Энэ оны эхний есөн сард электрон тамхины импорт өмнөх жилийн мөн үеэс 52%, халаадаг тамхиных 177 дахин нэмэгдэв
Тамхи болон тамхины бүтээгдэхүүний эхний есөн сарын импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бүх төрөлдөө нэмэгдсэн байна.
Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-ын статистик мэдээллээр 2026 оны эхний есөн сарын байдлаар 2.9 тэрбум ширхэг янжуур, 5.49 сая ширхэг электрон тамхи, 9.8 сая ширхэг халаадаг тамхи импортлогджээ. Үнийн дүнгээр авч үзвэл нийт 81.9 сая ам.доллар буюу 295 орчим тэрбум төгрөгийг тамхи, тамхин бүтээгдэхүүн импортлоход зарцуулав.
|
Үзүүлэлт |
2024 оны эхний 9 сар |
2025 оны эхний 9 сар |
2026 оны эхний 9 сар |
|---|---|---|---|
|
Нийт импортын үнийн дүн |
68.8 сая ам.доллар |
65.5 сая ам.доллар |
81.9 сая ам.доллар |
|
Янжуур тамхи |
2.6 тэрбум ширхэг |
2.8 тэрбум ширхэг |
2.9 тэрбум ширхэг |
|
Электрон тамхи |
6.6 сая ширхэг |
3.6 сая ширхэг |
5.5сая ширхэг |
|
Халаадаг тамхи |
5.2 мянган ширхэг |
55.2 мянган ширхэг |
9.8 сая ширхэг |
Энэ нь өмнөх оны мөн үеэс 16.44 сая ам.доллар, 2024 оны мөн үеэс 19 хувиар нэмэгдсэн дүн юм.
Янжуур тамхины импорт л гэхэд 2026 оны эхний есөн сард 2.9 тэрбум ширхэгт хүрчээ. Өмнөх оны мөн үеэс 69 сая ширхэг буюу 2.4 хувиар, хоёр жилийн өмнөхөөс 334 сая ширхэг буюу 13 хувиар нэмэгдлээ. Харин үнийн дүнгээр харвал янжуурын импортод өмнөх оны мөн үеэр 16.6 хувь илүү мөнгө буюу 64.4 сая ам.доллар зарцуулжээ.
ГЕГ-ын статистикаар хамгийн өндөр өсөлттэй тамхин бүтээгдэхүүн нь халаадаг тамхи байжээ. 2025 оны эхний есөн сард 55,200 ширхэг халаадаг тамхи импортолсон бол энэ оны эхний есөн сард 9.8 сая ширхэг болж 177 дахин нэмэгдсэн нь анхаарал татах дүн юм.
УИХ-ын гишүүн 76 гишүүний өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнгөрсөн долдугаар сарын 2-нд парламентаар хэлэлцсэн ч батлалгүй үлдээсэн. УИХ-ын Намрын чуулганаар тус хуулийг батлах хүлээлттэй байгаа. Хэрэв хуулийг баталбал одоогоор ямар нэгэн зохицуулалтгүй байгаа электрон болон халаадаг зэрэг шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнүүд татвар төлдөг болж, насанд хүрээгүй иргэд худалдан авах боломжгүй болох зэрэг хуулийн зохицуулалттай болох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
