М.Гэрсэнз: Дүүжин тээврийн 19 тулгуур баганын гуравт нь салхины хурд, зүгийг заагч мэдрэгч суурилуулсан
Дүүжин замын тээврийн туршилт хийгдэж буй. Тус тээвэр салхи, шуургатай үед хэрхэн аюулгүй ажиллах тухай инженер ийнхүү тайлбарлав.
"Нэгдсэн төслийн удирдлагын газар" Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын инженер М.Гэрсэнз "Дүүжин замын тээврийн үндсэн систем нь 21 м/сек хүртэлх хурдтай салхийг тэсвэрлэх хүчин чадалтай. Нийт 19 тулгуур баганын гуравт нь салхины хурд болон зүгийг заагч мэдрэгчүүдийг суурилуулсан юм. Ингэснээр салхины хурд 16 м/сек хүрэхэд диспетчерийн өрөөнд мэдэгдэл ирэхэд үндсэн системийн хурдыг 6 м/сек-ээс 1.5–2 м/сек болгон удаашруулж, зорчигчдыг хоёр буудалд аюулгүй буулгах арга хэмжээ авна. Салхины хурд, зүг чигийг заагч мэдрэгчээс ирж буй мэдээллийг диспетчер дэлгэц дээр хянаж байх юм.
Улаанбаатар хотын жилийн салхины дундаж хурд 1.5-3м/сек байдаг. Сүүлийн 10 жилийн хугацаанд салхины хамгийн өндөр хурд 20м/сек хүрч байсан юм билээ. Дүүжин замын тээврийн үндсэн систем нь 21 м/сек хүртэлх хурдтай салхийг бүрэн тэсвэрлэх чадалтай тул аюулгүй гэсэн дүн шинжилгээг гарсан байгаа" гэлээ.
Яармагаас Хархорин худалдааны төв хүртэл 11 минутад зорчих дүүжин тээврийн төлбөрийг 1,500-2,000 төгрөгөөр тооцоолж байгаа бөгөөд энэ оны арванхоёрдугаар сарын 15-наас үйлчилгээнд явуулна хэмээн нийслэлийн удирдлагууд мэдээлээд байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
