 хувь байжээ.

Бусад улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдог үзүүлэлтээр АНУ 75 хувийн үнэлгээ авсан бол Хятад 45 хувийн үнэлгээ авсан байна.

Энэ нь Хятад улс дэлхий дахинд АНУ-аас илүү үнэлэгддэг болсныг харуулсан анхны судалгааны үр дүн биш юм. Өөр нэг судалгааны байгууллага Gallup өнгөрсөн онд дэлхий дахинд Хятадын нэр хүнд АНУ-ынхаас илүү өндөр болсон бөгөөд үнэлгээний зөрүү нь сүүлийн 20 жилийн хугацаанд хамгийн их нэмэгдсэнийг харуулж байв.

 

Эх сурвалж: BBC