2026 оны Нобелийн энх тайвны шагналыг Өмнөд Африкийн шүүгч Наванетхем Пиллэй хүртэхээр болжээ
НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан байгууллагын тэргүүн асан Наванетхем "Нави" Пиллaй энэ жилийн Нобелийн энх тайвны шагналыг хүртэхээр болсныг Баасан гарагт зарлажээ.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад төрсөн хуульч тэрбээр энх тайван болон олон улсын эрх зүйг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийнхээ төлөө ийнхүү үнэлэгдсэн байна. Энэхүү шийдвэрийг Норвегийн Нобелийн хороо Баасан гарагт Осло хотод зарлажээ.
Хүмүүс түүнд үргэлжлүүлэн алга ташиж, баяр хүргэсээр байвал АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай "шагналаа хуваалцаж магадгүй" хэмээн Пиллэй хошигносон байна.
"Хэрэв та бүхэн арай илүү удаан алга ташвал би энэ шагналыг Трамптай хуваалцаж магадгүй юм" гэж тэр хэлжээ.
Түүний ингэж хэлснийг харуулсан бичлэгийг "Amnesty International" байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга олон нийтийн сүлжээнд нийтэлсэн юм. Уг бичлэгийг шагнал гардуулах шийдвэр гарсны дараа Нюрнберг хотод хүмүүс Пиллэйд алга ташин баяр хүргэж байх үеэр үйлдсэн байна.
Тэрбээр энэ мэдээг сонсоод хамгийн түрүүнд үүнийг “тоглоом шоглоом” гэж бодсоноо ярьжээ.
"Хуульч, шүүгч хүнийхээ хувьд би энэ мэдээллийг баталгаажуулахыг хүсэж байна" гэж 85 настай тэрбээр хэлээд мэдээллийн үнэн зөвийг нягтлахыг хүссэн байна.
Пиллэй нь Олон Улсын Эрүүгийн Шүүхэд Өмнөд Африк, Руандагийн асуудал эрхэлсэн шүүгчээр ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр бас 2008-2014 оны хооронд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссараар ажиллаж байв.
Пиллэй нь мөн Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрийн асуудал хариуцсан НҮБ-ын мөрдөн шалгах комиссыг тэргүүлж байсан бөгөөд тус комисс өнгөрсөн жил Израил улс Газад геноцид үйлдсэн гэх дүгнэлт гаргасан юм. Израил улс уг тайланг "үндэслэлгүй" хэмээн няцааж байв.
"Миний хийсэн хамгийн сүүлийн ажил бол Газын нөхцөл байдлын талаар тайланг танилцуулж, тэнд болж буй үйл явдлыг геноцид гэж нэрлэсэн явдал байлаа" гэж тэр хэлжээ.
"Тус тайлантай холбоотой гол хариу үйлдлүүдийн нэг нь миний зоригийг үнэлж сайшаасан явдал байлаа. Үнэнийг хэлэхэд яагаад зориг зүрх хэрэгтэй байдгийг би сайн ойлгоогүй, ихэд гайхсан" гэж тэр нэмж хэлсэн байна.
Олон улсын эрх зүйн тогтолцоо болон хууль дээдлэх ёс ноцтой сорилттой тулгарч буй энэ үед Нобелийн Энх тайвны шагналыг Пиллэйд олгосон нь онцгой ач холбогдолтойг Олон Улсын Эрүүгийн Шүүх (ОУЭШ)-ийн ерөнхийлөгч Баасан гарагт мэдэгджээ.
Газын зурваст явуулж буй ажиллагаатай нь холбогдуулан Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг баривчлах тушаал гаргасан нь АНУ-ын засаг захиргааг хилэгнүүлж, Трамп тус шүүхийг "тоосго бүрээр нь нураана" хэмээн сүрдүүлээд буй.
Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен "хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн харанхуй үеүдийн нэг"-тэй нүүр тулсан Пиллэйд баяр хүргэжээ.
"Тэрбээр шударга бус ёсны харгис хэрцгий байдалтай нүүр тулсан ч хэзээ ч харцаа буруулж байгаагүй. Тэр бол хавчлагад өртсөн, эмзэг бүлгийн, дуу хоолойгоо хүргэж чадахгүй байгаа болон нийгмээс тусгаарлагдсан хүмүүсийн хамгаалагч юм" гэж фон дер Ляйен сошиал хуудсандаа бичсэн байна.
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волкер Тюрк энэхүү шагналыг "хүний эрх, хууль дээдлэх ёс, шударга ёс болон хариуцлага тооцох зарчим нь энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт гээд бүх зүйлийн үндэс суурь болохыг дахин нотолж, хүлээн зөвшөөрсөн хэрэг" хэмээн сайшаажээ.
2025 онд уг шагналыг Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадод олгосон юм. Тэрбээр уг шагналыг Трампад зориулж, улмаар өөрийн медалиа түүнд бэлэглэсэн. Гэвч Нобелийн шагналын дүрмийн дагуу шагналыг өөр хүнд шилжүүлэн өгөх боломжгүй байдаг. Ираны эсрэг дайн өдөөгөөд буй Трамп уг шагналыг эртнээс хүсэмжилж ирсэн бөгөөд үүнийг хүртэх эрхтэй гэдгээ удаа дараа мэдэгдэж байв.
Энэ жил Нобелийн шагналын мөнгөн дүн 12 сая Шведийн крон (ойролцоогоор $1.2 сая) хүрээд байгаа.
Анагаах ухаан, физик, хими, утга зохиолын салбарын шагналтнууд энэ долоо хоногийн турш тодорсон бол одоо эдийн засгийн салбарын шагналын эзнийг Даваа гарагт зарлах үлдээд байна.
Энх тайвны шагнал нь Альфред Нобелийн гэрээслэлд дурдсан тав дахь буюу сүүлийн шагнал юм.
Бусад дөрвөн шагналыг Шведийн хороод хариуцдаг байхад энх тайвны шагналыг яагаад зөвхөн Норвегийн хороо олгох ёстой болсон талаар тэр ямар ч тайлбар үлдээгээгүй байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
