ОХУ-ын Алс Дорнодод байгалийн хийн үйлдвэрт гал гарсны улмаас Хятадын нэг иргэн амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ
ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт оршдог Амарын Хий, Химийн Цогцолборт (Амурский Газахимический Комплекс) гал гарсны улмаас Хятадын нэг гэрээт ажилчин амиа алдаж, 100 гаруй хүн шархадсаныг тус компани Мягмар гарагт мэдээлжээ.
Амар мужийн Свободный хотын ойролцоо оршдог уг үйлдвэр нь Оросын нефть химийн аварга компани Сибур, Хятадын төрийн өмчит компани Sinopec-ын хамтарсан $10 тэрбумын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт юм.
Дэлхийн хамгийн том полимер үйлдвэрлэгчдийн нэг болох зорилготой уг цогцолбор 2027 оны эхээр ашиглалтад орох төлөвлөгөөтэй бөгөөд одоо эцсийн шатны туршилт явагдаж байгаа.
Гал түймрийн улмаас дунд болон хүнд гэмтэлтэй 19 ажилчныг эмнэлэгт хүргэсэн, өөр 104 ажилчин хөнгөн бэртсэнийг компанийн захиргаа мэдээлжээ.
“Эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн ч гэрээгээр ажиллаж байсан Хятад улсын нэг иргэнийг аварч чадсангүй” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.
Галыг унтраах ажиллагаа үргэлжилж, онцгой байдлын албан хаагчид үлдэгдэл хийг “хяналттай шатаах” арга хэмжээ авч буйг мөн дурджээ.
Ойролцоох Свободный хотын агаарт хортой бодис илрээгүйг хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага баталсан бол галын шалтгааныг тогтоох ажлын хэсэг байгуулагдсаныг Амарын Хий, Химийн Цогцолборын захиргаа мэдээлсэн байна.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
