Оросын дизель түлшний асуудлаар Зеленскийтэй маргалдсан Трамп шинэ ерөнхийлөгчтэй болохыг Украинд уриалав
Конгрессын завсрын сонгуулиас өмнө эрчим хүчний үнийн өсөлтийг бууруулах зорилгоор Оросоос дизель түлш худалдаж авах шийдвэрийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гаргаад байгаа билээ.
Тэрбээр ингэхийн тулд Оросын газрын тосны бүтээгдэхүүнд тавиад байсан худалдааны хоригоо түр хугацаанд цуцлах шийдвэр гаргасан.
Энэ шийдвэрийг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “мөргөлдөөнийг улам сунжруулж, Москвагийн дайны санхүүжилтийг дэмжсэн алхам” гэж шүүмжилсэн юм.
Европын холбоотнууд бас Трампын шийдвэрээс үл хамааран Оросын дизель түлшийг худалдаж авах бодолгүй байгаагаа мэдэгдэж байна.
Тэгвэл Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дайныг зогсоох олон боломжийг ашиглаагүй гэж Украины ерөнхийлөгч Зеленскийг буруутгаж, түүнийг солихыг уриалжээ.
"Украин улс шинэ ерөнхийлөгчтэй болох цаг нь болсон гэж би бодож байна. Зеленский энэ дайныг олон удаа, үнэхээр олон удаа шийдвэрлэх боломжтой байсан ч тэгэхийг хүсээгүй” гэж тэр Цагаан ордны гадаа сэтгүүлчдэд хэсэн байна.
Украины ард түмэн дайныг зогсоох яриа хэлэлцээ хийх чадвартай шинэ удирдагчийг сонгох хэрэгтэйг Трамп мэдэгджээ.
"Тэд хэлэлцээ хийж чадах шинэ удирдагчтай болоосой гэж би бодож байна. Учир нь тэр хэлэлцээ хийх олон боломж байсан ч ямар нэгэн шалтгаанаар огт ашиглаагүй" гэж Трамп хэлсэн юм.
Орос улс 2022 оны хоёрдугаар сард буюу дөрвөн жил, хагас гаруйн өмнө Украины эсрэг эзлэн түрэмгийлэх дайныг эхлүүлсэн.
Өнгөрсөн хугацаанд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болзолгүйгээр гал зогсоох саналуудыг удаа дараа няцааж ирсэн бол АНУ-ын тэргүүлсэн дипломат санаачилгууд ч мөн ямар нэгэн ахиц дэвшил авчраагүй юм.
Өмнө нь Трамп дэлхийн болон АНУ-ын зах зээлд дизель түлшний үнэ өсөхөд Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд Украины талаас явуулж буй агаарын цохилтууд нөлөөлсөн гэж буруутгаж байлаа.
Харин тэр долоон сар гаруйн өмнө өөрийн дэгдээсэн Ираны эсрэг дайныг үүнд ямар ч хамаагүй гэж зүтгэж байгаа.
“Тэр (Зеленский) манай тариаланчид болон фермерүүдэд дизель түлшний асуудал үүсгэхийг хүсэж байна. Учир нь Орос улс дэлхий даяарх дизель түлшний ихээхэн хэсгийг нийлүүлдэг" гэж Трамп өчигдөр хэлжээ.
АНУ-ын ерөнхийлөгч дэлхийн түлшний нийлүүлэлтэд үзүүлэх нөлөөллийн улмаас Оросын боловсруулах үйлдвэрүүдийг онилохгүй байхыг Зеленскийд анхааруулж байснаа өчигдөр дахин давтсан байна.
"Хүссэнээ хий. Гэхдээ боловсруулах үйлдвэрүүдийг бүү онил. Өөр олон бай байгаа шүү дээ. Боловсруулах үйлдвэрүүдийг бүү онил" гэж Трамп хэлжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

