Амралтын өдрүүдэд бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2026 оны 10 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 10, 11-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга болохыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. 

Аравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховд, Завханы хойд, Хөвсгөлийн баруун сумдын нутгаар, 10-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн зарим, Увс Завхан, Булганы хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм, 10-11-нд шилжих шөнө Завханы зүүн, Говь-Алтайн хойд, Хөвсгөл, Архангайн ихэнх, Булганы зарим сумдын нутгаар, 11-нд Хөвсгөлийн зүүн, Өвөрхангайн хойд, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн зарим сумдын нутгаар, бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор +3...+8 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор +9...+14 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +19...+24 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.